Х.Оргил
11 сарын 20, 2019
Оюутолгойн гэрээний байр суур, үзэл бодлоос болж улс төрчид муудалцсан гэх яриа гарсан. Тухайлбал УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нар маргалдаж, заамдалцсан аж. Энэ талаараа болон Дубайн болон Оюутолгойн гэрээний асуудал дээр тайлбар хийлээ.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
УИХ-д Оюутолгойн гэрээг цээжээрээ хамгаалдаг хүмүүс бий. Ихэнх нь олон жил парламентад суусан, ялангуяа 2008-2012 онд УИХ-д суусан хүмүүс л дээ. Тэдний нэг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж. Оюутолгойн гэрээ 2011 оны 10 дугаар 6-ны өдөр байгуулагдсан. Түүний өмнө ААН-ийн татварын хууль, Ашигт малтмалын хуульд оруулж Монголын эрх ашгийг маш том хохироосон байдаг. Оюутолгойн гэрээ байгуулагдахаас 40 хоногийн өмнө 2009 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ийм зүйл хийсэн. Энэ нь гадныханд таатай байдал үүсгэж, Монголын хүртэх ашгийг багасгах байдал үүсгэсэн. Мөн Ашигт малмталын тухай хуульд ганцхан өгүүлбэр нэмж гай болсон. Ингэснээр Монгол Улс 33 хувиа үнэгүй авах байсныг үнэтэй авахаар болгосон. Үүнээс болж өр тавьж худалдаж авч байгаа өр нь өнөөдөр татвараар орж байгаа 300-400 тэрбум төгрөгөөс ч давж байна. Тэр үед
Ц.Нямдорж үүнийг мэдээгүй гэж үү. Мэдэхийн дээдээр мэдэж байсан хүний нэг. Магадгүй би энэ асуудал дээр харддаг хүний нэг. Оюутолгойн гэрээг улаан хамгаалагч нарын нэг шүү дээ.
Цаад талдаа маш том барьцаанд орчихсон. Оюутолгойн гэрээг хамгаалах ёстой гэж үүрэг хүлээсэн хүний нэг бол Ц.Нямдорж гэж боддог. С.Баярцогт руу дайраад хамаг бурууг чихээд байж болохгүй. Үүнийг нэг хүн хийдэг юм биш. Бүхэл бүтэн МАНАН бүлэглэл оролцсон. Яагаад гэвэл С.Баярын Засгийн газрын үед МАН 45 суудалтай хэрнээ сөрөг хүчнээ татаж оруулж ирж МАНАН-1-ийг бий болгосон. Харин МАНАН-2-оор Ч.Сайханбилэг Дубайн гэрээг хийсэн. Энэ гэрээ бүр ч хортой. Яагаад гэвэл Монгол Улсын хүртэх ашгийг 2048 он болгож хойшлуулсан. Үүнийг ч захиргааны хэргээр шүүхээр шийдэгдлээ.
Оюутолгойн гэрээг бид цуцлах биш сайжруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Дубайн гэрээ ч ялгаагүй, цуцлах ёстой гэрээний нэг. Кабинетийн гишүүд нь ч мэдээгүй гэрээ шүү дээ. Ч.Сайханбилэг очоод л зурчихсан. Гэхдээ бид ширээний ард сууж ярилцая гэж ирсэн. Гэтэл зарим УИХ-ын гишүүд сайжруулах битгий хэл энэ талаар дуугарах ч хэрэггүй гэж үзэж байна. Тухайн үед Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулая гэсэн ч гарын үсэг бүрдээгүй. Ингээд Засгийн газар нь огцорч чадахгүй гэдгийг мэдмэгцээ гадныхан Улаанбаатарт ирж баталгаажсан гэрээнд гарын үсэг зурсан юм.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.