Х.Баттулга: Шийдлийг холоос хайх хэрэггүй

peak.mn
05 сарын 22, 2018

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Монголын эдийн засгийн форум-2018”-д оролцож, Үндсэн чуулганы хоёр дахь өдрийн хэлэлцүүлгийг нээж үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Сайн байцгаана уу.

Чуулганы зочид, оролцогчид оо.

Монголын эдийн засгийн чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Хөгжлийн төлөө хүчээ нэгтгэхийн тулд бидэнд нухацтай бодох зүйл нэлээн их байна. Бодит үнэн, сонсоход бэрх гашуун үнэнийг энд ярихаас аргагүй цаг мөч тулгарч байна.

Монголчууд бидний хөгжлийн талаар элдвийг цэцэрхэх, янз бүрийн гоё нэртэй дэврүүн төсөл санаачлах зэргээс үл хамаараад монголын эдийн засагт бодитойгоор нөлөөлөх, эрх ашгаа тулгаж, гацааж бас урагшлуулж байдаг хүчин зүйл бол их гүрнүүдийн геополитик, гео эдийн засгийн хандлага, хүчний хуваарилалт юм.

Олон улсын санхүү бизнесийн тэргүүлэгч Файнэншл Таймс-д судлаач Люси Хорнби монголын эдийн засгийн талаар бичихдээ “Уг нь монголын гадаадын хөрөнгө оруулалтын хуулиуд нь дэлхий дахинд хамгийн чөлөөт, либерал гэж болохоор юм. Монголын засгийн газрууд томоохон гэрээ хэлэлцээрүүдийг хийх бүртээ эрдэс баялгийн хуулиа хөрөнгө оруулагчдын таалалд нийцүүлэхээс буцдаггүй” хэмээн дүгнэжээ.

Энэ байдал бидэнд одоо болтол дорвитой хөрөнгө оруулалт орж ирдэггүйн шалтгааныг засаглалын тогтворгүй байдал болон их гүрнүүдийн геополитиктой холбон ярьж эхэлжээ.

Хөрөнгө оруулалтын хамгийн таатай хуультай манай улс гадаадын хөрөнгө оруулалтад ээлтэй 80 улс орны жагсаалтад сураггүй байна. Энэ жагсаалтад урд хөрш маань 50-д, хойд хөрш маань 60-д бичигджээ. Тэдэнтэй ижил гараанаас хөдөлсөн гэж болохоор Вьетнам 59, Казакстан 64-т эрэмбэлэгджээ. Үүнээс бид хөрөнгө оруулалтын хуулиа яаж ч зөөлрүүллээ гээд их гүрнүүдийн геополитикт нийцсэн бодлого гаргаж хэрэгжүүлэхгүй бол бидэнд том хөрөнгө оруулалт хийгдэхгүй нь тодорхой болжээ.

2017 оны байдлаар урд хөрш маань Казакстан улсад 42,8 тэрбум долларын шууд хөрөнгө оруулалт, 50 тэрбум долларын зээл олгожээ.

Энэ бүхнийг цаг гарган нуршихын шалтгаан нь бүс нутгийн интеграцид нэгдэн орох замаар хөрш гүрнүүдтэйгээ ашиг сонирхлоо нэгдэхгүйгээр монголын хөгжлийн талаар элдэв төсөөлөл, хөтөлбөр төслүүд тодорхойгүй төлөвт орно.

Монгоын эдийн засаг гадаад хүчин зүйлээс дэндүү хамааралтай, дотоод хүчин чадлаа ашиглаж чадахгүй үлбэгэр байгаагийн мөн чанарыг ойлгохгүйгээр бид цааш явж чадахгүй нь. Өнгөрсөн оны сүүлчээр Трампын зөвлөх “Геополитик эргэн ирлээ. Ирэхдээ хоёр дахин хүчтэй ирлээ” гэж мэдэгдэсэн нь өдөр бүр мэдрэгдэж байна.

2017 онд ДНБ 5,1 хувиар өслөө гэдгийн цаана ердөө л Хойд солонгосын нүүрсний экспорт олон улсын хоригт өртсөнөөр бий болсон зүйл. Засгийн газар ,уурхайчдын нөлөө байхгүй гэдгийг энэ индэр дээрээс хэлмээр байна. Бүх цаг үед гадаад хүчин зүйл нөлөөлж ирсэн, цаашдаа ч нөлөөлсөөр байх болно.

