УИХ дахь ШИНЭ намын зөвлөл өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, Монгол Улсын өрийн асуудал, Гэр бүлийн орчин дахь хүчирхийлэл-хүүхэд хамгаалал зэрэг асуудлыг холбогдох албаны хүмүүсийг байлцуулан нээлттэй хэлэлцлээ. Хурлын дараа хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв. 

ШИНЭ намын Зөвлөлийн хуралд ХНХЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Хүчирхийллийн эсрэг үндэсний төв зэрэг байгууллагуудын төлөөллийг урин оролцуулж, хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр 2016 онд гарсан хуулиудын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо.

ШИНЭ намын Төв зөвлөлийн дарга Л.Болд:

Өнөөдрийн мэдээллээс харахад, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеийнхээс 34.4 хувиар өссөн байна. Жилдээ Монгол Улсад 20000 орчим гэр бүл батлуулж байхад гэр бүлээ цуцлуулж байгаа статистикийг харахад 4000-5000. Өөрөөр хэлбэл таван гэр бүлийн нэг нь цуцлагдах нөхцөл байдал бий болсныг монгол гэр бүлийг сүйрүүлэх бодлого явж байна гээд хэлэхэд ч буруудамгүй. 400, 500-гаар яригддаг байсан гэр бүл салалт сүүлийн жилүүдэд 10 дахин нэмэгдсэн байна. Монголын нийгмийн үндэс суурь өнөөдөр ганхаж байна.

Энэ асуудалд ШИНЭ нам онцгой анхаарал хандуулж, энэ зохисгүй чиг хандлагыг бүрмөсөн өөрчлөх, Монгол төрийн бодлогыг гэр бүл дээр суурилсан төрийн бодлого болгож өөрчлөх, хүүхэд хамгааллын асуудлыг онцгойлон авч үзэх,татвар урамшууллын зэрэг бүхий л бодлогоор залуу гэр бүлийг дэмжих талд олон хууль тогтоомж боловсруулж, анхаарч ажиллах болно.

Н.Арвинтариа /Хүчирхийлллийн эсрэг үндэсний төвийн тэргүүн/

"Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг өнгөрсөн оноос өссөн байна. Энэ нь нэг талдаа мэдээлэл сайжирсантай холбоотой байгаа, нөгөө талдаа бодит өсөлт ч бий. Гэмт хэрэг болохоос өмнө Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ аваад байгаа. Энэ хугацаанд давтан зөрчил үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа. Гэвч гэр бүлийн хэргийн давтамж буурахгүй байна. Энэ нь баривчлах шийтгэл эдэлж буй хүмүүст зан үйлийн сургалт үр дүнтэй явуулахгүй байгааг харуулж байгаа юм. Хөдөө орон нутагт баривчлах байран дээр нэг бол эмч авчраад бэлгийн замын халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ гэсэн сэдвээр яриа хийлгэчихдэг эсвэл нэг багш авчраад яриа хийлгэчихдэг. Энэ нь хуульз үйн сайдын баталсан агуулга хөтөлбөр явагдахгүй байгаа учраас үр дүнтэй байж чадахгүй байна гэж харж байна. Тэгэхээр зан үйлийн сургалтыг маш үр дүнтэйгээр, тодорхой төсөвтэйгээр, тодорхой сургагдсан багш нарыг бэлтгэж, мэргэшүүлээд явуулах юм бол үр дүнтэй байна" гэлээ.