Сардаа 300 мянга хүртэлх төгрөгөөр амь зуудаг бага орлоготнууд улсын нийт өрхийн арав гаруй хувийг эзэлдэг. Тодруулж хэлбэл Монголын 116 мянган өрх ихийг оллоо гэхэд 300 мянган төгрөг л олж байна. 500 төгрөгийн жижиглэн (жижиглэж ууталсан цувдай), 100 грамм ургамлын тос, хоёр гурван төмс, хагас кг гурилаар оройн хоолоо аргацаадаг гэж мэдээлэгддэг хэсэг бодит байдал дээрээ яажшуу аж төрж явааг манай редакци сурвалжиллаа. Зорьсон газар маань хотын төвөөс 10 гаруй км-т алслагдсан Баянхошууны эцэс. Албаны нэршлээр бол Сонгинохайрхан дүүргийн аравдугаар хороо. 11 мянган оршин суугчтай энэ хороо албан ёсны ганц цэцэрлэгтэй, нэг ч сургуульгүй.

ЯДУУРАХЫН ТӨЛӨӨХ ӨРСӨЛДӨӨН

Энэ хороонд нэгдүгээр түвшний буюу нэн ядуу 99 өрх байна. Ямар ч орлогогүй зөвхөн халамжаар амьдардаг айлууд гэж хорооны дарга Б.Хишигт тодотголоо. Тэжээгчээ алдсаны, группийн, хүүхдийн мөнгөнөөс гадна хүнсний талоноор амьдардаг хэсэг. Сардаа том хүнд 10 мянга, хүүхдэд 5000 төгрөгөөр тооцож хүнс авах эрхийн бичиг өгдөг, тэр бичгээр чадан ядан голоо зогоодог айлууд энэ хороонд цөөнгүй. Судалгаагаар аравдугаар хорооны 1100 өрхөөс 47-хон айл чинээлэг буюу өрхийн амьжиргааны дээд түвшнийх гэж гарчээ. Энэ нь Баянхошууны эцэс хавийн мянга гаруй өрхийн дөрөвхөн хувь нь чинээлэг амьдардаг гэсэн үг. 

Статистикийн хороо өнгөрсөн сард дундаж цалинг 959.1мянган төгрөг гэж зарласан ч гэр хорооллын бага орлоготой иргэд дунджаар 300-500 мянган төгрөг л олдог юм байна. Оршин суугчдын ихэнх нь хороог төрийн үйлчилгээний анхан шатны байгууллага гэхээсээ илүүтэй халамжийн байгууллага  гээд ойлгодог гэж хорооны Засаг дарга ярив.Ядуу болж харагдах өрсөлдөөн захын хороон дээр ширүүхэн өрнөдөг гэнэ. Наад захын жишээ гэхэд л өрхийн амьжиргааны баталгаажих түвшин тогтоох судалгаа авахад 80 хувь нь халамжийн мөнгө авахын тулд худал мэдүүлсэн нь шалгалтаар илэрч. Боломжийн амьдралтай хэрнээ тусдаа гарсан хүүхдүүдээ нэг өрх мэтээр бүртгүүлж хүнсний тасалбар авдаг айлууд ч байдаг аж.  Ажилгүй хэрнээ Хөдөлмөр халамжийн хэлтсээс санал ирэхэд цалинг нь голоод хөдөлдөггүй, ээж, аавынхаа тэтгэврээр амьдраад байх сонирхолтой залуус олширчээ. Энэ хороо гэхэд 400 гаруй ажилгүй залуустай ч нэг нь ч ажил идэвхтэй хайдаггүй юм байна. 

Харин халамжийн төрлүүд дээр баргийн хуульчийг гаргаахгүй нарийн мэдээлэлтэй байдаг гэнэ. Уулзахдаа ярьдаг зүйл нь ямар нэгэн байдлаар халамж тэтгэлэгт хамрагдах. Ер нь ажилгүй иргэдийн ихэнх нь бэлэнчлэх сэтгэлгээнээсээ салахгүй байна. Сүүлд хүүхдийн мөнгө хаслаа гэхэд намайг хасчихсан юм шиг уурлаж, бөөн бухимдал болсон гэж хорооны Засаг дарга ярилаа. Энэ мэтээр эрүүл чийрэг атлаа группт багтсан залуус цөөнгүй. Улсын хэмжээнд нийт халамж хүртэгчдийн 28 хувь нь худал материал бүрдүүлж мөнгө авсан байдгийг албаныхан баталсан байдаг.