1990 онд ардчилсан хувьсгалын дараа чөлөөт зах зээл, үл үзэгдэгч гар хувийн өмч, зах зээлийг сэв хийтэл өргөөд явчихна гэсэн төсөөлөл маань бодит ханыг мөргөн уналаа. Үл үзэгдэгч гар үндэсний эрх ашиг хангаж чадахгүй харин геополитик бодит үйлчлэлтэй оршсоор байна. Гадаад орчин хурдацтай өөрчлөгдөж, шинэ бүлэглэл үүсэх нь тодорхой болж байна.

Ардчилсан Солонгосын удирдагч Ким Жон Ун, Өмнөд Солонгос болон АНУ-тай харилцаагаа гэнэт эерэг чиглэлд өөрчиллөө. БНХАУ-ын удирдагдлага Хойд Солонгосын удирдагчтай сарын дотор хоёр ч удаа уулзлаа.

Ираны цөмийн гэрээнээс АНУ гарч байгаагаа зарлалаа. Сири болон Ирантай ОХУ-ын түншлэл зузаарч, ЕХ цаашид Америкт найдахгүй болсноо зарлаж,  ХБНГУ-ын зүгээс ОХУ-тай харилцаагаа сэргээхээр чармайж, хийн хоолойн хоёр дахь хойд урсгалын талаар хэлэлцэж эхэлсэн. Хятадууд америктай хийх гадаад худалдаандаа буулт хийсэн.

Энэ бүхэн нь геополитикийн эрс өөрчлөлт, түүнийг дагасан гео эдийн засгийн тулгалт нөхцлүүдийг авч ирэх нь гарцаагүй болжээ.

Трамп АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын стратегийг зарлахдаа Энэтхэг, Номхон далайн бүс гэх шинэ нэр томъёо шинэ бүсчлэлийг танилцууллаа. Вашингтоны тайлбарлаж байгаагаар Энэтхэг Номхон далайн бүс гэх орон зай нь Энэтхэгийн баруун эргээс АНУ-ын баруун эргийг хамрах ажээ.

АНУ, Ази, Зүүн Өмнөд Ази дахь Хятадын хүчирхэгжилтийг тэнцвэржүүлэх, Оросыг саармагжуулах бодлогоо нуухгүй зарладаг болжээ. Хятадын бүс ба зам бодлого даяаршлыг тууштай баримтлах, Баруун европтой болон ОХУ-тай ойртон түншлэх хандлага нь Америкийн бодлогыг сөрж байгаагийнх нь илэрхийлэл болжээ. Эдгээр нь огт таашгүй зүйл биш бөгөөд Дэлхийн эдийн засгийн форумаас удаа дараа олон улсын харилцаа нэг төвтэй харилцаанаас олон төвт харилцаа руу шилжиж, даяаршил мухардалд орохыг, шинэ талцал үүүсэхийг, барууны либерал ардчилал мухардаж нөлөөллөө барахыг, хүчний төвлөрлийн сөргөлдөөн Евроазид шилжих, АНУ хуучны нөлөөллөө сэргээх, тогтоон барихаар эрмэлзэх зэргийг таамаглаж байсан нь өнөөдөр биеллээ олж байна.

Энэ нөхцөлд бид дан ганц монголын эдийн засгийн харилцаа бодлогын талаар чухалчлан ярих нь сайхнаар илэрхийлэхэд нэлээн гэнэн цайлган хэрэг болж байна. Дэлхийн эдийн засгийн форум дээр голчлон ярьдаг зүйл нь геополитик, гео эдийн засаг болж байгааг бид анзаарах цаг болжээ.

Мөнхийн хоёр хөршийн маань эдийн засаг ойрын гурван жилд 30 их наяд доллар болж тэлэхээр тооцоологджээ.

Бүс ба зам хөтөлбөрт бидний оролцоо ямар байх вэ?

Хоёр хөрштэйгээ бодлогоо уялдуулах, үүний зэрэгцээгээр гуравдагч хөршийн оролцоо, ашиг сонирхлыг оролцуулах, тэнцвэрийг хангах талаар ярихгүйгээр өдийг хүртэл дотооддоо ярьж ирсэн нь биднийг мухар гудманд хүргэжээ.

Шийдлийг холоос хайх хэрэггүй юм. 2010 онд УИХ-аар шинэчлэн баталсан ҮАБ-ын Үзэл баримтлалыг амьдралд хэрэгжүүлэхэд маш олон боломж бий болно гэж харагдаж байна.

ҮАБ-ын ҮБ-д “ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, өргөн хөршийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Ингэхдээ үндэсний эрх ашиг, харилцааны түүхэн уламжлалыг харгалзан бүс нутгийн тогтвортой байдлыг эрхэмлэж, бүхэлдээ тэнцвэртэй харилцахыг эрмэлзэнэ” гэж заажээ.

