Манайх хоёр хүүхэдтэй, хувийн машинтай, нийтийн орон сууцанд амьдардаг жирийн л гэр бүл. Өглөө эртлэн бүгд хамт гэрээс гарч, сургууль, цэцэрлэг, ажил гээд тус тусын албанд очин өдрийг завгүй өнгөрүүлээд, оройдоо нэгнийгээ дайрч авцгаан гэртээ хоногтоо орж ирэх их хотын нийтлэг хэмнэлээр амьдарч буй нөхөд. 

Энэхүү амьдралын минь “салшгүй” хэрнээ таатай бус дагуулууд болох утаа, түгжрэл, дуу чимээ, бухимдал, бохирдол, эрсдэлтэй зэрэгцэн өсөх гэж, өндийх гэж, болгох гэж, бүтээх гэж зүтгэж яваа билээ.  

Ийнхүү амьдрал ингэж л өрнөх ёстой мэт ойлгож явтал арай өөр хэв маяг сүүлийн үед анхаарлыг минь татах болов. 

Сураг сонсох нь ээ, судлаад үзэхнээ бас болмоор ч юм шиг, бүр илүү боломж олгохоор ч юм шиг, амьдрах, ажиллах нөхцөл одоогийнхоос хувь илүү дээрдэхээр ч юм шиг. Энэ бол амины тохилог орон сууц буюу бидний хэлж заншсанаар хаусанд амьдрах тухай бодрол ажгуу. 

Бид өмнө нь хаус нэг их сонирхож байсангүй. 

Гэвч үүнийг бичиж суухаас хоёр жил гаруйн өмнө дэлхий дахинаа дэгдсэн цар тахал болох Ковид гээчийн нөлөөгөөр нийт хүн төрөлхтөнд амьдралын дадал зуршил, хэв маягаа өөрчлөх томоохон сануулга ирсэн гэхэд болно. 

Үүнд манайхан ч өртөж, хотоос холдож байж л олж авдаг цэвэр агаар, ногоон орчин, нам гүм байдал, тав тухыг өдөр тутамдаа идэвхтэй эрэлхийлэхээс аргагүйд хүрэв. Бараг цаг тутам, фэйсбүүкээ нээх бүрт шахуу харагддаг “аюулгүй”, “баталгаатай”, “хүүхдэд ээлтэй” зэрэг үгсийг тогтож харах хэрэгцээ үүсэв. 

Эцэст нь энэ хэв маягаар амьдрахаар эргэлт, буцалтгүй шийдээд судалж эхэлсэн юм. Эхэндээ тэр ч хороолол гоё, энэ ч хотхон сайхан санагдаж байлаа. Яваандаа үзэж харж, асууж сураглах тусам сэтгэлийн хөөрлөөр бус нарийн судалгаа, мэдээлэлд үндэслэн шийдвэрээ гаргах ёстойгоо ухамсарлаж байв. 

Цуглуулсан хэвлэмэл танилцуулгууд, түүнээс улбаалан хийсэн Google хайлт, уулзалтаас хийсэн дүгнэлт гээд нэлээн их мэдээлэлтэй болов. Энэ бүхнээ та бүхэнд бага ч болов хэрэгтэй болов уу, цагийг тань хэмнэх болов гэсэн үүднээс хуваалцахаар шийдлээ.

Тэгэхээр сүүлийн үед гараад буй шатамхай эдээс үүссэн галын аюул, осолтой холбоотойгоор хаус маань ямар технологийн дагуу хийгдсэн бэ, ямар материал ашиглав гэдгийг мэдэх нь чухал болохыг энэ удаад онцлон өгүүлье. 

Судлаад үзэхэд олон технологи байгаагаас манайх шиг эрс тэс уур амьсгалтай газруудад өргөнөөр хэрэглэгддэг Канад технологи одоогоор шилдэг нь юм байна. Энэ технологийг шилдэг болгож буй гол онцлог нь модон бүтцэд тулгуурладагт байдаг аж. Канад технологийн мод нь:

  1. Бетоноос 8 дахин, гангаас 400 дахин дулаан тусгаарлах чадалтай тул дулаан алдагдал багатай буюу тэр хэмжээгээрээ халаалтын зардал бага (манайх шиг дундаж гэр бүл зардлыг аль болох хэмнэж байвал зохилтой),
  2. Дээрх хоёртой харьцуулахад уян хатан бүтэцтэй тул газар хөдлөлтөд тэсвэртэй (ашгүй дээ),
  3. Хамгийн чухал нь модон материал тул эрүүл мэндэд ээлтэй, байгальд нөхөн сэргээгддэг юм байна. 

