Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж,  2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цагаас 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд голомтыг хумьж тархалтыг хязгаарлахыг зорино. Хатуу хөл хорио тогтоохгүй бол 04 дүгээр сарын дунд үед өдөрт 1000 хүн халдварт өртөж, 20 гаруй хүн нас барна гэсэн тооцооллыг тархвар судлаачид гаргасан байна. Иймээс эрсдэлийг 2-3 дахин бууруулахын тулд Засгийн газар дээрх шийдвэрийг гаргасан гэв.

Дээрх хугацаанд иргэд гэрийн ойролцоох дэлгүүрээс хүнс, түлш, зөөврийн ус, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, эмийн сангаар үйлчлүүлэх, буяны ажилд оролцох, газар тариалан эрхлэх, шинжилгээ өгөх болон дархлаажуулалтад хамрагдах, хязгаарлалттай тоо /нэг дор таваас ихгүй хүн/-гоор агаар салхинд гарах нь нээлттэй. 

Нийтийн тээвэр цагийн хязгаарлалттайгаар зөвшөөрөгдсөн салбарынханд үйлчлэх бөгөөд автомашины хөдөлгөөнийг хязгаарлана. 

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан иргэн бүрт 300 мянган төгрөгийг дэмжлэг болгож өчигдрөөс дансанд нь шилжүүлж эхэлсэн. Үүнд шаардагдах хөрөнгийг Оюутолгой компанийн төлсөн татварын өр болох нэг их наяд гаруй төгрөгөөс гаргах юм.