Өнөөгийн хүүхдүүд харшлаас салахаа байжээ гэсэн хуучны хөгшчүүдийн ярих дуулдана. Үнэхээр л агаарт гарахаараа хамар нь битүүрсэн, ханиаж найтаасан хүмүүс хаа сайгүй болжээ. Статистик тоо харвал Монгол улсын хэмжээнд 5 хүн тутмын нэг нь ямар нэгэн зүйлээс харшилтай гэсэн судалгаа гарсан байна.

Чимээгүй тахал хэмээгдэж хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдалд томоохон асуудал болж буй харшилд хамаатуулах шалтгаан олон. Дархлаа муудсанаас, ургамлын тоосонцор, хотжилт гээд буруутгах асуудлууд байгаа ч уг үндэс нь бэлчээрийн доройтол, цөлжилтөөс үүдсэн байдаг ажээ. Энэ талаар судлаачид ийнхүү онцолж байна.



Хөрсний доройтол эцэстээ тулж маш олон хүн харшилд “дарлуулах” шалтгаан болж байна

Ургамал судлаач, Доктор М.Уртнасан:  


Хоёр жилийн өмнө гэхэд уул талыг нэлэнхийд нь бүрхсэн нил ягаан цэцэгтэй зураг нийгмийн сүлжээнд трэнд болсон.Харахад үзэсгэлэнтэй ч үнэндээ харагдаж байгаа шигээ сайхан цэцэг биш. Ингэж нэг өнгийн цэцэг олноор гарахыг судлаачид байгаль орчин доройтож муудсаны илрэл гэж үздэг.  Өмхий шимэлдэг хэмээн нэрлэгддэг энэ цэцэг эфирийн тос агуулдаг, хурц үнэртэй.  Дэргэд нь удаан байвал харшил өгөх, мансуурах зэрэг олон сөрөг нөлөөтэй. Сайхан зураг авахуулаад л сүүлд нь салахгүй харшилтай болоод үлдэх магадлал өндөр. Энэ бүхний ард бэлчээрийн доройтлын асуудал бий.Цэцэгний өнгө үнэрээрээ хүртэл хөрсний доройтол болчихлоо гэдгээ илэрхийлээд байна шүү дээ. Харамсалтай нь бэлчээр гэхээр манайхан хэдэн малчдад л хамаатай юм шиг ойлгосоор өдийг хүрсэн. Үүний балгаар хөрсний доройтол эцэстээ тулж маш олон хүн харшилд “дарлуулж” байна. Зарим хүн өвс ногоо тарьчих юм чинь гэж боддог. Үнэндээ таримал ногоон талбай хэзээ ч унаган ургамал, түүнийг тойрсон эко системийг хэзээ ч гүйцэхгүй. Харагдаж байгаа нь ногоон болохоос эко биш шүү дээ.  Хотын ногоон бүсүүд тэр чигээрээ л шарилж луульд баригджээ. Харшилтай гээд хүүхдээ хөдөө ч явуулж чадахгүй эцэг эх олон болчихлоо. Энэ хэрээрээ харшил гээд байгалийн сайхныг ойлгож мэдэхгүй эх дэлхийдээ ээлгүй хүмүүс өсөн байгаад харамсдаг. Ядаж л хараахан цөлжөөгүй дээр нь бага зардлаар нөхөн сэргээхэд анхаармаар байна.

 Ургамлын тоосны харшлын хүндрэлээс болж нас барсан тохиолдол ч бий

Монголын харшил судлалын нийгэмлэгийн тэргүүн, Анагаах ухааны доктор, дэд профессор С.Мөнхбаярлах:

Шарилж, луулины тоос нь бусад ургамлаас илүү хүнд хэт хүчтэй мэдрэгшил үүсгэдэг онцлогтой. Ерөнхийдөө хөрс нь гэмтэж талхлагдсан газарт голдуу ургадаг. Тийм учраас хөл газрын ургамал гэдэг. Сүүлийн жилүүдэд манай орны бэлчээрийн талбайн 70 гаруй хувьд хүний биед харшилдаг хөл газрын ургамал ургасан талаар судлаачид бичсэн байдаг юм билээ. Үнэхээр ч сүүлийн үед хүн амын дунд харшлын өвчлөл нэмэгдчихлээ. Харшил аюултай, хүндрэл өгвөл амь эрсдүүлдэг өвчин гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.  Ургамлын тоосны харшлын хүндрэлээс болж нас барсан тохиолдол ч бий шүү дээ.  Сүүлийн үед хүүхэд залуусын дунд харшлын тохиолдол нэмэгдсэн сэтгэл эмзэглэдэг. Үүнд агаарын бохирдол, цөлжилт гээд олон хүчин зүйл нөлөөлж байна. Өмнө нь хөдөө орон нутгийн хүмүүсээс тэр бүр харшлаар өвддөггүй байлаа. Гэтэл сүүлийн үед малчид, орон нутгийн иргэд ч харшлаар нэлээд өвддөг болоод байна. Ер нь бид байгалиасаа холдож суурьшмал баруунжсан амьдрал руу шилжихийн хэрээр харшил ихсэж байна. 


Шарилж идсэн малын мах идвэл мөн л энэ төрлийн харшил сэдэрдэг

АӨСҮТ-ийн Харшил судлалын лабораторийн эрхлэгч Б.Сангидорж:

Харшлын улмаас өвчилж байгаа хүмүүсийн олонх нь ургамлын тоосонцор, шарилжаас үүдэлтэй.  Энэ төрлийн харшлаар өвчлөх хүмүүсийн тоо жил ирэх тутам өссөөр байна

Анзаараад байх нь ээ хотын зах руу маш их шарилж лууль зэрэг хогийн ургамал ургаж байна. Өнөө л хөрсний доройтлын балаг шүү дээ. Сүүлийн жилд зарим малын махнаас шарилж амтагдах тохиолдол гарсан. Шарилж идсэн малын мах идвэл мөн л энэ төрлийн харшил сэдэрдэг.