УИХ-ын гишүүн Л.Болд өнөөдөр мэдээлэл хийсэн. Тэрээр "УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өчигдөр орой Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр намайг гүтгэж, байж боломгүй авир гаргасан. Би дүүгийнхээ байгуулсан "Богд" банкинд хувь эзэмшдэг нь үнэн. Гэхдээ хууль зөрчсөн зүйл байхгүй. Ж.Мөнхбат нарын гишүүд улс төрийн зорилгоор хүний хувийн бизнес рүү халдвал хууль зөрчсөн үйлдэл болно хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл үүний дараа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат УИХ-ын гишүүн Л.Болд болон "Богд" банктай холбоотой асуудлаар мөн тайлбар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Би зайлшгүй тайлбар мэдээлэл хийх шаардлага үүсээд байна. Учир нь өнөөдөр 11.00 цагаас Л.Болд гишүүн миний нэрийг дурдаж мэдээлэл хийсэн байна. Тэрээр намайг "Богд" банктай холбоотой асуудлаар худлаа мэдээлэл тараасан, гүтгэсэн гэлээ. Би үүнд няцаалт хийж байна.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Л.Болд гишүүний хувь эзэмшдэг "Богд" банк нь Хөгжлийн банкнаас 30.8 тэрбум төгрөгийг харилцах данс дээрээ байршуулж байна гэсэн мэдээллийг одоогоос нэг сар орчмын өмнө хийсэн. 

Үүнээс бас нэг сарын өмнө буюу Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барьж байх үед би Л.Болд гишүүнийг "Богд" банктай холбоотойгоор хувийн эрх ашгийн үүднээс энэ асуудалд хандаад байгаа юм биш үү гэсэн утга бүхий зүйлсийг чуулган дээр хэлж байсан. Тэр үед би ипотекийн зээл, гаднаас бонд босгохтой холбоотой асуудлыг ярьсан. 

Намайг энэ асуудлыг ярьснаас хойш Н.Амарзаяа гишүүн дээрх зүйлийг ярьсан. 

Жил гаруйн өмнө намайг ЗГХЭГ-ын дарга байхад Л.Болд гишүүн өөрийн хувийн банкиндаа 150 сая долларын бонд босгох асуудлыг Засгийн газраар дэмжээд өгөөч гэж хүсэлт тавьж, хэд хэдэн удаагийн уулзалт хийж байсан. Энийг нь би сануулж хэлсэн. Гэхдээ энэ хүсэлт нь биелэгдээгүй. Тиймээс мань хүн надад буруу зөрүү зүйл санаж явдаг байж магадгүй. 

Мөн би өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр гишүүдийн яриад буй "Богд" банкны дансанд 8 сая доллар буюу 30.8 тэрбум төгрөг байршиж буй нь үнэн, баримттай юм билээ гэдгийг нь хэлсэн. Харамсалтай нь үүнийг хэлсний төлөө Л.Болд гишүүн байнгын хорооны хурал дээр "цуст алурчин" гэдгийг чинь нотолно гэж оройжин ярьсан.

Н.Амарзая гишүүний ярьсан зүйл үнэн гэдгийг би баримтаар нотолж байна. 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн албан тоот гэрээ байна.

Энэ гэрээг товчхон танилцуулахад "Энэ гэрээг Монгол Улсын хөгжлийн банк, Богд банк нар харилцан тохиролцож байгуулав" гэж байна. Энэ гэрээний 2.1.4 дээр "Данс эзэмшигч буюу Хөгжлийн банкнаас Богд банкинд тохиролцсон хугацаанд байршуулж буй 8 сая ам.доллар" хэмээн бичсэн байна. Хугацаа нь 365 хоног гэж байна. Ийм гэрээ байна. Ингэснээр өнөөдрийн ханшаар 21 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас Богд банкны харилцах дээр байршуулж байгаа гэдэг нь нотлогдож байна.

Дээрх 2 банкны хооронд 2018 оны 12 дугаар сарын 17-нд дахин үнэт цаас барьцаалах гэрээ байгуулсан байна" хэмээн мэдэгдлээ.