Peak.mn сайт эрүүл мэндийн булангийнхаа ээлжит ярилцлагын зочноор хоол боловсруулах эрхтэн судлалын эмч Т.Цэрэнтогтохыг урьж ярилцлаа.Тэрбээр монголчууд өдөр тутамдаа буруу хооллон өвчилж байгааг, үүнд баярын үеэр хэтрүүлэн иддэг, үл зохицох идээ ундааг хольж хэрэглэдэг нь шууд нөлөөлдөг гэдгийг онцлон хэлж байна. 


-Та сүүлийн үед уламжлалт хооллолтын талаар нэлээд ярих болсон. Яагаад бид энэ талаар ойлгож мэдэх ёстой вэ гэдэг асуултаас ярилцлагаа эхэлье?

-Хоол хүнсийг ерөнхийд нь удамшилд ээлтэй, удамшил ээлгүй гэж хоёр ангилж болно.

Ходоод гэдсээ хямраахгүй, өвчин үүсгэх суурь болгохгүйгээр эрүүл хооллохын тулд хамгийн эхлээд анхаарах ёстой зүйл бол эцэг өвгөдөөсөө идэж дадсан хоол хүнс юм. 

Өөрөөс маань дээш 5 үеэрээ идэж дадсан хоол хүнсийг удамшилд ээлтэй хүнс гэнэ.  Үүнийг монгол домчийн сударт ч бичсэн байдаг. Шинжлэх ухааны хувьд ч идэж дадсан хоол хүнсний орц найрлагын мэдээлэл бидний эс эдэд байдаг учраас тэрхүү хоолыг  ходоод, цөс, нойр булчирхай амархан таниад төвөггүй боловсруулж, шингээдэг гэсэн үг. 

Харин идэж дадаагүй хоол хүнсийг эрхтнүүд яаж боловсруулахаа мэдэхгүй тул хэсэгтээ л гэдэс цанхайх цаашлаад хоолны хордлого авах зэргээр хямардаг. 

Шингээж чадахгүй хүнсээр байнга хоолловол эрхтэн системд мэдээллийн гажигтай эс үүсгэх эрсдэлтэй. Ингэж үүссэн эс нь эсрэгээр ажиллаж, хэтдээ хорт хавдар үүсгэхэд нөлөөлөх суурь шалтгаан болохыг ч үгүйсгэхгүй. 


-Шинжлэх ухаан хөгжиж, хүнсний хоол хүнсний хэрэглээ өөрчлөгдсөн байхад ч энэ ойлголт хэвээрээ байх уу?

-Хүн төрөлхтөн газар орон, амьдралын хэв маягаасаа шалтгаалаад өөр өөр хоол хүнсийг идэж дадсан байдаг шүү дээ. Энэтхэгчүүд карри, хятадууд халуун ногоо, солонгосчууд кимчи иддэг гээд улс бүр өөрийн хоолны онцлогтой. 

Манайд гэхэд л хангай газрын хүн, говь нутгийнхнаас хоол нь өөр өөрийн онцлогтой. 

Махны шим тэжээл, ундаалдаг ус, цай нь хүртэл өөр байдаг.  Идэж дадсан хоолоо идэх нь хүн бүрийн мэдвэл зохих энгийн ойлголтууд юм. Үүнийг мэдэхгүйгээс монголчууд цөс чулуужих, нойр булчирхайн үрэвсэлд өртөх, ходоодны хорт хавдар тусах хүртлээ өвчлөлөө хүндрүүлдгийг өдөр тутамдаа оношилж байгаагийн хувьд дахин давтаж хэлээд байгаа хэрэг.


- Илрүүлэг, шинжилгээ авч байхад энэ төрлийн өвчлөлийг тохиолдол нэмэгдэж байна уу? 

-Тоо баримт харахад л тодорхой шүү дээ. Монголчууд дэлхийд ходоодны хавдрын өвчлөлөөр нэгдүгээрт,  улаан хоолойн хавдрын өвчлөлөөр хоёрдугаарт жагсаж байна. 

Манай эмнэлэгт гэхэд долоо хоногтоо 3-4 хорт хавдар оношилдог. Харамсалтай нь ихэвчлэн хожуу үедээ ирдэг. Оношлогдсоны дараа биш өвдөхөөс өмнө эрүүл мэнддээ анхаардаг болгохын тулд энэ бүхнийг сүүлийн хэдэн жил ярьж байна.


-Хоол боловсруулах эрхтний өвчлөлөөс сэргийлэх хамгийн энгийн арга бий юу?

-Хүн бүр өврийн аягатай явдаг монгол уламжлалаа сэргээх ёстой юм байна. 

Ингэж чадвал амнаас ам дамжсан халдвар, амьсгалын замын нөлөөлөл, хеликобактер зэрэг бусад сөрөг нөлөөллөөс сэргийлэх нэг шийдэл болно. Ингэснээр, 


Нэгдүгээрт, хүн идэж ууж байгаа зүйлээ мэдэрч хэмжээ хязгаартай идэх мэдрэмжийг далд ухамсарт суулгах чухал.

“Би өөрийнхөө аягаар оройд нэг аяга цай уудаг юм аа, нэг аяга шөлтэй хоол идэхээр яг болчихдог” гэдэг мэдрэмжийг өөртөө суулгахыг л хэлээд байгаа хэрэг. 


