Цагаачдын охин АНУ-ын Дэд Ерөнхийлөгч болсон түүх: Камала Харрис

Peak.mn
09 сарын 11, 2024

Энэ жилийн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамптай хүч үзэж буй Камала Харрисыг уншигч та андахгүй биз. Тэрбээр АНУ-ын 49 дэх Дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны өнгөт арьст, Ази гаралтай эмэгтэй улс төрч гэдгээрээ олны анхаарлыг татаад буй. 

Улс төрд орсон цагаасаа эрс шийдэмгий, өөртөө итгэлтэй, ажилдаа хариуцлагатай гэдгээрээ ялгарч, олны хүндлэлийг хүлээсэн Камалагийн амьдралын түүхээр аялъя.  


Цагаачдын охин Камала

Түүний аав болох Доналд Харрис нь Ямайкаас АНУ руу эдийн засгийн чиглэлээр сурахаар цагаачилсан нэрт эдийн засагч хүн байжээ. Харин ээж Шямала Гопалан нь Энэтхэг гаралтай био-анагаах ухаан судлаач, иргэний эрхийн төлөө тэмцэгч хүн байсан юм.  Эцэг эх нь түүнийг 5 настайд нь салснаар Камала дүүгийнхээ хамт ээжтэйгээ амьдрах болжээ. 

Ээж нь түүнд “Камала, чи маш олон зүйлийг хийсэн анхны хүн нь болж магадгүй, гэхдээ сүүлчийнх нь биш гэдгээ батлан харуулаарай” гэж хэлсэн нь түүнийг өдий хүртэл зорьсондоо итгэл төгс, амжилттай эмэгтэй байхад нь нөлөөлсөн гэдэг.


Арьс өнгөөр ялгаварлах нийгмийг туулсан түүний хүүхэд нас 

Түүний хүүхэд нас Берклигийн хөгжил муутай дүүрэгт өнгөрсөн гэдэг. Тухайн үед арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцэх хөдөлгөөн хүчтэй өрнөж эхэлснээр Камала цагаан арьст хүүхдүүдтэй нэг сургуульд суралцах боломж нээгдсэн байна. 

Камалаг 12 настай байхад ээж нь Макгиллийн их сургуульд багшлах болсноор тэд Канад руу нүүж, тэндээ дунд сургуулиа төгссөн түүхтэй.

Тэрбээр 1986 онд бакалаврын зэргээ Вашингтоны Ховардын их сургуулийг улс төр судлаач мэргэжлээр дүүргэж, 1989 онд Калифорнийн их сургуулийн Хастингс хуулийн коллежид докторын зэргээ хамгаалсан байдаг. 


Анхны гэх тодотголын эзэн 


Түүний амьдралын намтарт бичигдсэн бүхий л зүйл нь анхны гэх тодотголтой. 

Тэрбээр Сан-Францискогийн дүүргийн прокуророор сонгогдсон анхны эмэгтэй, Калифорни мужийн Ерөнхий Прокурорын сонгуульд ялсан анхны эмэгтэй төлөөлөгч, мөн АНУ-ын Дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны эмэгтэй болж байв. Харин энэ удаад АНУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болохоор горилон өрсөлдөж байна. 


Улс төрийн хүчтэй тоглогч 

Камала улс төрд орж ирсэн цагаасаа хүний эрхийг дээдэлсэн, гэр бүлд ээлтэй бодлого баримталж иржээ. Түүнчлэн эмэгтэйчүүдийн бие даан шийдвэр гаргах эрх чөлөө, зэвсэгт хүчирхийллээс ангид байх, сонгох, цэвэр ус ууж, цэвэр агаараар амьсгалах эрх чөлөөний төлөөх тэмцлийг эхлүүлсэн юм. 

Мөн улс төрд байх хугацаандаа цагдаа нарын арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, албан тушаалаа ашиглан хэт их хүч хэрэглэх байдлыг таслан зогсоохын тулд “Цагдаагийн үйл ажиллагаан дахь шударга ёсны тухай” хуулийг санаачилсан. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, илүү өргөжүүлэх бодлогыг баримталсаар иржээ.

Харрисын гол бодлого нь дотооддоо хүчирхэг байж чадвал гадаадад ч хүчирхэг байж чадна гэсэн үзэл юм. Тиймээс улс төрийн хамтрагч Жо Байдены хамт өнгөрсөн жилүүдэд Америкийн хөдөлмөрч ард иргэд рүү чиглэсэн бодлого хөтөлбөр боловсруулан ажилласан аж. 

Тэрбээр өөрийн хувийн болон мэргэжлийн туршлагадаа үндэслэн “Бидний баримталдаг үнэн: Америкийн аялал” номоо 2019 онд хэвлүүлж байжээ. Тус ном нь Нью Йорк Таймс сонины хамгийн их борлуулаттай ном болж байсан удаатай. 

Дүгнээд үзэхэд Харрис карьерынхаа туршид нийгмийн шударга ёс, эрүүгийн эрх зүйн шинэчлэлийн төлөө тэмцсээр ирсэн юм. 


Энэ удаагийн сонгуулийн таамаг

Түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласнаас 24 цагийн дотор 81 ам. долларын хандив цугласан нь АНУ-ын түүхэн дэх хамгийн их хандив цугларсан тохиолдол болсон юм. Энэ үйл явдлаас ард иргэд нь Харрисыг хэр дэмжиж байгааг илтгэж байгаа юм.

Харрисын хувьд өөрийн дэд ерөнхийлөгчөөр Тим Уользыг сонгосон ба түүний ялах магадлалыг одоогийн байдлаар 54%-тай байна гэж сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлжээ. Энэ нь эсрэг намын өрсөлдөгч Доналд Трампаас даруй 2 хувиар дээгүүр үзүүлэлт юм.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 11-р сарын 5-нд болно. Сонгуулийн үр дүнд сурталчилгааны стратеги, олон нийтийн санаа бодол, цаг үеийн үйл явдал, сонгогчдын ирц зэрэг олон хүчин зүйлс нөлөөлөх билээ. 


Мэдээллийг бэлтгэсэн: Н.Жавхлан

Холбоотой сэдвүүд

ану сонгууль2024 камала харрис

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.