Мөн “Гуравдагч хөршийн бодлогын хүрээнд өндөр хөгжилтэй ардчилсан улстай улстөр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагаааг хөгжүүлнэ” гэж заасныг хэрэгжүүлэх хэрэгтэй.

Иймээс Монгол Улс ойрын хугацаанд Армян, Беларус, Казакстан, Киргизстан, ОХУ зэрэг таван улс багтсан Евроазийн улсуудтай гаалийн худалдааны хэлэлцээр хийх хэрэгтэй байна.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагуудтай тогтоосон хамтын ажиллагаагаа энэ жилдээ багтаан ахисан түвшинд аваачин, илүү идэвхтэй оролцоо хамтын ажиллагаанд шилжих хэрэгтэй байна. Ингэснээр олон жил яриад биеллээ олоогүй бүс нутгийн дэд бүтцэд тулгамдсан асуудал бодит ажил хэрэг болох зам нээгдэнэ гэж харж байна.

Шанхайн хамтын ажиллагааны орнуудын эдийн засаг, хүн амын хүчин чадлыг энд ярих нь илүүц биз ээ.

Ийм прагматик хандлага баримтлан гадаад худалдааны таатай нхөцлүүдийг бий болгож байж, хөрөнгө оруулалтыг монгол руугаа татах дүр зураг харагдаж байна.

Монголд хөрөнгө оруулагчид бүтээгдэхүүнээ Шанхайн хамтын ажиллагааны орнууд руу экспортлох боломж бас үүсэх болов уу гэж харж байна. Монголын боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой цаг ирснийг дуулгая.

Түүхий эдийн эзспортыг хумих бодлогыг Засгийн газар гаргах хэрэгтэй гэж бодож байна. Евроазийн интеграцид нэгдэн орсноор монголд үйлдвэрлэсэн 7000 гаран нэр төрлийн барааг ЕХ руу тооны хязгаар, экспортын татваргүй нэвтрүүлэх боломж бий болно гэдгийг экспортлогчид анхааралдаа аваасай гэж хүсэж байна.

Дотоод асуудалдаа шилжихэд Засгийн газар татварын шинэчлэл хийхэд санаачлагатай ажиллаж байгаа ч татварын орлогыг нэмэгдүүлэх бэлэн боломжуудыг ашиглахгүй байна. Бидэнд орлогын ямар боломжууд байгаа вэ гэдгийг тооцоолох хэрэгтэй байна.

Манай экспортын 96 хувийг 10-хан нэр төрлийн бүтээгдэхүүн эзэлж байна. Бид хагас боловсруулан, бага зэрэг нэмүү өртөг шингээхэд бид 30 орчим тэрбум долларын хөрөнгөтэй болох судалгааг бид хийсэн.

Эдийн засгийн коридорыг санаачлагатайгаар хөөцөлдөн, хэрэгжүүлэхэд Оюутолгойгоос дутахааргүй орлого олохоор судалгаа хийгдсэн.

ОХУ-тай транзит тээврийн гэрээнд гарын үсэг зурахад бэлэн болсон.

Хятад Оросыг холбосон цаашлаад Европ Хятадыг холбосон транзит тээврийн гэрээг байгуулж байж бид түүхий эдийг дагасан үхээнц эдийн засгаасаа сална гэж боддог.

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг үүсгэн байгуулагч 57 орны нэг нь монгол гэх статусаа ашиглах боломж нээлттэй байна. Бүс ба зам хөтөлбөрт монголын оролцоог тодорхой болгохоос өөр аргагүй болжээ. Энд бидний гео эдийн засгийн орон зай үгүйлэгдэж, бид ашиглахгүй байсаар өдий хүрчээ.

Өнөөдөр эдгээрийг хийх мөнгө, мэдлэг, чадвар гэхээсээ улстөрийн чин эрмэлзлэл зориг бидэнд дутсаар байна.

Эрх баригч энэ засагт үндсэндээ бүтэн нэг жил хагасын хугацаа үлдлээ. Одоо шийдээд, бүтээх цаг байна уу үгүй юу гэдгийг бодолцох хэрэгтэй.

Эдийн засгийн чуулганыг найм дахь жилдээ зохион байгуулж байна. Бид энд ирж дүр эсгэж, үр дүнгүйгээр тардгаа болимоор байна. Бодитой төсөл, үр дүнтэй хэлэлцүүлэг хэрэгжих боломжит шийдлүүдийг тойрч ярих, хэрэгжүүлэхэд тулгарч байгаа бэрхшээлүүдийг хамтын хүчээр давах талаар ярилцаасай гэж хүсч байна.

Чуулганд амжилт хүсье.

Хамаг бүхэн гийх болтугай, мөнх тэнгэр биднийг ивээх болтугай.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.