Хоёрдугаарт, юу идэхээсээ урьтаж, яаж идэхдээ анхаардаг болцгооё.

Эхлээд хоолоо сайтар зажилж идэж хэвшүүлье. Гүйлсэн булчирхай шүүлтүүрийн үүрэг гүйцэтгэж, шүлсээр дамжуулж хоолыг хоргүйжүүлэх, хоолны шингэцийг сайжруулдаг. 

Хоолоо сайн зажилж амтыг нь мэдрэх тусам “Ийм амттай хоол надад таалагддаг, миний биед зохицолтой, сайн шингэдэг юм байна” гэсэн ойлголтоор дамжуулаад ямар хүнсийг түлхүү идэхээ олж чадна гэсэн үг.

-Та хоолоо сайн зажил гэдэг зөвлөгөөг байнга өгдөг эмч нарын нэг. Яагаад бид зажлахад гойд анхаарах ёстой вэ? 

-Ходоодны хавдраар өвчилсөн монгол хүний хавдрын байрлалыг ажиглахад л дийлэнх нь ходоодны амсар хэсэгт үүссэн байдаг. Бусад оронд тийм ч түгээмэл тохиолддоггүй хавдрын байршил л даа. 

Амсар хэсэгт хоол тогтдоггүй хэрнээ хавдар үүснэ гэдэг хооллох арга буруу байгаагийнх. 

Буруу гэдэг нь хоол цайгаа хэт халуунаар нь ууж иддэг, хоолоо сайтар зажлахгүйгээр хоолойгоо зурж залгидагтай холбоотой болж таарах нь. Үүн дээр нэмээд хоол идчихээд хэвтэх, хоолны найрлага, агууламж бодохгүй иддэг гээд анзааралгүй өнгөрүүлдэг жижиг үйлдлүүдээс энэ бүхэн үүддэг учраас сайн зажил гэж дахин дахин хэлдэг юм шүү.


-Тэгвэл сар шинийн баярын өдрүүдээр анхаарах зөвлөгөө өгнө үү? 

-Кимчи, хийжүүлсэн ундаа, хиам гээд удамшилд ээлгүй хүнсний төлөөллүүдийг баярын ширээ дээрээ тавихаас шууд татгалзъя. 

Манайхан мах голдуу хоолыг даршилсан ногоо, кимчигээр арвижуулаад, соус түрхэхээр идээд сурчихлаа. Уг нь амттай л байвал сайхан хоол гэсэн үг биш. Энэ нь ердөө амтлах таашаалдаа хөтлөгдөж байгаа хэрэг. Зүй нь гэвэл идэж буй хоол биед шимтэй байх нь л чухал. 

Жишээ нь буузыг сонгино, саримс, гоньдоор амтлахад хангалттай. Эдгээр ургамал махны шингэлтийг түргэсгэдэг тустай. Харин химийн бодис агуулсан соуснуудыг хольж амтлах тусам хоолноос авах шимээ хор болгоно гэдгийг ойлгоорой.

-Баярын өдрөөр хоолны хэмжээгээ тохируулаарай гэсэн зөвлөгөө хүмүүсийн бухимдлыг төрүүлсэн нь нийгмийн сүлжээнээс харагдсан. Та энэ тал дээр юу зөвлөж хэлэх вэ?

-Энэ бүхнийг хэлж байгаа нь муу амлаж байгаа хэрэг биш.

Сар шинийн өдрүүдээр нойр булчирхайн цочмог үрэвсэл, архины хордлого, ходоодны шарх сэдрэх зэрэг өвчлөлөөр дуудлага нэмэгддэг нь маргаангүй үнэн.  

Цаг улирлаа бодсон ч бид өвлийн 3 сарын турш махыг өдөрт 2-3 удаа иддэг ард түмэн. Ходоод, цөс, нойр булчирхай гурав хамгийн их хямарч сульддаг үе нь өвлийн сүүл сар, хаврын эхэн үе. Яг ингэж ядарсан үед урьтал эмгэгийг сэдрээгээд хүндрүүлж “морийг нь унуулдаг” шалтгаан нь цагаан сар болчхоод байгаа хэрэг л дээ. Тэгэх тусам нь бид цагаан сараар улам хэрсүү байж, идэж ууж байгаадаа хянуур ханддаг бол гэж сануулж буй дохио шүү. 

Бид энэ биеийг нэг жил эдлээд сольчихгүй шүү дээ. Хүн дунджаар 70 насална гэхэд л 70 хаврыг элээх нь. Тэгэхээр хямарсан ходоод биеийг улам доройтуулахгүйн тулд ирсэн зочин нь ч, дайлсан эзэн нь ч идээ ундаандаа анхаараарай гэж захья.

 Нэг ч гэсэн баяр ёслолоор нийтээрээ хоолны талаарх ойлголтоо цэгцэлье. 

Дараа үе, үр хүүхдүүддээ цагаан сарын талаарх шинэ хуудас нээх нь бидний үүрэг юм шүү. 

Үүний төлөө монгол хүний эрүүл мэндийн төлөөх мэдээ мэдээллийг тогтмол бэлтгэдэг танай peak.mn сайтын хамт олон гүнээ талархал илэрхийлье.

Бичлэг үзэх: 

Монгол хүнд үл зохицох идээ ундааны талаарх өмнөх ярилцлагыг ЭНД ДАРЖ уншина уу.