НЬЮ-ЙОРК. /TASS/. “Forbes” сэтгүүлийн хамгийн баян рэперүүдийн жагсаалтыг энэ жил Америкийн дуучин Jay-Z нэг тэрбум ам.долларын хөрөнгөөрөө тэргүүлжээ.

Jay-Z түүхэн дэх хамгийн анхны тэрбумтан рэпер болсон тухай “Forbes” сэтгүүл урьд нь мэдээлсэн билээ. Харин түүний гэр бүлийн хөрөнгө тэрбумаас давжээ. Jay-Z эхнэр Бейонсегийнхоо хамт нийтдээ 1.4 тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгө эзэмшдэг байна.

Жагсаалтын хоёрдугаарт, рэпер, продюсер Dr. Dre оржээ. “Forbes” сэтгүүл түүний хөрөнгийг 800 сая ам.доллароор үнэлсэн байна. Гуравдугаарт, Puff Daddy буюу P. Diddy нэрээрээ олны танил болсон хип-хоп дуучин Diddy бичигджээ. Тэрбээр 740 сая ам.долларын хөрөнгө эзэмшдэг байна. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад Diddy нэг байраар ухарсан нь эзэмшдэг зарим компанид нь асуудал үүссэнтэй холбоотой ажээ. Гэхдээ чухам тэрбээр Jay-Z-гийн дараа тэрбумтан рэпер болно гэж “Forbes” сэтгүүлийнхэн үзэж байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг