Хамгийн үнэтэй брэндүүдийн жагсаалтыг “Apple” тэргүүллээ

МОСКВА. /RIA Novosti/.  Америкийн “Apple” компани “Forbes” сэтгүүлийн хамгийн үнэтэй брэндүүдийн жагсаалтыг ес дэх жилдээ тэргүүллээ.

“Apple” компанийн брэнд 205.5 тэрбум ам.доллароор үнэлэгдсэн нь өнгөрсөн жилийнхээс 12 хувиар өссөн үзүүлэлт аж. Үүнээс гадна, “Apple” брэндийн үнэлгээ түүхэнд анх удаа 200 тэрбум ам.доллароос давжээ.

Хамгийн үнэтэй брэндүүдийн жагсаалтын эхний тавд “Apple”-аас гадна “Google”, “Microsoft”, “Amazon” болон “Facebook” гэсэн технологийн салбарын компаниуд орсон байна. 

“Google” брэндийн үнэлгээ өнгөрсөн жилийнхээс 27 хувиар өсөж, 167.7 тэрбум ам.долларт хүрчээ. “Microsoft” брэнд 125.3 тэрбум ам.доллароор /+20% / үнэлэгдсэн бол  “Amazon” энэ жилийн жагсаалтад тавдугаар байраас дээшилж, дөрөвдүгээрт бичигдсэн байна. “Forbes”-ийн шинжээчид тус брэндийг 97 тэрбум ам.доллароор үнэлжээ. Энэ нь өнгөрсөн оны үнэлгээнээс 37 хувиар өссөн үзүүлэлт юм.

Үнэлгээ нь буурсан цорын ганц IТ-бренд бол “Facebook” юм. Тус компани энэ жил дөрөвдүгээр байраас ухарч тавдугаарт оржээ. Жагсаалтын эхний аравт багтсан брэндүүдээс зөвхөн тус брэндийн үнэлгээ 6 хувиар буурч, 88.9 тэрбум ам.доллар болсон байна.

IТ-гийн салбараас гадуурх хамгийн үнэтэй брэнд нь Coca-Cola болсон байна. Үнэлгээ нь өнгөрсөн оныхоос 3 хувиар өсөж, 59.2 тэрбум ам.долларт хүрснээр “Coca-Cola” жагсаалтын зургадугаарт бичигджээ.

Дээрх жагсаалтад нийтдээ 16 улсын брэндүүд багтсаны 56 нь АНУ-ынх, 11 нь Германых, долоо нь Франц улсынх, зургаа нь Японых аж.


 


Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

apple хамгийн үнэтэй брэнд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.