Токиод болж буй жүдо бөхийн ДАШТ-нд Гавьяат тамирчин М.Уранцэцэг хагас шигшээд Дариа Белодидод даралтаар ялагдаж Францын М.Клементийг өчих мэхээр ялж дэлхийн аваргын хүрэл медаль хүртсэн билээ.

Жүдогийн дэлхийн шилдгүүдтэй халз тулж, ихэнхэд нь ялалт байгуулсан Дарья Белодид чухам энэ удаагийн ДАШТ-ний хамгийн олны анхаарал татсан тамирчин гэгдээд байна. 

Тэрбээр жүдочин эцэг эхийн нөлөөгөөр зургаан настайдаа анх барилдаж үзсэн ажээ. Эцэг эх нь түүнийг хүнд хэцүү спортын замналаар явуулахыг хүсээгүй ч тэрээр 2017 онд 16-хан насандаа насанд хүрэгчдийн Европын аварга болж өөрийгөө батлан харуулж, спорт сонирхогчдыг гайхашруулсан юм.

Түүний аав мөн л Европын хошой аварга бол ээж нь жүдо бөхийн спортын мастер, ОХУ-ын өсвөрийн болон армийн аварга юм.

Өдгөө ДАШТ-ий хошой алтан медальт тэрбээр Токио 2020” наадамд түрүүлэх зорилготой. 

Дариа Белодид жүдогийн дасгал сургуулилтын хажуугаар уран сайхны гимнастик, усанд сэлэлтээр хичээллэх дуртай бөгөөд инстаграмд идэвхтэй нэгэн. Загвар өмсөгч шиг хувцасыг амилуулдаг тэрбээр хэд хэдэн томоохон брэндийн дүр төрх болон ажилладаг ажээ.