Манай улсад сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвар тогтмол олноор буюу 100-гаас дээш илэрсэн. Харин өнөөдөр хамгийн олон буюу 210 хүнээс халдвар илэрснийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. 

Халдвар өдөр бүр олноор илэрч байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас 14 хоног бүх нийтийн хатуу хөл хорио тогтоох саналыг Улсын онцгой комисст хүргүүлсэн.

Тодруулбал, 4 дүгээр сарын 5-19-нийг хүртэлх хугацаанд Гамшгаас хамгаалах улаан түвшинд шилжиж, хатуу хөл хорио тогтоох нь зүйтэй гэж үзжээ.

Уг асуудлаар Улсын онцгой комисс өнөөдөр үдээс хойш хуралдсан.

Энэ талаар УОК-ын дарга С.Амарсайхан "3 дугаар сарын 29-ныг хүртэл Улбар шар түвшинд шилжээд буй. Энэ хугацааг 4 дүгээр сарын 5-ныг хүртэл сунгалаа. Өөрөөр хэлбэл, ирэх сарын 05-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоохгүй. Харин үйлчилгээний байгууллагуудын ажиллар цагийг багасгах зэрэг тодорхой зохицуулалтууд хийнэ. Энэ талаар маргааш Засгийн газрын хуралдаанд танилцуулж, тодорхой шийдвэрүүдийг гаргуулна" хэмээлээ.