Хатуу хөл хорио зарласнаас хойш бид цөөнгүй өдрийг үдэв. Дэлгүүр, худалдааны төв, үйлдвэрүүд хаалттай энэ цагт Засгийн газраас ард иргэдээ тайван байж дархлаагаа дэмжихийг уриалж байгаа. Гэсэн хэдий ч үүний ард хамгийн их сэтгэл түгшиж суугаа хэсэг бол яах аргагүй ААН, үйлдвэрлэгчид билээ. Тэдний зарим нь орлогогүй хэрнээ ажлын байраа авч үлдэхээр хичээж нөгөө хэсэг нь хаалгаа барих дээрээ тулаад байна. Нөхцөл байдал чухам ямаршуу байгаа талаар жижиг дунд үйлдвэрлэгчдийн төлөөллөөс тодрууллаа. Тэдэнд ямар хүндрэл, бэрхшээл тулгарч байгааг Засгийн газрын гаргасан шийдвэр дэмжлэг болж чадсан эсэх талаар ийнхүү ярьж байна.

Э.Азжаргал: Хариуцлагагүй төрийн балгаар залуусын хүсэл мөрөөдөл, хичээл зүтгэл салхинд хийсэж байна

 "Маяара трейд" ХХК-ийн үүсгэн байгуулагч

Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухайд: Засгийн газрын авч буй арга хэмжээ хувийн хэвшилд ямар ч бодитой дэмжлэг болж чадаагүй. Төрийн хийгээд байгаа энэ зүйлийг арга хэмжээ гэхэд ч гоёдно. Үнэндээ хөрсөнд буугаагүй шийдвэр гаргалаа. Өөрсдөө үйлдвэрлэл  эрхэлж үзээгүй, зовлон мэдэхгүй болохоор ийм шийдвэр гаргадаг биз ээ. Сайд, дарга нарын зөвлөхүүд нь юу судалж байгаа юм бол. Бусад улс орны жишээ, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг уншаач, судлаач гэж хэлмээр санагдсан. 

Бизнест тулгарч буй хүндрэл бэрхшээл: Өнгөрсөн оноос хойш цар тахал бизнест нөлөөлж эхэлсэн. Миний мэдэхээр нэлээн хэдэн компани дампуурсан, үйл ажиллагаагаа хумьчихлаа.

Монголын ихэнх ААН-үүд түрээсийн байранд үйлдвэрлэл, үйлчилгээгээ эрхэлдэг. Хөл хорио тогтоож, тэг зогсолт хийж, борлуулалтгүй ч тогтмол болон урсгал зардал гардгаараа гарч байна. Түрээслэгчид ч бас л бидэнтэй адилхан бизнес хийдэг эсвэл түрээсээрээ орлого олдог иргэд шүү дээ. Манай шийдвэр гаргагчид бодит амьдрал мэдэхгүй, гаргаж буй шийдвэр нь хөрсөндөө буухгүй юм. Аливаа зүйлийн харагдах байдлыг нь биш мөн чанарыг хараач гэж хэлмээр байна.

Азийн хэмжээнд ЖДҮ-лэгчид нийт ажлын байрны 60 хувийг бүрдүүлдэг. Гэтэл Монголын ажлын байрны 80 хувийг жижиг дунд бизнес эрхлэгчид үүрч яваа. Энэ тооны ард олон иргэдийн амьдрал яригдана. Хариуцлагагүй төрийн балгаар залуусын хүсэл мөрөөдөл, хичээл зүтгэл салхинд хийсэж байна. 

Зуны дэлгэр цаг, намрын налгар өдрүүдэд улс төрчид сонгуульдаа анхаарснаас өөр зүйл хийсэнгүй. Бид юуны төлөө ажлын байр үүсгэж, юуны төлөө татвар төлж байгаагаа ч ойлгохоо болилоо. Бид  өнөөдрийг хүртэл улс орондоо бүтээдэг, ургуулдаг, үйлдвэрлэдэг, баялаг бүтээгч иргэн байхын төлөө шалтаг тоочилгүй хичээн ажилласаар ирсэн. Ийм хэцүү цаг үед төр иргэдээ, ААН, үйлдвэрлэгчдээ уландаа гишгэлж, дэвсэлж буйг нүдээрээ харлаа. 

Хэрэглэгчдийн сэтгэл зүйд томоохон өөрчлөлт орчихлоо. Энэ нь худалдан авалт хэсэгтээ хийгдэхгүйг илтгэнэ. Гадны улс оронд хэрэглэгчдийн сэтгэл зүй өөрчлөгдсөнөөс болж эдийн засаг хумигдаж, бизнесүүд дампуурч байгаа талаар ярьж бичиж байсан. Манайд бүгдийг нь л хумиад байх юм. Цаана нь байгаа бид яах вэ? Эргэлтийн хөрөнгөө 2019 оны цар тахлаар тавиад туучихсан. Одоо бидэнд ямар ч эрсдэлийн сан байхгүй, хуримтлал ч үлдээгүй. Эдийн засаггүй бол улс орон оршин тогтнох үндэслэлгүй. Төр эдийн засгийнхаа асуудалд нэн яаралтай анхаарах хэрэгтэй байна. 



