Т.Цэрэнтогтох: Монголчууд бид уламжлалаа мартаж, үл зохицох хүнс хэрэглэж өвчлөөд байна

Сар шинийн өдрүүдээр баярын зоог бэлдэхдээ анхаарах зүйлс мөн зохицох үл зохицох идээ ундаа гэж юу болох талаар "Баян өндөр" эмнэлгийн хоол боловсруулах эрхтэн судлалын эмч Т.Цэрэнтогтохтой ярилцлаа.


-Монголчууд бид уламжлалт идээ ундааны соёлтой ард түмэн. Гэвч буруу ойлгогдож ирсэн, засаж залруулах ёстой ойлголтыг нэрлэвэл та хамгийн түрүүнд юуг онцлох вэ?

-Цагаан сар бол ахмад буурлуудаа хүндэтгэн тэднээсээ ерөөл сонсож, ураг удмаараа учран золгож биесээ мэдэлцэн, бэлгэ ерөөлтэй сайхан үгсээ хэлэлцдэг төрт ёсны баяр юм. “Цагаан” гэх нэрнээсээ л бүхий л зүйлсийг сүү мэт цагаалах, цайруулах гэсэн бэлгэдлийн утга агуулгатай. “Цаг цагаар нэг цаддаг, цагаан сараар нэг цаддаг” гэсэн үг хэзээ орж ирсэн эсэхийг мэдэхгүй юм. Наанадаж бэлгэгүй бусад үед нь өлөн зэлмүүн байдаг мэт ойлгогдохоор үг л дээ.

Баяр ёслолыг мөн чанар, бэлгэдлийн түвшинд нь тэмдэглэх ёстойгоос биш хэтрүүлэн идэж уух, баярлах цэнгэх, баярхах гэдэг ойлголт хуучирсан. Үүнийг л орчин цагийн бид ухаж ойлгох цаг нь ирсэн гэж эмч хүний хувьд монголчууддаа хэлмээр байна.

Бичлэг үзэх:


-Сар шинийн баярын өдрүүдээр бид голдуу ямар үл зохицох хүнс хэрэглэж ходоодоо хямраадаг вэ? 

-Энэ яриаг эхлэхээсээ өмнө хүний бие өөрөөсөө дээших таван үе доторх идэж ууж ирсэн шингээх чадвартай байдгийг тодотгон хэлье. Яагаад гэвэл эд эс нь таних идээ ундааг хэрэглэх нь шингэц сайтай буюу удамшилд ээлтэй байдаг.

Манайхан сүүлийн жилүүдэд бууз банштай хамт маш олон төрлийн хачир идэж даджээ. Эдгээрээс монгол хүний биед зохицохгүй хэд хэдэн хүнсийг нэрлэмээр байна.

Даршилсан ногоо нь монголчуудын үндсэн хүнс биш гэдгийг санах ёстой. Тиймээс бидний биед амтлах мэдрэмж л өгөхөөс шим болж чадахгүй.

Кимчи.  Монгол хүний биед үл зохицох хүнс юм. Учир нь кимчиний үндсэн найрлага нь усархаг ногоо байцаа буюу сэрүүн чанартай учраас халуун чанартай хонь, адууны махтай нийцдэггүй. Ялангуяа хүний бие сэрүүдэж ядрах хаврын улиралд хэрэглэмгүй хүнс юм. Гэтэл манайхан буузаа кимчи, халуун ногоотой хольж идэж ходоод, элэг цөс, нойр булчирхайгаа хямраагаад байна. Кимчи хэрэглэдэг солонгосчууд өөрсдөө ходоод, цөсний замын хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлдэг. Мөн ургамал голдуу хоолтой ард түмэн кимчигээ идэх нь чийглэг уур амьсгалдаа дасан зохицож ургамлын гаралтай уураг боловсруулахад нь тэдэнд тустай. Гэтэл бидэнд ийм шалтгаангүй атлаа жилийн дөрвөн улиралд халуун ногоо хэрэглэж эрүүл мэндээ хохироогоод байна. 


