Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
11 сарын 04, 2024
АНУ-ын 60 дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль маргааш болно. Сонгуулийн санал хураалт Вашингтоны цагаар арваннэгдүгээр сарын 5-нд, Улаанбаатарын цагаар арваннэгдүгээр сарын 6-нд явагдах юм.
Үүнтэй холбоотойгоор нэр дэвшигчид компанит ажлынхаа сүүлийн уулзалтыг хийсэн байна. Ардчилсан намаас төрийн тэргүүний ээлжит сонгуульд нэр дэвшиж буй Камала Харрис "савлагаатай" мужийн нэг гэгдэх Мичиган дахь сонгогчидтойгоо уулзсанаар компанит ажлаа өндөрлүүлжээ.
Сонгуульт ажлын турш Дональд Трампыг "Тууштай бус, тогтворгүй, ардчилалд заналхийлдэг нэгэн" хэмээн тодорхойлж байсан Харрис сүүлийн уулзалтынхаа үеэр Трампын нэрийг нэг ч удаа дурсаагүй байна. Харрис Ардчилсан намаас нэр дэвшсэнээс хойш сонгогчидтой хийсэн уулзалтын үеэр Трампын нэрийг хэлээгүй анхны тохиолдол энэ юм.
Үүгээрээ Харрис сонгуульт ажлаа эергээр дуусгахыг хүсэж байгааг илтгэж байгаа аж.
Тэрбээр, Мичиганы сонгогчидтой хийсэн хаалтын үгэндээ "Америк шинэ эхлэл, шинэ замд бэлэн байна" гэжээ.
Харин АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч асан Доналд Трампын хувьд Жоржиа мужид очиж сонгуульт ажлынхаа сүүлчийн уулзалтыг хийсэн байна.
Сонгуулийн үр дүнг хаашаа ч эргүүлж магадгүй долоон муж байгаа юм. Савлах мужууд нь сонгууль бүрд өөр байдгаараа онцлогтой. Энэ удаагийн сонгуульд нийт 7 савлах муж байгаа бөгөөд үүнд Аризона, Жоржиа, Мичиган, Невада, Хойд Каролина, Пеннсилвани, Висконсин, Небраска зэрэг багтаж байна.
Тус мужууд саналаа аль намд өгөх нь тодорхойгүй байгаа учир нэр дэвшигчид хамгийн их анхаарал хандуулж байгаа юм.
Урьдчилсан санал асуулгаар Харрис, Трамп нар дээрх мужуудад эн тэнцүү өрсөлдөж байна. Тиймээс хоёр нэр дэвшигчийн хувьд сонгогчдын дэмжлэгийг авахаар сүүлчийн удаа очжээ.
Эх сурвалж: Time.com
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.