АРХИНД ДААТГАСАН АМЬДРАЛ

Энхэл донхолтой шороон замаар явсаар бид холцорч халтайсан байшинтай ундуй сундуйхан хашаанд ирлээ. Эднийх Х.Бямбачулууных. Эхнэрийг нь Сарнай гэдэг. Биднийг очиход тэр ажилдаа явсан байв. Саяхнаас дэн буудалд үйлчлэгчийн ажилд оржээ. Бямбачулуун, Сарнай хоёр найман настай ганц охинтой. Сүүлийн хэдэн жил хоёулаа архи уудаг байснаас болж охин Мишээлийг нь хорооны ажилтнууд асрамжийн газар хүлээлгэн өгчээ. Охин өөрөө ч 108 төв рүү аав намайг зодоод байна гэж дуудлага өгсөн удаатай гэнэ. Гэсэн хэдий ч аав нь асрамжийн газарт нь байнга очиж агсамнасаар охиноо гэртээ авчирчээ.Гэвч харж хандах хүнгүй учраас Сарнай Дорнодоос ээжийгээ дууджээ.

Биднийг хаалгаар ороход бөөлжисны эхүүн үнэр ханхийн угтав. Гэрийн эзэн шалан дээрээ “тасраад” унтаад өгч. Хуучны төмөр сараалжин ор, урагдсан хулдаас, халцарч муудсан хувцасны шүүгээ, эргэнэг энэ тэрхэн харагдана. Шохой нь холцорсон хана, бохир устай түмпэн гээд энэ айлын орчин цаанаа л гундуу. 

Архинаас гарч ажилд ороод удаагүй Сарнай саяхан цалин гэж 30 мянган төгрөг авчирчээ. Гэрийн эзэн харин ямар ч орлогогүй. Архи ууж, унтаж өдрийг өнгөрөөдөг бололтой. Тэд архи уудаг байхдаа ой найман сартай бага хүүгээ алджээ. Энгийн үед эдгэдэг гэдэсний өвчлөл түүний эндэх шалтгаан байж. 

Х.Бямбачулууных энд таван жилийн өмнө нүүж иржээ. Хоол унд, түлээ нүүрс гэх мэт хэрэглээг нь хамаатнууд нь залгуулдаг гэнэ. Сарнайгийн ээж Оюун “Манай хүргэний ах түлш дөхүүлж өгсөн. Одоо дуусч байна. Охин ажилтай болсон юм чинь алзахгүй байх аа. Зээ охиндоо хааяа наполеон авч өгөхөөр баярлаад сүйд болдог. Эгч нь хөдөө бага охинтойгоо түрээсийн байранд амьдардаг. Түрээсийн байрных нь төлбөрийг тэтгэврээ зээлээд өгчихсөн. Эдэнд илүүчлэх юм надад алга аа” гэж нулимс цийлэгнүүлэн ярив. Оройн хоолондоо голдуу шөлтэй хоол иддэг гэнэ. Мөнгөгүй үед жижиглэн савласан гэдэс цувдайг 700 төгрөгөөр авч гол зогоодог аж. Хорооноос архинаас гаргах цуглаанд явах уу гэхэд “Би архичин биш” гээд ирдэггүй гэв. Биднийг очиход Мишээл охин найзындаа тоглохоор явжээ. 


ХҮҮХДИЙН МӨНГӨ БУУСАН ӨДӨР АРХИ ТАМХИНЫ ГҮЙЛГЭЭ ЭРС НЭМЭГДДЭГ


Х.Бямбачулуун бол ажил эрхлэх хүсэл сонирхолгүй, архи ууж өдрийг аргацаан өнгөрөөдөг нэн ядуусын төлөөлөл юм. Хороонд нь түүнд хийчих ажил зөндөө ч хандаж ирсэн удаагүй аж. 

Манай улс одоогоор 71 төрлийн халамжийн үйлчилгээ үзүүлж байна. Үүнд засгаас 220 тэрбум, хүүхдийн мөнгө нэмэгдвэл 450 тэрбум төгрөг зарцуулдаг гэсэн тооцоо бий. Халамжийн хавтгайрлын оргил үе гэгддэг 2011 онд 900 тэрбумыг халамжид зарцуулж байсан түүх бий.

Хамгийн их хамрагддаг хүмүүс нь нийгмийн эмзэг бүлгийнхэн. Хүүхдийн мөнгөний тухайд бол амьдрах арга нь болдог. Баянхошууны эцсийн буудлын орчим гэхэд халамжийн мөнгө орсон өдөр дэлгүүрийн орлого эрс сайжирдаг гэж Тойргийн хүнсний дэлгүүрийн худалдагч ярьж байлаа. Тэр өдөр энэ орчмоор архидалт хавтгайрдаг гэнэ. Дэлгүүрээс голдуу авдаг зүйл нь архи тамхи, талх. Түүнийгээ дагуулж бага сага зайрмаг чихэр авдагбас бичүүлсэн өрөө өгдөг өдөр гэв.


