Улаанбаатар хотод тогтоосон Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаа 2021 оны нэгдүгээр сарын 6-нд дуусна.

Өчигдөр ЭМЯ, МХЕГ, ОБЕГ зэрэг мэргэжлийн 11 байгууллага өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэсэн эрсдэлийн үнэлгээг хийсэн байна. Монгол Улсын хувьд коронавирусийн халдвар нийт хүн амын дунд өргөн хүрээнд тархах эрсдэл маш өндөр байгаа учраас хатуу хөл хорио буюу Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацааг Улаанбаатар хотод үргэлжлүүлэн 14 хоног сунгах саналыг Улсын онцгой комисс /УОК/, Засгийн газарт хүргүүлснийг эх сурвалж мэдээлэв. 

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

Вирусийн дэгдэлт 2-4 сар үргэлжилдэг. Монгол Улсад гарч байгаа энэ дэгдэлт 8 долоо хоног үргэлжилж, өнөөдрийн байдлаар 9 дэх долоо хоног руугаа шилжиж байгаа бөгөөд халдварын идэвхжил өндөр, оргил үедээ хүрч буй цаг үе ирсэн байна.Цар тахлын энэ вирус шинэ учраас хүн хооронд маш хурдан тархдаг, өртөхгүй хүн гэж байхгүй. Иймд хүн бүр хичээнгүйлэн халдвар хамгааллын дэглэмээ сахихыг анхааруулж байна.