Б.Баясгалан
10 сарын 10, 2022
Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн их эмч сэтгэл зүйч Ж.Гантулгатай сэтгэл зүйн тулгамдсан асуудал гэж юу болох, хэрхэн сэргийлэх талаар ярилцлаа.
Сэтгэл зүйн тулгамдсан асуудалд ид шид гэсэн ойлголт байдаггүй
Сэтгэцийн эмгэг, сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг гаднаа харагдахгүй л болохоос унаж халтираад хөл гараа гэмтээхтэй ижил дотроос идэж, шаналгаж байдаг зүйл. Удах тусмаа хүндэрдэг. Уг нь тулгамдсан асуудал үүсэхээс өмнө анхаарах ёстой.
Манайхан үүнийг тэр болгон ойлгодоггүй, тулгамдсан асуудалтай яваагаа төдийлөн тоодоггүй. Тэгсэн хэрнээ унаж яваа машиндаа бие сэтгэл зүйн эрүүл мэндээс илүү анхаардаг. Дор хаяж улиралдаа нэг удаа заавал үзлэг оношлогоонд оруулдаг, жилдээ нэг даатгалд хамруулахаа хэзээ ч мартдаггүй шүү дээ.
Үнэндээ сэтгэл зүйн боловсролын талаар мэдлэг хандлага маш тааруу байна.
Шархадны эмнэлэг буюу СЭМҮТ-ийг гэхэд галзуу хүмүүс л ханддаг, гар хөлийг нь уяж тушсан буюу кинонд гардаг шиг л төсөөлдөг хүмүүс ч ирж байна. Эсрэгээрээ бидэнд хандаад эмчлүүлээд гарсан хүмүүс “Эртхэн үзүүлж, энд хэвтэж эмчлүүлэх ёстой байжээ” гэдэг юм.
Бичлэг үзэх:
Хүн ер нь өөрөө ойлгоогүй, гарц гаргалгаа нь харахгүй байгаа үедээ гэнэтийн ид шидийг хайж эхэлдэг. Хүмүүсийн хэлж ярьсан зүйлд амархан итгэж, ятгалганд нь орох гэх мэтээр сэтгэл зүйчид биш эхлээд лам, бөөд ханддаг. Зарим нь бөөгийн уг, сахиусаа ч авчихсан ирдэг юм. Тухайн хүний шашины итгэл үнэмшлийг үгүйсгэх гээгүй ч үнэндээ сэтгэл зүйн тулгамдсан асуудалд ид шид гэсэн ойлголт байдаггүй.
Эсвэл “Манай нөхөр эсвэл эхнэр ингээд…” гээд найз нөхдөдөө ярихаар “Сал”, “Битгий бууж өг” гэх мэтээр ихэвчлэн буруу зөвлөгөө авч, даамжруулдаг. Эсвэл архи, согтууруулах ундаа хэрэглэх аргыг сонгох нь түгээмэл. Гэтэл архи дарсаар асуудлаа түр мартагнах нь яваандаа бүр том асуудлыг суурийг тавьдаг.
Иймээс л мэргэжлийн хүмүүст хандаж зөвлөгөө авахыг л зөвлөж байна. Мэргэжлийн сэтгэл зүйч таны нууцыг хадгалж, асуудлын үр дүнтэй шийдлийг санал болгодог юм.
“Ядаргаанд орчихлоо, яах вэ эмчээ…”
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд стрессийн шалтгаант сэтгэцийн эрүүл мэндийн тасаг гэж бий. Манайхны нэрлэдэгээр архаг ядаргааны тасаг, бие болоод сэтгэл зүйн ядаргаанд орсон хүмүүс голдуу хэвтдэг. Энэ тасагт ихэвчлэн ажлын хэт ачаалал, дарамтанд орсон хүмүүс хэдэн зуугаараа дугаарлан хэвтэж эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлэгчдийн дийлэнх нь ядаргаанд орчихлоо гэж ярьдаг. Үүнд нөлөөлж байгаа томоохон суурь шалтгаан нь нойргүйдэл юм. Хүн зөв цагтаа зөв амарч чадсанаар сэтгэл зүйн хувьд эрүүл төдийгүй гаднаа эрч хүчтэй, гоё сайхан харагддаг. Манайхны хувьд ажил амралтыг үл хайхран ажиллаж, нойроо хасан зүтгэснээс болоод архаг ядаргаанд орж байна.
Хэд хоног хоолоо сойчихсон хэрнээ “Би яагаад өлсөөд байгаа юм бол” гэж хүн асуухгүй биз дээ. Яг үүн шиг хүмүүс “Би ядраад байх юм” гээд гайхаад байдаг. Хэр унтаж байна вэ гэхээр сүүлийн хэдэн сар ачаалал ихтэй, нойр тааруухан авсан гэдэг юм. Унтаж амраагүй эрхтэн тогтолцоо хямарч л таарна. Иймээс л ямар ч тохиолдолд унтаж амарч, шөнийн нойроо сайтарч авч сурах нь бие сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга юм.
Танаас асууя. Та ажлын ачааллаа тайлж, унтаж амарч чадаж байна уу. Нойргүйдэлд ороогүй биз?
Бардам зан, эгогоо орхиж асуудалд уян хатан ханд
Бид хэтэрхий завгүй нийгэмд ажиллаж, аж төрж байна. Энэ нийгэмд хамгийн чухал зүйл нь харилцаа юм.
Бидэнд нэг нэгэндээ хүлээцтэй хандах, харилцан ярилцаж асуудалд шийдэл олдог чанар маш их дутагдаж байна уу даа гэж анзаарагддаг. Замын хөдөлгөөнд оролцож явахад харагддаг шүү дээ. Иймээс үйлчлүүлэгч нартаа аливаад уян хатан хандахыг зөвлөдөг. Жолоо барьж явахдаа гэхэд зарим үед таны зөв байсан ч ухраад зам тавиад өгчихөж болно. Нөгөө хүн чинь ч бас таны энэ хандлагыг өөртөө тусгаж аваад дараагийн хүндээ зам тавьж өгдөг л байхгүй юу.