Хиам. Хиамны хяналтгүй хэрэглээндээ ч бас анхаарал хандуулах цаг болсон. Яагаад гэвэл хиамыг утаж болгодог тул удах тусам хуршиж, бүтэц нь өөрчлөгдөнө.  Мөн найрлагад нь нитрит, натрийн сульфат, бусад олон төрлийн амтлагч ордог нь ходоод, улаан хоолой, хорт хавдрын эрсдэлийг өндөр болгож байна. 


-Хоолны хачир олон байх тусмаа сайн гэсэн ойлголт буруу байх нь ээ?

-Нэг дор хэт олон төрлийн хүнсийг идвэл хүний бие түүнийг танин боловсруулахад төвөгтэй болдог. Тиймээс л буузтай аль болох элдэв амтлагч бүү хэрэглээрэй гээд захиад байгаа юм.  Манайхан дэндүү их амт хөөж идээд байгаа нь алсдаа эрүүл мэндэд тун хөнөөлтэй. Амтлах нь 1-2 минутын мэдрэмж. Гэтэл залгиснаар таны биед шингэж гартлаа 24 цаг болно, хожмоо ямар ч уршиг дагуулж болно.  Эрүүл монгол хүн байя л гэвэл үүнийг идэхээсээ өмнө ойлгомоор байна.

-Идэхээсээ илүү идсэн зүйлээ шим болгож шингээх чухал гэж та ярьдаг. Шим болгож шингээх арга нь юу байдаг вэ?

-Ердөө зажилалт л чухал юм шүү дээ. Бид зажилна гэдэг ойлголтыг бараг мартчихаад байна. Уг нь бид зажилж идвэл хоол, залгиж идвэл хор гэж ярьдаг ард түмэн шүү дээ. Зажлах тусам амтыг тархи ойлгож, хоол боловсруулахад илүү хялбар болдог. 

Дутуу зажилсан хоолыг ходоод боловсруулах гэж зүдэрсээр сүүлдээ хоол дутуу боловсорч ходоодоо өвчлүүлээд байна. Иймээс л ирж үзүүлсэн хүн болгондоо л хоолоо сайтар зажилж ид гэсэн зөвлөгөөг өгдөг юм. Ходоодны өвчлөлийн шалтгааныг дийлэнх дутуу зажилдаг, бараг залгидгаас болж байна шүү дээ.


-Битүүнд битүүртлээ иднэ гэсэн үг ч бий. Ер нь нэг дор их идэхийн цаана ходоодонд ямар үйл явц явагдаж байдаг вэ?
-Хүн нэг удаад хоёр алга нийлүүлсэн хонхорхойд багтах хэмжээний л хоол идэхэд болно гэж үздэг. Ийм хэмжээний хоолыг идээд дахиж идмээр санагдах тэр үед л зогсоох нь зөв байдаг. Өөрөөр хэлбэл хоол идсэний дараа хөнгөн мэдрэмжтэй үлдэх ёстой. 

Зарим хүн аюулхайдаа тултал идсэнийгээ л цадлаа гэж эндүүрдэг. Үнэндээ энэ бол таны ходоод цадсандаа биш өвдсөндөө тулж, эзнээсээ “Үүнээсээ илүүг битгий идээч ээ” гэж гуйж буй дохио нь тэр шүү дээ. 

Манайхан эмчид үзүүлэхдээ “Амархан ядарч сульддаг боллоо” гэдэг. Анзаарвал хэт их идэж, буруу хооллосны уршгаар л монголчууд өвдөж сульдаад байна. Юу идэхээс ч илүү яаж идэх нь чухал буюу зажлалтыг бид мартчихжээ.  

Махан хоолыг 40-50, ургамлын гаралтай хоолыг 20-30 удаа зажилж идэж заншмаар байна.  Үүнийгээ үр хүүхдэдээ ч сургаж дадуулах учиртай.

-Үл зохицох идээ ундааны тухайд зөвлөгөө өгөхгүй юу?

