Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр манай улсад конавирусийн халдвар бүртгэгдсэнээс хойш өнөөдөр хамгийн олон буюу 576 хүнээс коронавирус илэрлээ.

Иймд Улсын онцгой комисс шуурхай хуралдаж, 04 дүгээр сарын 03-18-ныг хүртэл 14 хоног хатуу хөл хорио тогтоох санал гаргажээ. Уг саналыг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.


Засгийн газар Улсын онцгой комиссын хуралдааны дараа 17:00 цагаас хуралдахаар товлосон байсан ч цуцалжээ. Хэрэв ээлжит бусаар хуралдахгүй бол ээлжит хуралдаан лхагва гарагт болно.

Өмнө нь дөрөвдүгээр сарын 05-19-ны хооронд хатуу хөл хорио тогтоож магадгүй гэж мэдээлсэн. Уг хугацааг наашлуулж, бямба гарагийн өглөөнөөс эхлэн хөл хорио тогтоох санал гаргасан байна. 

Мөн Эрүүл мэндийн яамны өнөөдрийн 11:00 цагийн мэдээллийн үеэр "Коронавируст халдварын нөхцөл байдал энэ долоо хоногоос нэлээд хурцдаж, өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагаас тодорхой саналууд гаргаж болзошгүй байна" хэмээсэн юм.

Өнөөдөр батлагдсан 576 тохиолдлын 400 нь Улаабаатарт, 174 орон нутагт бүртгэгдсэн бол нэг нь тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэн байна. Улмаар Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 7.589 боллоо. Тэдний 62 хувь буюу 4.711 нь эдгэрсэн байна. 

Сүүлийн өдрүүдэд бүртгэгдсэн тохиолдлын тоо:

  • 22-нд 210 хүнээс, 
  • 23-нд 206 хүнээс
  • 24-нд 218 хүнээс 
  • 25-нд 285 хүнээс 
  • 26-нд 437 хүнээс
  • 27-нд 361 хүнээс 
  • 28-нд 321 хүнээс
  • 29-нд 575 хүнээс тус тус коронавирус илэрчээ.

Улаанбаатар хотоос гадна дараах 14 аймагт коронавирусийн халдвар бүртгэгдээд буй.