Приморийн хязгаарын Находка хотоос холгүй газар хоригдож буй халимнуудыг тавьж явуулахад тусламж үзүүлэхийг Канад-америк гаралтай жүжигчин бөгөөд “IFAW” Олон улсын амьтан хамгаалах сангийн зөвлөлийн гишүүн Памела Андерсон Оросын эрх баригчдаас хүсчээ.

Олон улсын амьтан хамгаалах сангийн цахим хуудаст байршуулсан захидалдаа тэрбээр алуурчин халим болон цагаан халимнуудыг Хятад улсад худалдан борлуулах зорилгоор хорихгүй байхыг хүссэн байна.

“Алуурчин болон цагаан халимнуудыг гаргах тухай эцсийн шийдвэр гараагүй байгааг би ойлгож байгаа хэдий ч тэдгээр амьтныг тавьж явуулахыг үүрэг болгохыг хүсч байна” хэмээн тэрбээр тэмдэглэжээ.

Түүнчлэн амьтдыг зэрлэг байгальд нь эргүүлэн тавих тусгай төлөвлөгөө боловсруулах зорилгоор Оросын эрх баригчид байгаль хамгаалагчид хийгээд олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллана гэж найдаж байна хэмээн Памела Андерсон мэдэгдсэн байна.

Худалдаа хийх зорилгоор өнгөрсөн онд Охотын тэнгист 12 алуурчин халим, 90 цагаан халимыг барьжээ. Амьтдыг Приморийн хязгаарт хорих нь аюултай гэж үзэж байгаагаа амьтан хамгаалагчид нэг бус удаа мэдэгдэж байсан бөгөөд тус газрыг “халимны шорон” гэж нэрлэсэн байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, АиФ