-Цагаан сараар айлд ороход ихэнх айлууд сүү амсуулдаг. Араас нь цай, айраг, бууз, мах, олон төрлийн салат зууш, хайлмагаар дайлдаг. Төд удалгүй архи сөгнөдөг шүү дээ. Нэг талаасаа нэг дор хэт олон зүйл идэж байна. 

Архи сүүний үл зохицол: Энэ хоёр бүтээгдэхүүнийг зэрэгцүүлэн хэрэглэх нь зохицолгүй. Учир нь архи, тараг зэрэг нь сүүг исэлдүүлж, ээдүүлдэг тул үл зохицох идээ ундаанд багтдаг. Үл зохицох идээ ундааг хамтад нь хэрэглэснээс болж наанадаж гэдэс цанхайх, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Яваандаа нас дээр гарахаараа сүүтэй цай, сүү сүүн бүтээгдэхүүнээсээ харшилдаг. Уг нь сүү хордлого тайлах гайхамшигтай бүтээгдэхүүн шүү дээ. Хүн гэдэг эхийн сүүгээр амилдаг амьтан. Тэгсэн атлаа сүүнээс харшилж байгаа нь өнөө л хоол хүнсний зохистой хэрэглээний талаар мэдлэг дутсаных.

Мах жимсний үл зохицол: хоёрыг зэрэг идэх нь зохицолгүй. Учир нь хоол боловсруулах замыг хямраадаг. Тэгээд ч хаврын цагт жимс шимгүй болсон байдаг.

Халуун хүйтний харш. Жишээ нь зарим хоолны газрын хаяг дээр халуун хоол, хүйтэн пиво гэсэн байдаг шүү дээ. Мөн наадам, цагаан сараар бүх телевизээр хийжүүлсэн ундаатай хамт хуушуур, бууз идэж буйгаар сурталчилдаг. Үүнийг та нойр булчирхайг чинь өвчлүүлэх аюулт жор л гэж ойлгоорой.

-Цагаан сарын дараа ходоод, нойр булчирхайн өвчлөл  нэмэгддэг үү?

-Ямар ч өвчин гэнэтхэн бий болчихдоггүй. Буруу хэрэглээ, хоол хүнсний замбараагүй сонголт, амаар гарах үг хүртэл нөлөөлж шалтаг шалтгааны суурийг бага багаар тавьж байгаад нэг л өдөр “тэсэрдэг”. Тэр нь өвдөлтөөр, ходоодны шарх цаашлаад хавдраар илэрч байна. Үүнийг гэнэт сэдрээдэг зүйл нь зуны зугаалга, наадмын хорхог, цагаан сарын үеийн зохисгүй хооллолт л доо. Бидний цөөхөн монголчууд яг одоо энэ үеэсээ хоол хүнсэндээ анхаарал хандуулах, сэтгэлгээний шинэ түвшинд шилжих цаг үе нь  ирчхээд байна.

Би энэ талаараа нийгмийн сүлжээнд ярьж, бичлэг ч хийдэг юм. Анзаарахад ходоодны өвчлөл хамгийн их оношлогддог баруун аймаг тэр дундаас Увс аймгаас хамгийн бага үздэгт харамсдаг. Энэ нь мэдэхгүйгээ мэдэхгүй байна гэсэн үг юм.  


-Манайхны архины хэрэглээ ходоод, нойр булчирхайн өвчлөлд хэр их нөлөөлдөг вэ?

-Монголчуудын маань архины хэрэглээ арай л их байгаад сэтгэл эмзэглэдэг. Сүүлийн үед цагаан сараар ширээний чимэг болгох гээд бүр ахиулж виски авдаг болжээ. Уг нь архины градус нь нэмэгдэх тусам хүний биед цочрол өгдөг. Гол хохирогч эрхтэн нь элэг, ходоод, нойр булчирхай. Ялангуяа эрчүүд маань сархдын хэтэрсэн хэрэглээнээсээ болж эрүүл мэндээ цаашлаад амь насаа ч алдаж байгаа тохиолдол цөөнгүй. 