Яг л манай гэр бүлд тохиромжтой үзүүлэлтүүд байгаа нь баярлууштай. За тэгээд цаашилбал энэ модоор яаж байшингаа барьдаг нь сонирхолтой. 

Үндсэндээ монгол гэрийн мод шиг бие, биетэйгээ нягт холбогдож, бэхлэгддэг юм байна. Ингэхдээ хаус гэдэг утгаараа тусгай хадаасаар холбож өгдөг бөгөөд энэ нь уян хатан, газар хөдлөлтөд тэсвэртэй болгож өгдөг гэнэ. Үүнийгээ “модон араг бүтээц” гэж нэрлэдэг аж. 

55

Модон араг бүтээцэн байшинг барихад шаардагдах орц, барих үйл явцын талаар дэлгэрүүлж үзвэл илүүтэй итгэл үнэмшил төрнө. Тухайлбал гол орц болох үндсэн хавтанг OSP даацын хавтан гэх бөгөөд урд хөршөөс оруулж ирдэг хавтанг бодвол цавуулаг шинжтэй, ширхэгийн өрөлт хөндлөн, шахалт нь илүү нягт тул даац сайтай байдаг байна. Бас уур, усанд пөмбийж хэлбэрээ алддаггүй тул эдэлгээний хугацаа урттай байдаг гэнэ.

11

Харин байшингийн гол карказ моднууд (монгол гэрээр бол багана, унь тооно хана) бусад энгийн мод шиг хадаас хадахад хагарч, эвдэрдэггүйгээрээ онцлогтой гэнэ. 

1

Эдгээр үндсэн хавтан, карказ модыг холбож, бэхэлдэг тусгай хадаас нь өөрийн гэсэн онцлог бүхий тусгай резватай, уян хатан шинж чанартай бөгөөд зориулалтын буугаар буудаж тогтоодог. Ингэснээр энгийн ган хадаас шиг урт хугацаа өнгөрсний дараа сугардаггүй, газар хөдлөлтөд толгой нь тасарч байшингийн бат бэх байдлыг бууруулдаггүй юм байна.

44

Ингээд үндсэн модон араг бүтээцээ босгосны дараагаар чулуун хөвөнг дулаалгын материал болгож хэрэглэх нь хамгийн тохиромжит арга аж. 

Чулуун хөвөн нь эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан, өндөр темпаратурыг тэсвэрлэх чадвартай тул галын аюулаас бүрэн хамгаалагдсан гэж хэлж болно. 

Мөн уур, чийг шингээхгүй бөгөөд гажилтад тогтвортой, халуун, хүйтнийг тусгаарладаг, насжилт удаан бүтээгдэхүүн юм байна. Эдгээр материал, орцуудын талаар интернетээс хайлт хийвэл илүү дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирж байна лээ.

33


Эцэст нь дүгнэхэд хаусанд амьдрахаар судалж буй бол материал, технологийн хувьд модон бүтээц буюу Канад технологийг сонгох нь эрүүл мэндэд, байгаль орчинд ээлтэй байх нь. Цаашлаад халаалтын зардал бага, газар хөдлөлтөд тэсвэртэй, уян хатан гэсэн яг л манай гэр бүлийн хайж буй шинж чанарууд багтаж байна. 

Дараагийн удаа хаус хорооллын нэгдсэн зохион байгуулалт, дэд бүтцэд хийсэн судалгаагаа танилцуулъя. Цаашлаад ирээдүйд өсөх үнэ цэн, үнэ, төлбөрийн нөхцөлийг ч харьцуулснаа үргэлжлүүлэн бичнэ. 


Амьдрах орчноо сайжруулахаар зэхэж буй аав