Амьдрал бол хамгийн сайн их сургууль юм байна. Дэлхийн номер нэг сургууль шүү.
Бид энэ их сургуульд төрснөөсөө үхэн үхтлээ суралцдаг. Үүний цаана өөрөө өөрийгөө өөрчлөх тухай асуудал яригдана.
Танд нэг хүнтэй биш нэлээн хэдэн хүнтэй учраа олохгүй үе таарч байсан уу. Энэ тохиолдолд асуудал танд эсвэл таны эргэн тойрны хүмүүст байна уу, нөхцөл байдалд байна уу гэдгийг бодож эргэцүүл үзэх ёстой. Зарим хүмүүс өөрийнх нь буруу гэдгийг мэдэвч бардам зандаа, эгодоо дийлдээд уучлалт гуйж чаддаггүй. Ийм үед бусдаас уучлалт гуйхдаа бүү санаа зов. Түрүүлж зурвас бич, ярилцахыг хичээгээрэй.
Асуудлаа шийдэх нь бодож тунгаахаас эхэлдэг.
Танд хэцүү байгаа шиг тэр хүнд ч бас амаргүй байгаа шүү дээ. Өөрийгөө өөрчлөх дадал зуршил бий болгохыг хичээгээрэй.
Стрессээ тайлах энгийн аргууд
Стрессээ тайлах олон арга бий. Эдгээр аргаас туршаад үзээрэй.
Хамгийн энгийн арга бол хувийн дэвтэр нээх. Гэхдээ энэ дэвтрийг өдрийн тэмдэглэл болон хийх ажлын жагсаалттайгаа хольж болохгүй. Хувийн дэвтэр дээрээ яаж ажлаа ядрахгүйгээр хүртээмжтэй сайн хийх вэ гэсэн асуулт тавиад бодож эргэцүүлээд бичнэ. Ингээд нэг асуултаас хариулт олоод түүнийхээ араас асууж өөртөө хариулаарай. Нэг ёсны өөрөө өөртэйгээ ажиллаж байгаа хэрэг.
Алхах. Алхана гэдэг оюун бодлоо цэгцлэх энгийн арга юм.
Шинэ зүйлд суралц, дуртай сэдвээрээ подкаст сонссон ч болно. Хүний тархи шинэ зүйлд суралцах үедээ хамгийн сэргэг байдаг.
Та юу үзэж харж, уншиж байна вэ гэдгээ анзаараарай. Учир нь таны авч байгаа мэдээлэл таны амьдралын чанарыг өөрчилдөг.Өдөр шөнөжин сөрөг мэдээлэл авдаг бол угаасаа л сөрөг мэдрэмж төрнө.
Өгөөмөр бай. Бусдад тусламжийн гараа сунгадаг байгаарай. Бусдад тус болохгүй юм аа гэхэд төвөг болохгүй байх нь чухал. Хэрвээ танд боломж байвал бусдад чин сэтгэлээсээ туслаарай.
Асуудалд наанатай цаанатай хандаж сур. Хүн дандаа ялагч нь, бүхний дээгүүр явах боломжгүй юм. Энэ бүхнийг дараах өөрчлөлт танд эерэгээр өөрчлөлтийг мэдрэх болно.
Сайн сайхан руу тэмүүл. Таны ирээдүйн амьдралын өөрчлөлт таны бодлын үзүүрт л нуугдаж байдаг юм шүү.
Танд сэтгэл зүйн ямар нэгэн асуудал байвал 1800 2000 утас руу холбогдоорой
Хүн болгоны асуудал, амьдралын зам өөр. Асуудал гарахад хүн тэр болгон өөрөө гарц гаргалгааг олж чаддаггүй. Тэр дундаа сэтгэл зүйн тулгамдсан асуудлын үед хүний бодох, шийдвэр гаргах, анхаарал төвлөрөх чадвар сулардаг учраас яахаа мэдэхгүй барьц алддаг.
Хэрвээ танд ямар нэгэн сэтгэл зүйн асуудал байгаа л бол манай СЭМҮТ-ийн 1800 2000 утас руу холбогдоорой. Энэ бол хаана ч байгаа хүнд маш бага зардлаар асуудлынхаа чиг баримжааг авах боломж юм.
Бичлэг үзэх:
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [80.233.58.121] ・ 2022.11.09 Хариулах
Ene hunii face hayag yu ve?
Зочин [203.91.115.50] ・ 2022.04.30 Хариулах
Сайн байна уу сайхан зөвөлгөө бна гэхдээ нэг зүүл асууя манайд нэг хүү бии шизоотой ийм өвчитэй хүнтэй хамт байх ямар хэцүү билээ тэгээд танай эмнэлэгт хэвтээд 1 сар болоод гардаг тэгээд дахиаад л нэг хэрэг тариаад хэвтдэг гэтэл эмнэлэг нэг л сар эмчилэнэ гээд гаргадаг энэ тал дээр зөвөлгөө өгөөч
Зочин [66.181.165.189] ・ 2022.04.27 Хариулах
Өвгөдийн уламжлал, ёс суртахуунаа дагахаа больсоны л асуудал!!!! Сэтгэцийн өвчин зовлон гэж юу байдаг юм
Санал болгох
1 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
2 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
3 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
4 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
5 Б.Даваасүрэн: Ахлах ангидаа эх орондоо сураад Америкийн коллежуудад хүлээн зөвшөөрөгдсөн диплом авах боломжийг бид нээлээ