Тогтсон нэг оффист ажиллахаас илүүтэй орчноо сольж, кофе шопт сууж ажиллах нь ажлын бүтээмжид эергээр нөлөөлдөг байна.

Үүнийг сонсоод та “Кофе шопийн хэт чимээтэй орчинд яаж төвлөрөх юм бэ” гэж гайхаж магадгүй. Тэгвэл таны төсөөллийг өөрчлөх судалгааны үр дүнгүүдийг нэгтгэн өгүүлье.


Тархи үргэлж шинэ соргог зүйлд татагддаг

Кофе шопын орчин дахь дуу чимээний хослол нь уран бүтээлчдэд хийсвэрлэн бодох, шинэлэг санаа олох, бүтээлчээр ажиллах орон зайг олгодог аж. Сонирхолтой нь уран зураач, ая зохиогч, философич, зохиолч гээд салбар салбартаа алдаршсан эрхмүүд кофе шопын буйдхан ширээн дээр дэлхийг гайхшируулсан бүтээлээ туурвисан гэдэг. 

Пабло Пикассо, Симон де Бовари, Жан Поль Сартр, Боб Далин тэргүүтэй эрхмүүд үүний тод жишээ юм.

Судалгаагаар зохистой хэмжээнд дуу чимээ гаднаас хүлээн авч байх нь бидний ухамсар мэдрэхүйд эергээр нөлөөлдгийг баталжээ. Үүнийг кофе шоп эффект гэж нэрлэх нь бий. Өөрөөр хэлбэл кофе шопт намуухан эгшиглэх жааз хөгжим, хөнгөн яриа, кофе бутлах чимээ хүний анхаарлыг сарниулдаггүй аж. Харин ч хийж буй ажилдаа төвлөрөх боломж олгодог гэж ойлгож болох юм.



Бусдыгаа дагаад…

Кофе шопт сууж ажиллавал төвлөрөх чадвар нэмэгддэг энэхүү эффектийг Карнеги Меллон их сургуулийн судлаачид мөн баталжээ. Эрдэмтэд судалгаанд оролцогчдыг зэрэгцүүлж суулгаад ажлаа хийх боломж олгож хөндлөнгөөс ажигласан байна. 

Үр дүнд нь мэрийлттэйгээр ажиллаж байгаа хүн бусдадаа нөлөөлж, оролцогчид өндөр бүтээмжтэй ажлаа хийж дуусгажээ. Товчхондоо хажуугийн тань хүн ажилдаа төвлөрч байвал таны тархи өөрийн эрхгүй төвлөрөх горимд шилжих юм.

Сонирхуулахад, фитнесст хичээллэдэг хүмүүст ч энэхүү үзэгдэл ажиглагдсаныг судалгааны багийн профессор Санки Ли онцолжээ.


Шинэ орчинд ажиллах нь урам зориг өдөөдөг

Өдөр бүр ижил ширээ сандал, нэг ханаа ширтэж нэгэн хэвийн орчинд байх нь сэтгэл зүйн төлөв байдал цаашлаад ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлдөг. Тиймээс өдөр бүр оффистоо ажиллах нь урт хугацаандаа уйтгартай, төвөгтэй санагдахад хүргэх магадлал тун өндөр юм.


Багийн уур амьсгал сайжирдаг

Ажлын хамт олон кофе шопт багаараа ажиллавал найрсаг харилцаа үүсэж багийн уур амьсгал  сайжирч, дотно нөхөрлөх нөхцөл бүрддэгийг  мэргэжилтнүүд зөвлөжээ.

Тодруулбал цахимаар хурал уулзалт зохион байгуулах үед албан уур амьсгал давамгайлдаг бол кофе шопийн орчин нөхөрсөг харилцааны эхлэл болдог хэмээн Нью Йоркийн Буфалло их сургуулийн профессор Коридон Смит дүгнэсэн байна.


Кофены сэргээх хүч

Кофе уух нь сэтгэл зүйн байдлыг тогтворжуулж эрч хүч, бүтээмж нэмэгдүүлдэг гэдэгтэй маргах хүн ховор. Дан ганц кофе гэлтгүй зүсэм бялуу, жигнэмэг ч таны сэтгэл санааг хормын дотор сэргээх хүчтэй. 

Тиймээс ажиллах эрч хүчгүй санагдсан, сэтгэл санаа тавгүй, гацсан мэт мэдрэмж төрсөн үедээ кофе шопт зочлоорой.