"Улаанбаатар хотын хөгжлийн корпорац" ХК төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх "Смарт кар" төслийн сонгон шалгаруулалтад шалгарсан гүйцэтгэгч хувийн хэвшлийн компанитай гэрээнд гарын үсэг зурлаа. Тодруулбал, тээврийн хэрэгслийн тухай торгууль, хураамж зэрэг мэдээллийг цахимаар авах боломжтой "Смарт кар" системийг иргэдэд илүү ойлгомжтой, хүртээмжтэй байлгах үүднээс цаашид хөгжүүлэх ажлыг "Аствишн" ХХК гүйцэтгэхээр болжээ.

"Аствишн" ХХК 2013 оноос хойш 11-11 төв, ТҮЦ машин, agaar.mn, E-mongolia, gaali.mn зэрэг системүүдийг хөгжүүлж ажилласан байна. Уг системийг анх 2016 оноос төсвийн хөрөнгө оруулалтаар хөгжүүлж ирсэн байдаг аж. 

Цаашид төсвийн хөрөнгө оруулалтаар бус хувийн хэвшил 10 жилийн хугацаанд өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр төслийг санхүүжүүлж, тээврийн хэрэгслийн цахим үйлчилгээний "Смарт кар” нэгдсэн систем, аппликейшн хөгжүүлэлт, менежментийг хийж гүйцэтгэх бол нийслэл бодлогын дэмжлэгээр хангаж ажиллахаар болсон байна. 

"Смарт кар" төсөл Нийслэл мэдээлэл технологийн салбарт хувийн хэвшилтэй хамтарч байгаа анхны төсөл гэдгээрээ онцлогтой. Түүнчлэн цаашид жолооч нар автомашинтайгаа холбоотой бүхий л мэдээллийг нэгдсэн нэг системээр шуурхай авах боломж илүү сайжирна гэдгийг "Улаанбаатар хотын хөгжлийн корпорац" ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг онцлов. 

"Смарт кар" систем гар утасны аппликейшн болон вэб хуудас гэсэн хоёр төрөлтэй. Тус системээс авах боломжтой шинээр нэмэгдсэн зарим үйлчилгээнүүдээс дурдвал:  

-Хот хоорондын авто замын төлбөр төлөх

-Даатгалын мэдээлэл шалгах

-Нийслэлийн замын эвдрэл гэмтлийг иргэд мэдээлэх

-Засвартай болон түр хаасан замын мэдээлэл

-Авто зогсоолуудын мэдээлэл

-Замын хөдөлгөөний дүрмийн мэдээлэл

-Хүүхэд тээвэрлэх автобусны зөвшөөрөл авах

-Ажилчдын автобусны зөвшөөрөл авах

-Ачааны авто машин цагийн хязгаарлалттай зорчих түр зөвшөөрөл авах

-Ачааны автомашины ЕС ангиллын зөвшөөрөл авах зэрэг байна.