БАРБИТАЙ БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ МИШЭЭЛ ОХИН 

Ээжийнхээ хааяахан авч өгдөг зайрмаг, эмээгийнхээ ховорхон хийж өгдөг тахианы махтай шөлний амттайг гайхуулж, хувцасны гоё загвар бүтээдэг мундаг хүн болох мөрөөдлөө ярихдаа харц нь гэрэлтэх энэ охиныг Мишээл гэдэг.  Энэ жил гуравдугаар ангид суралцаж байгаа. Хичээлээ хийчихээд зав л гарвал хэдэн гудамжны цаахна амьдрах найзынхаа гэрт очиж тоглодог., сүүлийн үед "Ид шидийн орон" хүүхэд хамгаалалын төвийн гулсуур руу явдаг болсон гэж эмээ нь тайлбарлав. Кристина Нобелийн сангийн асрамжийн газарт хэдэн сар амьдрахдаа аав, ээжийгээ санасан гэнэ. “Би заавал гоё хувцас оёдог дизайнер болно оо. Даанч надад барби байхгүй. Барбитай л болмоор байна” гэж дуржигнуулах Мишээл охин цаас хайчилж, хувцас эсгэж, чимэглэх дуртай аж. Амралтын өдрөө хооллож, бэлэг өгдөг болохоор сүмд явах дуртай гэж ярилаа. 


ТАВАН АМ БҮЛТЭЙ Н.ГАНПҮРЭВИЙН ОРОЙН ХООЛ  ТАЛХНЫ ҮНЭТЭЙ ТЭНЦДЭГ

Амьдрал нь амьжиргааны доод түвшнийх ч архи ууж, гар хумхиж суудаггүй залуусын нэг нь Н.Ганпүрэвийнх. Хүүхдүүдийнх нь харц гэрэлтэй, гэр нь цэмцгэр, халуун дулаан уур амьсгалтай айл биднийг угтав. Хашаа хатгаж завдалгүй хэдэн жил болсон энэхүү газрынхаа гэрчилгээг саяхан авчээ. Гэрийн баруун хаяанд ширээнд дээр тавьсан байгалийн зураг, хойморын шүүгээнд өрсөн Чингис хаан, монгол баатрын хэдэн жижиг баримлыг Н.Ганпүрэв өөрөө зурж урлажээ. Түүний нэг сарын орлого 400 мянган төгрөг. Шимтгэл төлөөд гар дээр нь ирдэг нь 300 гаруй мянган төгрөг ажээ. Цалин нь арваад хоногоор хүлээгдэх энүүхэнд гэнэ. Цэцэрлэгийн насны хоёроос таван насны гурван хүүхэдтэй ам бүл тавуулаа болохоор цалингийнхаа 90 хувийг хоолоо бэлдэхэд зарцуулдаг юм байна. Үлдсэн мөнгөөр нь цахилгааны төлбөрөө хийж, автобус унаанд сууж, бага сага хувцас бэлдээд таардаг гэж гэрийн эзэгтэй Г.Алтанзул ярилаа. Гэртээ хүүхдүүдээ хардаг бүсгүй нөхрийнхөө олсон мөнгөөр гурил, мах, цувдай, ургамлын тос, төмс л авдаг аж. Махнаас хямдаар нь адууны мах л авдаг гэнэ. Бүр мөнгөгүйдвэл 700-1500 төгрөгөөр жижиглэн буюу багаар савласан цувдай авдаг гэж сонирхуулав. Хоёр кг адууны махаар дээд тал нь долоо хонодог юм байна. Эднийх ганцхан төрлийн хоол хийдэг. Оройдоо ахиухан цуйван хийгээд үлдсэнээр маргааш өдрөө аргацаадаг аж. Талх, гурилан боов огт авдаггүй, хааяадаа мантуу жигнэдэг, бүр тансаглалаа гэхэд боорцог хайрдаг гэж Алтанзул ярилаа. Ер нь орой ахиухан хийчихдэг цуйвангаараа л өглөөний цайгаа ч аргалчихдаг юм байна. 

Цалин нь цагтаа буудаггүй учраас ойролцоох мухлагаасаа зээл авдаг гэнэ. Хүйтний улиралд яаж ч даарсан өдөрт  нэг л шуудай нүүрс хэрэглэдэг гэж гэрийн эзэн ярив. Ес тачигнасан хүйтэнд ч нэг шуудай нүүрснийхээ нормыг хэтрүүлж болохгүй гэсэн дүрэм эднийд үйлчилнэ. Гэрийн эзэн “Хүүхдүүдээ дааруулан барин нүүрсээ хэмнэхээс аргагүй. Нүүрсний үнэ улам өсч шуудай нь жижигрээд байх юм. Зарим өдөр нэг шуудай нүүрснийхээ талаар ч амьдарна шүү дээ” гэж ярив.

