Ulaanbaatar Medical Clinic-ийн эмч, Анагаах ухааны магистр Б.Уранбилэгтэй ул, тавхайн өвчлөлийн шалтгаан болон урьдчилан сэргийлэх аргын талаар ярилцлаа.

-Хөл тавхайн өвчлөлийн талаарх ойлголт яагаад чухал вэ?

 -Манайхан хүний биеийн тулгуур эрхтний ойлголтыг зөвхөн өвдөг төдийгөөр ойлгох гээд байдаг талтай.  Уг нь өвдөгнөөс доош шилбэ, шагай, тавхай зэрэг хэсгүүд ч мөн чухал ач холбогдолтой. Тэр дундаа тавхай хэсгийн өвчлөл монголчуудын дунд түгээмэл тохиолддог болсон. Харамсалтай нь иргэд голдоуу хагалгаанд орох хүртэл нь хүндрүүлж байж л хөл, ул тавхайдаа яагаад анхаарах ёстойгоо ойлгож байна.

Бичлэг үзэх:

 

л, тавхайн өвчлөлийн 90 хувь нь гутлаас шууд хамаардаг гэж ярьдаг. Энэ үнэн үү? 

-Хөлөө холгуулж үзээгүй хүн гэж бараг л үгүй болов уу. Яг үнэндээ манайхан гутлаа яагаад зөв сонгох ёстой вэ гэдгээ бараг мэддэггүй. Гэтэл хөлийн эрүүл мэнд, ул тавхайн өвчлөл өмсөж буй гутлаас шууд шалтгаалдаг.

Цаашлаад холбоосны эмгэгүүд, тулах цэгийн алдагдал, үений өвчлөлүүд ч өөрт эвгүй гутал сонгоогүйгээс болдог.

Шагай тавхайн өвчлөлийн 90 хувь нь гутлаас хамаардаг гэж үздэгийн учир нь энэ. Үлдсэн 10 хувь нь гэмтэл болоод төрөлхийн өөрчлөлтэй хамааралтай байдаг.


 -Тэгвэл өөрт тохирсон гутлаа хэрхэн сонгох вэ?

- Манайхан яваандаа хэвшинэ гэж бодоод бага зэрэг холгох, холхих зэргийг үл хайхарч гутлаа сонгодог. Эхэндээ бага зэрэг холгохыг бараг байх зүйл гэж эндүүрдэг. Энэ буруу ойлголтоосоо болоод хөлөө өвдүүлж яваандаа энэ төрлийн өвчлөлтэй болоод байна. Тиймээс загвар үзэмж л харж сонголтоо хийхээс татгалзаарай. Бага зэрэг ч эвгүй байвал бүү ав гэж зөвлөнө.

Ялангуяа хүн бүр өөрийн хөлийн хайрцаг гэдэг зүйлийг ойлгож авах нь маш чухал. Энэ нь хүний хөлийн эрхий хуруунаас чигчий хуруу хүртэлх өргөний хэмжээ юм. Үүнийг бид өргөн нарийн хөлтэй хүн гэж ярьдаг шүү дээ. Өөрт тохирсон зөв гутлаа сонгоно гэдэг хөлийн хайрцгандаа тааруулахыг л хэлээд байгаа юм.

Эмэгтэйчүүдийн хөлийн эрхий хурууны хажууд яс ургах өвчлөл ч бас үүнтэй холбоотой. Монгол гэлтгүй дэлхийн бусад улс орнуудад ч 10 эмэгтэй тутмын наймд нь тулгардаг нийтлэг асуудал болоод байна.

Манайхны дунд хөлийн эрхий хурууны хажуу талд яс овойхыг ихэнхдээ тулай гэж дур мэдэн эмчилдэг. Яг үнэндээ үзлэг хийхээр дийлэнх тохиолдолд өдөр тутамдаа өмсөж буй хөлд тохироогүй гутлаасаа болж тавхайн холбоосууд нь суларч мултрал үүсчихсэн байдаг.