А.Солонго: Шуудхан хэлэхэд засаг бидэнд "та нар дампуур бидэнд хамаагүй" гээд хэлчихлээ


"Цайдам трейд" ХХК-ийн Захирал 

Монгол хүн чанартай бүтээгдэхүүн идэх ёстой, монгол чихрээ идээсэй гэсэн хүслээр “Бурамхан” нэрийн хатуу чихэр үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэж ирсэн.  Чихрийн жижиг үйлдвэрээ байгуулаад жил гаруй болж байна. Одоогийн байдлаар бидний үйл ажиллагаа шууд 100 хувь зогссон. Нөхцөл байдал маш хүнд байна. Хэдийгээр хүнсний үйлдвэр үйл ажиллагаа явуулах боломжтой гэсэн хэдий ч түрээслүүлэгч нар биднийг оруулахгүй байгаа. Түгээлтийн том машингүй жижиг машинтай явахаар цагдаа нар зогсоогоод явуулахгүй юм. Ингээд л ямар ч үйл ажиллагаа хийх боломжгүй болоод зогссон доо. Засгийн газрын гаргасан шийдвэр нь том компаниудад л үйлчилдэг юм шиг байна. Бидэн шиг жижиг үйлдвэрлэгчдийг татвараа төл, цалингаа тавь, түрээсээ төл гэсэн л шийдвэр гаргалаа. Шуудхан хэлэхэд энэ нь "та нар дампуур бидэнд хамаагүй" гэж хэлж байна.


 

Э.Хүдэрбаатар: ЖДҮ-лэгчдэд хүндрэл учруулсан тушаал, тогтоол шийдвэр гаргуулахгүй байх тал дээр анхаараасай

"Хэв хашмал хуванцар" ХХК-ийн захирал

Бид Засгийн газраас үйлдвэрлэгчдийн дэмжсэн бодит шийдэл хүлээн байна. Ядаж л Сэргээгдэх эрчим хүчний зардлыг 0 болгуулмаар байна. Бид хэрэглээгүй ч зардлаа байнга төлдөг шүү дээ. 

5 жилээр ЖДҮГ-аас  зээл авсан жижиг дунд үйлдвэрүүдийг зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлүүлэх, эсвэл асуудал намжтал зээл төлөлтийг царцаах, зогсолт хийх үеийн НДШ ажилчдын цалингийн 50 хувийг компаниудад олгох зэрэг шийдэл ААН-үүд дэмжлэг болно. Бас үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнтэй ижил төрлийн бүтээгдэхүүний гаалийн тарифыг яаралтай 50 хувиар нэмэгдүүлэх, тендерт оролцож байгаа ЖДҮ эрхлэгчдийн тендерийн төлбөрийн урьдчилж олгох замаар төлбөрийн уян хатан аргуудыг ашиглаасай.

Төрийн тендэрт дотоодоосоо бараа авна гэж үүрэгдсэн, үүнийг ягштал хэрэгжүүлэх, хэрэгжүүлээгүй зөрчсөн албан хаагчдад маш тодорхой хариуцлагыг үүрүүлэх ёстой.

Төрийн дунд шатны байгууллагууд дур зоргоор эсвэл ЖДҮ-лэгчдэд хүндрэл учруулсан тушаал, тогтоол шийдвэр гаргуулахгүй байх талаар онцгой анхаарах хэрэгтэй байна.  Элдэв татвар хураамж нэмж авдаг, асуудлыг удаашруулдаг, гацаадаг, хүнд суртал үзүүлдэг байдлыг нийт бүх хороо, дүүргийн төвшинд зогсоох цаг нь болсон.




Б.Туяа: Ядаж л хүнсний талонд үндэсний үйлдвэрийн дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг оруулж болохоор байлаа

"НОГООДОЙ" Хүнсний ногооны шүүс үйлдвэрлэлийг үүсгэн байгуулагч

Бид Монгол орны хөрсөнд тарьж ургуулсан газар тариаланчдынхаа хөлс хүч шингэсэн хүнсний ногоогоор зохицуулах үйлчилгээтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Химийн найрлагагүй цэвэр бүтээгдэхүүн, ард иргэдийнхээ эрүүл мэндэд тустай, чанарын баталгаатай үндэсний томоохон үйлдвэрлэгч болохыг зорьж ирсэн. Нөхцөл байдлаас шалтгаалан бид ч бас хүнд байдалд орсон. Энэ хүнд үед зээлийн хүү, зээл хойшлуулахаас илүүтэйгээр борлуулалтыг дэмжих УИХ тухай гарсан тойргийн мөрийн хөтөлбөрийн дагуу ажлаа хийх нь чухал байна.  Жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих олон янзын арга хувилбар бий шүү дээ. Ядаж л зарим иргэдэд олгосон хүнсний талонд үндэсний үйлдвэрийн дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг оруулж НӨАТ-гүйгээр олгож өгч болно шүү дээ.