Н.Ганпүрэвтэй цөөн хором ярилцлаа. 


ДУУЛАХ МӨРӨӨДЛӨӨ ОРХИСОН Ч ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ӨӨДРӨГ АМЬДАРНА

-Гарын ур дүйтэй юм аа. Энэ чиглэлээрээ ажил эрхлэх талаар бодож үзсэн үү?

-Зөндөө судалсан. Гарааны мөнгөгүй улсад хэцүү юм билээ. Муу материалаар хийхээр бутраад уначихдаг. Сайныг нь авахаар өртөг өндөртэй. Хоёр сая төгрөгөөс дээш төсөвтэй байж л ажлаа эхлүүлж болох юм байна. Боломж нь бүрдэж өгөхгүй л яваад байна. 

-Дуурийн дуулаач гэсэн. Яагаад мэргэжлээрээ ажиллаагүй юм бэ?

-Анх Монголыг хүүхдийн ордоноос Япон руу долоон хүүхэд дууны тэмцээнд явахад түрүүлж СУИС-д орж байлаа. Одоо бол урлагаасаа холдсон. Сургуулиа төгсчихөөд хэзээ нэгэн цагт дуулна даа гэсэн мөрөөдөл байсан. Одоо бүх мөрөөдөл ард хоцорсон. Гэхдээ мэдээж шантрахгүй. Хүүхдүүд маань эрүүл саруул торниж байна. Удахгүй тогтмол цалинтай ажилд орчих байх. Хүүхдүүдээ цэцэрлэгт бүртгүүлчихвэл эхнэртэйгээ цуг ажиллаад орлогоо өсгөчихнө. Өөдрөг сэтгэлээр амьдрахгүй бол бүр л унана шүү дээ.

-Өөр ажил хайж үзэв үү?

-Ажил хайгаад очихоор хар ажил л байдаг. Өнгөрсөн өвөл ТҮК-д ажилд орсон. Хэдэн сар ажиллаад яг жинхэлэхийн өмнө нуруу татчихсан.

-Шинэ жилээ яаж тэмдэглэдэг вэ?

-Бялуу, салатаа идээд л баярладаг.  Том ширээ засаад сайхан гацуур засчихаад хүүхдүүдээ тойруулж суувал сайхан. Одоохондоо тийм боломж алга.

-Гар дээрээ хамгийн дээд тал нь хэдэн төгрөгийн цалин авч байв?

-800 мянган төгрөг. Тэр мөнгөөрөө гэртээ хөшиг цаваг гээд том худалдан авалт хийсэн. 


ХРИСТИЙН ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛИУД ГЭР ХОРООЛЛЫНХНЫ ХАНДДАГ ГАЗАР БОЛЖЭЭ

Аравдугаар хороонд жилд 250-300 хүүхэд шинээр мэндэлдэг. Жилд дунджаар цэцэрлэгийн насны 870 хүүхэд нэмэгддэг гэсэн үг. Тиймээс 380 хүүхдийн орон тоотой ганц цэцэрлэг нь хаанаа ч хүрэлцдэггүй. 2002 оноос христэд итгэгчдийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн “Монтессори” цэцэрлэг ажилладаг.

Тэр орчимдоо сургалт сайтай гэгддэг энэ цэцэрлэгийн төлбөр нь 40 мянган төгрөг. Хэцүүхэн амьдралтай айлаас 5000 төгрөгийн төлбөр авдаг гэв. Энэ хороо сургуульгүй учраас хүүхдүүд зэргэлдээ есдүгээр хорооны сургуульд суралцдаг ажээ. Ирэх жилээс сургуультай болох сураг эхнээсээ дуулджээ. Нөгөө нь Христэд итгэгчдийн барьж байгаа сургууль. Христ дотроо хүмүүнлэг урсгалынх учраас зөвшөөрлийг нь өгсөн, саяхан шаваа тавьсан гэсэн мэдээг хорооны даргаас сонсов. 

Аравдугаар хороонд хэмжээнд нэг буддын сүм, Шинэ гэрэл, Гэгээн Софиа зэрэг христийн сүм ажиллаж байна. Сүүлд зөвшөөрөлгүйгээр Хайрын будаа сүм ажиллаж эхэлжээ. Христийн сүмүүд шашны үйл ажиллагаанаас гадна дэргэдээ өдөр өнжүүлэх төвтэй нь гэр хорооллын хүүхдүүдийг татсаар өдийг хүрсэн байна.

Хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн "Ид шидийн орон" хүүхэд хамгааллын төв энэ орчмын хүүхдүүдийн очих дуртай газар болжээ.