Гэр бүлийн зөрчилдөөн эрчүүдийн эрүүл мэндийг хөнөөдөг

Э.Мөнхтуяа
08 сарын 24, 2019

Гэрлэсэн хосууд маргалдахад эрчүүдэд илүү хүнд тусдагийг сүүлийн үеийн судалгаа харуулжээ. Энэ нь эрчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг нь тогтоогдсон байна. 

Олон улсын гэр бүл судлалын нийгэмлэгийн 2018 онд болсон хурал дээр нэгэн судалгааг танилцуулсан ба уг судалгаанд 183 шинээр гэрлэгсэд хамрагдсан байна. 

Уг судалгаа нь 16 жилийн турш үргэлжилжээ. Судалгаанд хамрагдсан нөхрүүдийн дундаж нас 26, эхнэрүүдийнх 24 байсан аж. “Хосууд нь хүүхэд, мөнгө, хадмууд, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлэх зэрэг олон асуудлаас үүдэн санал зөрөлддөг” хэмээн судалгааг ОУГБСН-ийн хурал дээр танилцуулсан судлаач Роузи Шроут хэлсэн байна. Тэрээр “Биднийг гайхшруулсан зүйл бол зөрчилдөөн нь нөхрийн эрүүл мэндэд илүү нөлөөлдөг болохыг олж мэдсэн явдал юм" гэдгийг онцолжээ.

Уг судалгаагаар гэр бүлийн зөрчилдөөн нь стрессийн гормонуудыг өдөөдөг ба дархлааны систем болон зүрхэнд нөлөөлдөг болохыг олж тогтоожээ. “Нөхрүүдийн хувьд хамгийн ойрын сэтгэл зүйн дэмжлэг үзүүлдэг хүн бол эхнэр нь байдаг. Харин эмэгтэйчүүдийн хувьд нийгмийн болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх илүү өргөн хүрээлэлтэй байдаг” тухай гэр бүлийн зөвлөгч, сэтгэл судлаач Жейми Велш дурьджээ.

Тиймээс зөрчилдөөн гарахад эрчүүд ганцаардмал байдалд ордог бол эмэгтэйчүүд уур бухимдлаа тайлахын тулд найз нөхөд, гэр бүлдээ хандах нь ажиглагддаг. Энэ нь тэдэнд стрессийн сөрөг үр дагаврыг багасгахад тусалдаг байна. Судалгаанаас харахад гэр бүлийн харилцаа болон эрүүл мэндийн асуудлуудын талаар эрчүүд илүү нээлттэй байх хэрэгтэй нь нотлогджээ.

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.