peak.mn
12 сарын 10, 2018
Хэдийгээр Анкара холбогдох хүсэлт гаргасан боловч Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Жамаль Хашоггийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан хүмүүсийг Туркийн талд шилжүүлэн өгөхгүй. Ийм мэдэгдлийг Саудын Арабын Гадаад хэргийн сайд Адель аль-Жубейр хийснийг телевизийн Al Jazeera суваг уламжилжээ.
Саудын Арабын эрх баригчид сэтгүүлчдэд тохиолдсон явдлын үнэн мөнийг олохыг хүсч байгаа бөгөөд юу ч нуухгүй гэдгийг тус улсын Гадаад хэргийн сайд онцлон тэмдэглэсэн байна.
Сэтгүүлчийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа Саудын Арабын Тагнуулын ерөнхий газрын дарга асан, генерал Ахмед Асириг болон угсаа залгамжлагч хунтайжийн зөвлөх байсан Сауд аль-Кахтаниг баривчлах зөвшөөрлийг Туркийн шүүх 12 дугаар сарын 5-нд өгчээ. Yeni Safak сонинд мэдээлснээр, сэтгүүлчийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Саудын 15 иргэнийг эчнээгээр баривчлах зөвшөөрлийг Истанбулын эрүүгийн шүүх 11 дүгээр сард өгсөн аж. Энэ хүмүүсийг Туркийн талд шилжүүлэн өгөх хүсэлтийг Саудын Арабад тавьсан гэж тус сонинд мэдээлжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.