Жүдоч Кадербекийн Ёолк Азийн наадмаас алтан медал хүртлээ

Ч.Сумъяабазар
09 сарын 30, 2026

Японы Айчи-Нагоя хотноо үргэлжилж буй Азийн 20-р Наадмаас Монгол Улсын баг тамирчдын анхны алтан медалийг жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд Кадербекийн Ёолк эх орондоо авчирлаа. 2014 оноос хойш 12 жил тасраад байсан жүдо бөхийн алтан медалийн буухиаг үргэлжлүүлж Японы тэнгэрт алтан соёмбот төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүллээ.


Тэрээр хагас шигшээд Парисын Олимпын хүрэл медальт, Казахстаны бөх Гусман Кыргызбаевыг ялж финалд үлдсэн бөгөөд алтан медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Абдурахим Нутфуллоевыг ваза-ари үнэлгээгээр цэвэр ялан Азийн наадмын аварга боллоо.

Медалийн ТАВЦАН ба Азийн наадмын түүхэн амжилт

Одоогийн байдлаар Монгол Улсын баг тамирчид "Айчи-Нагоя 2026" Азийн наадмаас дугуйн ганцаарчилсан цуваа гараатай уралдаанд С.Жамбалжамц хүрэл медаль хүртсэн бол жүдо бөхийн эмэгтэй -48кг жинд Г.Наранцэцэг мөн хүрэл медаль хүртэж нийт 3 медальтайгаар наадмаа үргэлжлүүлж байна. Г.Наранцэцэг медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн жүдоч Асмита Дэйг вазари үнэлгээгээр ялсан юм. Монгол Улс энэ удаагийн наадамд спортын 31 төрөлд 303 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бөгөөд чөлөөт бөх, бокс болон багийн спортын барилдаанууд үргэлжилсээр байна.

Тамирчны тухай: Кадербекийн Ёолк гэж хэн бэ?

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд Азийн наадмын аварга болсон Кадербекийн Ёолк нь 2000 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 25 настай тэрээр өмнө нь -60 кг-ын жинд барилдаж байсан бөгөөд 2025 оны Будапештын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан билээ.

Жин өгсөн -66 кг-ын ангилалд оролцсон анхны том хэмжээний Азийн наадамдаа ийнхүү тивийн аварга болж, Монгол Улсын жүдогийн багийн буухиаг амжилттай үргэлжлүүлж байна.