Халаасны бяцхан дүрмээс ТОЙРОГ ЭДИЙН ЗАСАГТ суралцахуй

Х.Оргил
03 сарын 27, 2023

Хүүхэд бүрийн сэтгэлд бусдад туслах, байгаль орчиндоо хайртай байх гэсэн гэнэхэн хүсэл мөрөөдөл байдаг. Үүний нэгэн адил надад ч гэсэн эх дэлхийдээ хайртай байж, нэмж бохирдуулахгүй байх гэсэн чин сэтгэл байсан юм. Би өөрийнхөө хэмжээнд гаргасан хогоо халаасандаа түнтийтэл чихээд өдөржингөө явдаг хүүхэд байлаа.

Энэ бол миний “бяцхан халаасны дүрэм” байв. Өсөж том болохын хэрээр миний сонирхол, хобби, ур чадвар, хүсэл мөрөөдлүүд торнин томорч байсан ч халаасны дүрэм маань хогоо хаяхгүй байхаас хэтэрч чадахгүй байлаа.

зураг

 

Ингэж явсаар би сэтгүүлч болоод, энэ мэргэжилдээ өдөр ирэх тусам дуртай болж мэдээ мэдээллийн эх харгуйд хөл тавьсан. Нэг л өдөр уур амьсгалын өөрчлөлт ба сэтгүүлчдийн манлайлал хөтөлбөр зарлагдсанаар, энэ хөтөлбөрөөр овоглож эхлэх тэр л үед миний бяцхан дүрэм халаасан дотроос маань тогшиж эхлэхийг анзаарлаа.

Уур амьсгалын өөрчлөлтийг энгийнээр тайлбарлавал, байгаль эх дэлхийн нөөц шавхагдаад зогсохгүй хөрс, ус, агаарын бохирдлоос эхлээд хүмүүс, ан амьтны бүхий л төрөл, зүйлийн зүй тогтолд хүлэмжийн хийн асуудал аюулын харанга дэлдэж биднийг нэн яаралтай амьдралын хэв маягаа өөрчлөхийг шаардаж байна. Харин энэ надад тэр л жижигхэн тогшилтоор дохио болон ирсэн мэт санагдаж байлаа.

Хүлэмжийн хийн ялгаралтад нөлөөлдөг олон төрлийн асуудлууд байгаа ч тэр дундаас хог хаягдлын асуудал онцгой анхаарал татав. Хог хаягдлын асуудлыг хүмүүсийн анхаарлын төвд авч ирэх хэрэгтэй гэсэн санаачилгад нэгдсэн залуучууд энэ асуудал хүн бүхэнд хамааралтай гэдгийг ойлгож байгаа ч хаанаас нь эхэлж, яаж хүрэхээ мэдэхгүй байсан тул хийж чадахаасаа эхлэхээр шийдэж интернэт ухаж, хууль судалж, ОУ-ын судалгаа уншиж, тоон мэдээлэл цуглуулах үедээ нэгэн шинэ, сонирхолтой түүхийн учгийг барьж авсан нь Эко сум руу хөтөлсөн юм. Ингээд багийнхаа хамтаар Булган аймгийн Хишиг-Өндөр сум руу явлаа.


Дурдсан тоо мэдээллийг: www.ecosoum.org/en-resources-and-reports судалгааны эх сурвалжийг ашиглав.

Экосум нь орон нутгийн хараат бус байдлыг дэмжих замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэгч ТББ юм. Экосум ТББ Булган аймгийн Хишиг-Өндөр сумыг сонгон үйл ажиллагаагаа явуулах болсон хоёр үндсэн шалтгаантай.

Нэгдүгээрт, үүсгэн байгуулагчид нь тус сумаас гаралтай бөгөөд сумандаа тогтвортой амьдардаг. Тиймээс Хишиг-Өндөр суманд холбоо, харилцаа сайтай төдийгүй суманд тулгамддаг асуудлууд болон хүн амын хэрэгцээг сайн мэдэж байлаа. Энэ бодит уялдаа, холбоо нь Экосум ТББ -ын Хишиг-Өндөр суманд үйл ажиллагаагаа явуулах гол шалтгаан болохын сацуу байгууллага хөгжиж дэвжихэд түлхэц болсоор иржээ.

