Монголын Ардчилсан Холбооны Залуучуудын зөвлөлөөс “Капитал” банкны актив, төлбөр гүйцэтгэх чадвар муу, холбогдох журмын заалтыг хангаагүйг мэдсэн атлаа төрийн сангуудын тэрбум тэрбумаар тооцогдох хөрөнгийг санаатайгаар байршуулсан үйлдэлд нэр холбогдсон холбогдох хүмүүсийг шалгах ёстой гээд АТГ-т шаардах бичиг хүргэлээ.

Монголын ардчилсан холбооны залуучуудын зөвлөлийн төлөөлөл Д.Баянмөнх:

"Капитал банкны актив, төлбөр гүйцэтгэх чадвар муу, холбогдох журмын дагуу заалтыг хангаагүйг мэдсэн атлаа төрийн сангуудын тэрбумаар тооцогдох хөрөнгийг санаатайгаар байршуулсан үйлдэлд нэр холбогдсон Ардчилсан намын удирдлага байр сууриа илэрхийлэхгүй байгаад харамсаж байна.

1990 оноос хойш Монголд 21 банк дампуурсан байдаг. Гэхдээ Капитал банк шиг иргэдэд илүү хохиролтой цөөхөн. Гүйлгээг харахад ойрхон хугацаатай 105 тэрбум төгрөг байршуулжээ. Тухайн үед дампуурах нь бараг тодорхой болсон үе шүү дээ. Яг ямар шалтгаан зорилгоор ийм их мөнгө хийсэн нь тодорхойгүй. Монголбанк хуулиар заагдсан хяналтаа тавиагүй, эрүүлжүүлэх арга хэмжээ яаралтай авч ажиллаагүй нь эндээс харагдана. Үүнээс болоод жирийн татвар төлөгч иргэд хохирч байна. Хохирогчдын дунд гадаад ажиллаж хөлсөө урсган хадгалсан, насаар хуримтуулсан иргэд ч зөндөө. Тийм ч учраас энэ бусармаг ажиллагаатай нэр холбогдсон хүмүүсийг шалгахыг АТГ-аас хүсэж байна. 

АТГ-ын даргаар томилогдсон З.Дашдавааг шударга хүн гэж сонссон. Жирийн ард иргэдийг хохироосон этгээдүүдийг шалгахаас ажлаа эхлүүлээсэй гэж хүсэж байна. Тэднийг шалгасны дараа хариуцлага алдсан хүмүүс хариуцлага хүлээх ёстой.