Өчигдөрхөн Оросын жүжигчин Юлия Меньшовагийн хөтөлсөн нэг нэвтрүүлгийн хэсгээс гүйлгэж үзлээ. Нэвтрүүлэгт эршүүд байрын нэг бүсгүй оролцжээ. Хөтлөгч оролцогчоос хүүхдийн талаар асуулаа л даа. Харин хариулт нь : 

  • Би хүүхэдтэй болохгүй. Энэ миний сонголт. Би хүүхэдтэй болохгүй байхыг сонгож байна. Хүмүүс хэлэх байх л даа. Хожим хүүхэдтэй болохыг хүсэх үед оройтсон байна.Тэр үед чи харамсана... гэж. Миний сонголтын харуусал, гэмшилийг надад үлдээчих л дээ. Тэрэнд та битгий санаа зовооч ээ л гэж хэлэх байна. Хүсээгүй хүүхдийнхээ хүсээгүй эцэг, эх нь баймааргүй байна. 

Товчхондоо ингэж хариулав. Зурвас ярианаас ер нь бид /нийгмийн тогтсон хэв маягийн хүрээнд/ нэг нэгнийхээ оршихуйд ямар их халддаг болох нь ойлгогдож байна. Ийм сонголттой “амьдрал”-ууд манайд ч байдаг. Хажуудаа дагуулах ханьтай, гараасаа хөтлөх үртэй гэх мэтээр юм болгоныг утга уянга, өрөвдлийн хэлбэрт оруулж хүлээж авдаг бидний олонхид энэ их хачин санагдах байх. 

Тэгвэл одоо бусдын оршихуйг хүндлэх хэмжээний сэтгэлийн тэнхээтэй байх бидний ээлж. Амьдрал гэдэг юуны өмнө амьд байх хугацаа. Хэн нэг нь энэ хугацааг өөртөө зориулах сонголтыг л хийсэн байна. 

Харин тэр хугацаандаа “амьдрах”-ын тулд сурч, мэдэж, ажиллаж, амжилт гаргаж, ашиг орлоготой байж хамгийн гол нь өөртөө сэтгэл хангалуун байх юм шүү дээ. Өөртөө цаг гаргаж, хөгжиж төлөвшсөн хүн хэнийг ч өөртэйгээ харьцуулахгүй. Тэд “би бол би” гэдгээ мэддэг болчихсон байна. 

Ганцаараа жаргалтай байгаа хүнийг гайхах хэрэггүй. Ганцаараа амьдардаг хүн ганцаарддаггүй. Харин чамайг ойлгодоггүй найз нөхөд, чамайг хүндэлдэггүй ах дүүс, чамайг хайрладаггүй гэр бүлд л чи жинхэнэ утгаараа ганцаардана. Хүссэн хугацаагаараа ганцаараа бай. Гэхдээ чамд оногдож байгаа тэр хугацааг битгийн үрэн таран хий.

 Уншихад, мэдэхэд, судлахад зарцуул. Санхүүгийн болоод эрүүл мэндийн мэдлэг заавал шаардлагатай. Насан туршийн боловсрол гэж үүнийг л хэлнэ. Харин чи өөрийгөө хөгжүүлэхийн тулд маш сайн утга зохиолын номууд, сайн зохиолтой сайн найруулагчийн кино, түүх болоод техник, технологийн мэдлэгийг олж аваарай.

            Бид бие биедээ амьдралын  загвар тулгадаг. Угтаа бол бид хэний ч загвараар амьдрахгүй байж болно. 

Ганц хүн гал болохгүй, эхний ханийг бурхан, хоёр дахь ханийг чөтгөр гэх мэтээр хэвшмэл хэллэгүүд байдаг даа. Эхнийх нь ганцаараа байх хэрэггүй заавал хань ижилтэй бол оо гэж байгаа бол хоёр дахь үг гэрлэсэнтэйгээ л сайн зууралдаад бай, яадаг ч байсан салж болохгүй, салвал буруудна шүү гэсэн утгатай. Харин анхнаасаа өөрийнхөө юу хүсэж байгааг ойлго, нөгөө хүнээ ойлго, эцсийн эцэст зөв сонголт хий, алив асуудалд хүлээцтэй хандах талаар зөвлөх нь тун бага. Аливаа асуудалд сэтгэл хөдлөлөөр л хандаж байна. Гэрлэлт нь ч сэтгэл хөдлөл, салалт нь ч сэтгэл хөдлөл. 

Бусдын нүдэнд бүрэн бүтэн харагдах гэж өөрийгөө золиослох ямар ч хэрэггүй. Салалт бол шийдэл мөн. Сонголт чинь буруудсан бол засах л хэрэгтэй шүү дээ. Гэхдээ маш хариуцлагатайгаар, хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж. 

Хүүхэд хүнстэйгээ ирдэг бурхны бэлэг ерөөс биш. Юун өмнө чиний хариуцлага. Чи “тэр бяцхан хүн”-ийг хоол унд, хувцас, тоглоом хэрэгсэл, орон байраар хангаж, сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлж, цаашдаа чамгүйгээр амьдрахад бэлтгэх ёстой. Оюун санааг нь мэдлэг боловсрол, сэтгэл зүрхийг нь хайр, хүндэтгэлээр дүүргэх учиртай. Хүлээн зөвшөөрч байна уу ??? Чамайг насанд хүртэл эцэг, эх чинь сурган хүмүүжүүлдэг бол үлдсэн амьдралд чинь чиний бүтээсэн “хүн” чамайг “хүмүүжүүлэх” болно. Хүлээн зөвшөөрч байна уу??? 

Харин цаг нь болоход чи тэдэнд зай тавьж өгөөд өөрийнхөө амьдралыг хэвийн үргэлжүүлэх юм. Өтлөх соёл гэж энэ юм даа. Хүүгээ харамлаад бэртэйгээ, охиноо харамлаад хүргэнтэйгээ үзэлцээд дараагийн үеийн амьдралаар дахиад амьдрах ямар ч хэрэггүй. Тэд сонголтынхоо хариуцлагыг өөрсдөө л үүрнэ. 

Харин чи тэднийг тийм байхад бэлтгэсэн байхад л болно. Хүлээн зөвшөөрч байна уу ???

Амьдрах хугацаагаа хэнд эсвэл юунд зориулах нь чиний шийдвэр. Харин бусдыг болоод өөрийгөө хүндэтгэж, бусдын оршихуйг хөндөхгүйгээр өөрийн цаг хугацааг үргэлжлүүлээрэй.  


Д.Энхтүвшин