ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг тэргүүтэй төлөөлөгчид Канад Улсад томилолтоор ажиллах үеэрээ Оттава хотноо 2019 оны 6 дугаар сарын 24-нд Канадын Цагаачлал, дүрвэгсэд, шилжилт хөдөлгөөний байгууллагаас зохион байгуулсан International Metropolis Conference 2019 олон улсын хуралд оролцов.

Энэхүү хурал нь иргэдийн шилжилт хөдөлгөөн, шилжин суурьшихтай холбоотой бодлого, стратегийн талаар Засгийн газар, иргэний нийгмийн байгууллага болон эрдэмтэн судлаачид нэг дор цуглан хэлэлцдэг хамгийн том арга хэмжээ бөгөөд энэ удаагийн хурал иргэдийн оролцоо, эдийн засгийн өсөлт, олон улсын хамтын ажиллагаа сэдвийн дор зохиогдсон болно.

ГХЯ-ны төлөөлөгчид мөн энэ үеэр Канадын Хууль зүйн яам болон Цагаачлал, шилжилт хөдөлгөөн, цагаачлалын албатай албан ёсны уулзалт хийж, монгол иргэд Канад улсад зорчих нөхцөл, ялангуяа Канадад суралцах хүсэлтэй монгол оюутан залууст виз олгох үйл ажиллагааг хөнгөвчлөх асуудлаар санал солилцсон бол Хууль зүйн яамтай хийсэн уулзалтаар жендерт суурилсан хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар канадын хууль тогтоомжийн талаар туршлага судалж, цаашид манай улсад нэвтрүүлэх боломжийн талаар хэлэлцлээ.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам Консулын газар