“Эрдэнэтийн Эрүүл иргэн” ТББ-ын гишүүн, “Медипас” эмнэлгийн Гастроэнтеролог, дурангийн тасгийн эмч Т.Цэрэнтогтох хүүхдэд харшилдаг, сөрөг нөлөөтэй хоол хүнсийг зөвлөж байна.

Хэрвээ хүүхдээ эрүүл өсгөхийг хүсвэл дараах зүйлсийг бүү авч өгөөрэй.

Хиам, өндөгний хавчуургыг өлөн элгэн дээрээ бүү идүүл

Хиамыг утаж болгодог. Утахаар улаан болдог, гол найрлага нь нитрат. Энэ бол улаан хоолой, элэгний хавдар үүсгэгч гол хүчин зүйл юм. Учир нь элэг энэхүү бодисыг шүүдэг. Анзаарах нь ээ эцэг эхчүүд хүүхдүүдэдээ өглөөний цайнд нь талх, хиам, өндөг шарж хавчуурга хийж өгдөг. Энэ нь маш буруу дадал юм. Яагаад гэвэл өндөг тэр чигээрээ уураг. Хиам мах тул мөн л уураг ихтэй. Нэг дор идвэл элгэнд өндөр ачаалал өгдөг. Энэ хэрээрээ бие эрхтнийг ядарч сульдаана. Шингэц удаан тул унтахын өмнө энэ төрлийн хоолыг хэрэглэх нь тохиромжгүй. Тэр тусмаа өлөн элгэн дээрээ идэхэд тун ч зохимжгүй.

Бэлэн гоймон, халуунд ногоонд бүү дасга

Монголчууд сүүлийн үед бэлэн гоймон идэх дуртай болжээ. Гэтэл гол үйлдвэрлэгч улс нь Хятад, Солонгос. Солонгос гэхэд дэлхийд ходоодны хавдраараа тэргүүлдэг улс шүү дээ. Хавдрын өвчлөлөөрөө удаалж байж бид энэ буруу дадлыг нь дуураймааргүй байгаа юм. Халуун ногоог монголчууд халуун чанартай гэж эндүүрдэг. Үнэндээ чанартай сэрүүн чанартай тул халуун орны хүмүүс сэрүүцэх гэж хэрэглэдэг. Гэтэл бид жилийн дөрвөн улиралд халуун ногоо хэрэглээд байна. Энэ нь амттай холбоотой. Амттай л байвал хамаагүй гэж бодож болохгүй. Амтлах нь 1-2 минутын мэдрэмж. Гэтэл залгиснаар таны биед шингэж гартлаа 24 цаг болно, хожмоо ямар ч хор уршиг эсвэл биед ээлтэй хоол идэж байгаагаа ухаарах ёстой. Ядахдаа өвлийн улиралд халуун ногооноос татгалз. Халуун ногоо өвөл идвэл ханиад хурдан хүрэх магадлалтай. Учир нь сэрүүн чанартай хүнс билээ.

Хийжүүлсэн ундаа, чипс хүүхдэдээ хэзээ ч битгий өг

Сүүлийн үед бид ахуйгаасаа холдсон хоол хүнс их хэрэглэж байна. Энэ нь бидний идэж дадаагүй хоол хүнс тул өвчин эмгэгийн гол шалтгаан болдог. Жишээ нь хийжүүлсэн ундаа ясны бүтцэд олон янзыг сөрөг нөлөө үзүүлдэг нь судалгаагаар баталчихсан. Мөн хиам, бэлэн гоймон, халуун ногоо, хийжүүлсэн ундаа түлхүү хэрэглэснээс болж ходоод гэдэсний өвчлөл ихэссэн. Жишээ нь 12 настай хүүхдийн нарийн гэдэс нь шархалчихсан ирж байсан.  Үүнээсээ болж цус алдаж байсныг тогтоосон. Хийжүүлсэн ундаа тогтмол уудаг, бэлэн гоймон иддэг байсан нь энэ өвчний шалтгаан болсон байгаа юм.

Хийжүүлсэн ундаа их хэмжээний сахар агуулдаг тул хүүхдэд цадсан мэт хуурамч мэдрэмж төрүүлдэг.  Үүнээс болоод хоолны дуршил муудна. Бас нэг хэлэх зүйл нь сахар их агуулсан тул нарийн бүдүүн гэдэсний ханыг сахраар бүрчихдэг. Ингэснээр дараа нь шимтэй хоол идэхээр биед хэрэгтэй бодисыг шимэгдүүлдэггүй.Үүнийг үр ач, хүүхдэдээ сайн тайлбарлаарай.


Кетчуп ходоодны дайсан

4 настай хүүхдийн ходоод шархалчихсан тохиолдолтой ч таарч байлаа. Кетчуп маш их хэрэглэдэг хүүхэд байсан юм билээ. Үүний ард эцэг эхчүүдийн эрүүл мэндийн боловсрол дутуу байгаа нь харагдана. Хүүхэд маань дуртай юм гээд юу дуртайг нь аваад өгчихөж байна гэдэг хор өгснөөс ялгаагүй шүү дээ.