Хоёрдугаарт, хүн амын гуравны хоёр нь малчин, нийт 3000 гаран хүн амьдардаг энэ сумын бүтэц, геологи, цаг уурын орчин болон нийгэм эдийн засгийн байдал нь дундаж, бусад сумдаас онцгойрон ялгарах зүйлгүй юм.

Ийм энгийн дундаж сумыг бие даасан, дасан зохицох чадвар өндөртэй, тогтвортой загвар сум болгож чадвал энэ арга замаар Монгол орны бусад бүх суманд төслүүд хэрэгжих бүрэн боломжтойн нотолгоо болж чадах бөгөөд энэ нь ч бидний эцсийн зорилго билээ.

Эдгээрийн салшгүй холбооны улмаас байгаль орчны доройтлыг сааруулж, хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжин хот руу шилжин суурьших хөдөлгөөнийг бууруулж эерэг өөрчлөлтийг эхлүүлэхийн тулд өргөн цар хүрээгээр хамтад нь шийдвэрлэх шаардлагатай юм.

Эко сумынхаа иргэдээс хүлээн авсан 2140кг хог хаягдлыг ширхэг бүрээр ангилан тоолж, хэн, ямар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна гэдгийг илэрхийлэхүйц сонирхолтой судалгааг Эко сум ТББ-ыг хамтран үүсгэн байгуулагч Пиэр болон төслийн ажилтнуудын хамтаар хийжээ. Эндээс харахад 68% нь хуванцар, 19% нь шил, 9% нь металл, 4% нь тетрапак савлагаа байжээ. Хог хаягдлын бараг 80% нь хүнс, ус, ундааны баглаа, боодол байж. Ус, ундааны савны 19% нь хийжүүлсэн ундаа, 13% нь шар айраг, 11% нь архи, 8% нь жүүс байв. Түүнчлэн бөөний хуванцар савлагаа 10% тус тус байсан байна. Эдгээрийн дийлэнх нь цөөн тооны компаниудаас гардаг нь илэрсэн. Барааны тоогоор 5 компани нийт хог хаягдлын тал хувийг үйлдвэрлэж байна.

зураг

 Дахин боловсруулсан бүтээгдэхүүнийг их сурталчилдаг. Үүн дээр бид маш болгоомжтой хандах ёстой. Нэг удаа боловсруулалтад орсон хуванцар задрах чанар нь өндөр болдог. Гадна орчинд ашиглаж болдоггүй. Энэ хуванцар нар, салхинд задраад нано хуванцар ялгаруулдаг. Ундааны сав байлаа гэхэд боловсруулаад сандал хийвэл энэ нь зэрэг бууруулж буй хэлбэр болно. Монголд дахин бууруулах гэхээсээ илүү зэрэг бууруулах боломжтой байгааг дурдах нь зүйтэй.

Зэрэг бууруулсан хуванцраар хүүхдийн тоглоомын талбай хийнэ гэж яригдаж байгаа нь нар салхинд задарсан нано хуванцрыг хүүхэд залгих аюул бүр ихэснэ гэсэн үг юм.

Өмнө нь би дахин боловсруулсан бүтээгдэхүүн гэхээр илүү их авах, дахин боловсруулсан материалаар хийсэн тоглоомын талбайг чухал асуудал биш гэсэн ойлголттой байсан. Эсрэгээрээ харин ч дахин боловсруулсан гэдэг үгний тархи угаалтад орсон байсан гэдгээ энэ үед маш их анзаарлаа.

Шийдэл бол хог хаягдлыг дахин боловсруулах биш гарцыг нь, шинэ үйлдвэрлэлийг бууруулах ёстой гэдгийг бататгаж бид аяллаа ийнхүү өндөрлөсөн юм.

зураг

 

Бодлогод залуусын хяналт ТББ-ын зүгээс Канад сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй сэтгүүлчдэд хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх шинжлэх ухаанч, баримт нотолгоонд тулгуурласан мэдлэг ойлголт, ур чадварыг бэхжүүлэх зорилгоор хэрэгжсэн “Уур амьсгалын өөрчлөлт ба залуу сэтгүүлчдийн манлайлал” хөтөлбөрийн хүрээнд энэхүү бүтээл хийгдэв.

 

Эх сурвалж: Бодлогод залуусын хяналт ТББ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.