Өнгөрсөн цагаан сараар гэхэд сархад хэтрүүлсэн шалтгаанаар шинийн нэгэнд амь насаа алдсан харамсалтай тохиолдол ч гарсан. Ялангуяа цагаан сар, наадам гээд ямар нэгэн баяр наадмын дараа иймэрхүү асуудлууд гардаг. Уг нь баяраас инээд хөөр, дурсамж л үлдэх ёстойгоос биш ууж идсэндээ харамссан, шаналал, гуниг тээх шалтгаан болох учиргүй. Ер нь монгол хүнд архийг задлах фермент маш бага байдаг гэдгийг залуус ойлгоосой.  

-Эндээс үзэхэд идэж ууж байгаа бүхэн маань өвчлөлийн шалтгаан болж байгаа байх нь ээ?

-Монголчууд улаан хоолойн хавдрын өвчлөлөөрөө хоёрдугаарт, ходоодны хавдраар дэлхийд нэгдүгээр байранд орж байна. Нойр булчирхай, гүйлсэн булчирхайн өвчлөл ч нэлээд өндөр. Үүнээс та нэг зүйлийг анзаарч байна уу. Бид ерөөсөө л амаараа оруулах гэж буй зүйлдээ анхаараагүйгээс л өвдөж, өнөөдрийн дүр зургийг бий болгосон ард түмэн. Уг нь зуун хувь сэргийлэх боломжтой. 

Нийтээрээ эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж идээ ундааны соёл, дэг жаягаа дэлгэрүүлж хэрэгжүүлснээр элэг бүтэн, урт удаан сэтгэл амар амьдрах боломжтой. 

Тиймээс энэ Монгол Улсыг авч явах бидний ирээдүй болсон хүүхдүүдээ энэ цаг үеэс нь зөвд ойр болгож эрхэмлэх зүйл нь эрүүл мэнд гэдгийг таниулахаар цуврал сургалт явуулж байна. 

-Хаврын улиралд яагаад эрүүл мэнддээ онцгойлон анхаарал хандуулах ёстой вэ?

-Хаврын улиралд идэж байгаа мах, ногоо ч намрынх шиг шимгүй гэсэн үг. Харин багыг оновчтойгоор хүртэх л чухал.

Өвдөх нигууртай, хуучин өвчин сэдрэх гээд бүх зүйл давхацдаг улирал тул хаврын салхи хавирга нэвт гэсэн хуучны үг ч бий. Иймээс л энэ улиралд идэх уух бүхэндээ сэрэмжтэй байх учиртай.

Хувцаслалтыг мөн анхаарах хэрэгтэй. Хөрс гүн хөлддөг тул гэсэх нь хожуу буюу 4 дүгээр сарын сүүл хүртэл доогуур жиндэх нөлөөтэй байдаг тул эрт нимгэлж болдоггүй.


-Тэгвэл хавар дархлаагаа сэргээхэд хамгийн зохимжтой хүнсийг нэрлэхгүй юу?

-Монголчууд дөрвөн улиралдаа зохицуулж хооллодог, байгаль дэлхийгээ шүтдэг эртний уламжлалтай ард түмэн. Хавар биед хурдан шим өгөх хоол нь шөлтэй хоол юм. Ялангуяа ясны шөлтэй хоол голдуу хэрэглэхийг л зөвлөнө. Үе мөчөөр өвдөг, нойргүйдэлтэй, ясны сийрэгжилтэй, төмөр дутлын цус багадалттай хүмүүст ясны  шөл уулгах, идүүлэх замаар эмчлэх нь үр дүнтэй байдаг. Учир эдгээр өвчнийг анагаах кальци, магни, селин, зэс зэрэг эрдэс уургийн агууламж ясны шөлөнд их байдаг. Газар гэсэхээр үндэс хүрдэнд нөлөөлдөг тул хонь, ямааны шийр, толгойн шөл уувал сайн. Шөлөөр цадаж, төлөөр баяждаг юм шүү.


"Эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөн"-ий хүрээнд хоол зүйч, эмч, мэргэжилтнүүдийн баг та бүхэнд эрүүл зохистой хооллолтын талаарх энэхүү зөвлөмжийг хүргэж байна. Энд дарж татах.


Сэтгэгдэл бичих (3)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.