Тиймээс үүнийг тулай гэж яаран оношлохоосоо урьтаж хөл тавхайн орчмын эмгэг мөн эсэхийг тодруулах шаардлагатай. 

Тулай ихэвчлэн өдөр тутмын амьдралын хэв маяг, идэж буй хоол хүнстэй холбоотой бодисын солилцооны гаралтай өвчлөл юм. Харин хөл тавхайн эмгэгүүд нь биомеханик буюу дадал зуршил, хөдөлгөөн, өмсөж буй гутал, хөлд өгч буй ачаалалтай холбоотой.

 

-Сүүлийн үед хүүхдийн ул хавтгайрал гэж нэлээн ярих болсон. Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

-Энэ асуудлаар манай эмнэлэгт ханддаг хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. Эцэг эхчүүд хүүхдэдээ ухаан орох цагаас нь л Оросын домашки гутал өмсүүлэх болсон нь үүнд нэлээд нөлөөлсөн. 

Бас ах эгчийнх нь гутлыг хадгалж байгаад дүүд нь өмсүүлдэг, хамаатан садандаа өгдөг, хуучин гутал өлзийтэй гэсэн ойлголтыг ч халмаар санагддаг.

Бусад улс орнуудад хүүхдийн гутлыг хэзээ ч дамжуулж өмсдөггүй. Учир нь өмнө өмсөж байсан хүний хөлийн хэвээр гутал нь хэвшсэн байдаг учраас дараагийн хүндээ таардаггүй. Таарсан ч хөлийн нумыг буруу хөгжүүлэхэд нөлөөлдөг.


 -Өндөр өсгийтийг олон цагаар өмсөх нь хөлийн бүтцэд нөлөөлөх үү?

-3-5 см-ийн өндөртэйг хэвийн гэж үзэх бөгөөд ажлын цагаар өмсөж болохуйц гэж ойлгож болно. Харин 5 см болон түүнээс дээш өндөртэй бол өндөр өсгийт гэж нэрлэж, 2 цагаас удаан өмсөхийг зөвлөдөггүй. Учир нь хэт өндөр өсгийтэй гутал өмсөх үед тавхай хэсэгт байрлах 26 ясны ачаалал тэнцвэрээ алдаж, тухайн хүний бие махбодийн тулах цэг нь өөрчлөгддөг.

Тиймээс л өндөр өсгийтийг хоёроос илүүгүй цаг өмсөх хэрэгтэй гэсэн зөвлөмж байдаг. Гэвч бүсгүйчүүд тэсээд өдөржин ч хамаагүй өмсөөд явчихдаг. Мэдээж ганцхан удаагийн тохиолдлоор өвчин эмгэг үүсэхгүй. Давтамжтай хугацаанд өвдөлт даамжирч явсаар үений капсулын гэмтэл болох эрсдэлтэй.


-Хөл тавхайн ямар ямар зовиурыг тэсэж болохгүй вэ? Ямар шинж илэрсэн тохиолдолд эмчид хандахыг зөвлөх вэ?

-Гутал өмсөж чадахаа байчихлаа гэж ханддаг үйлчлүүлэгчид бий. Энэ бол хөлийнх нь хэлбэр алдагдаж, тэр хэмжээнд хүндэртлээ явчихсан гэсэн үг.

Уг нь хүндрэхээс нь урьтаж эхэн үеийн шинж тэмдэг илэрч байхад нь л эмчид хандаад шаардлагатай анхан шатны эмчилгээ хийлгэсэн бол эдгэчих асуудал байгаа юм. 

Хэрвээ хөлийн өлмий, өсгий, ул хэсгээр өвддөг бол заавал мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. Хугацаа алдалгүй эрт үед нь эмчид хандахгүй бол эмчилгээний асуудал улам л түвэгтэй болдог.