Хэрхэн өөрийгөө хайрлах вэ?

Б.Анхилам
04 сарын 24, 2021

Хүмүүсийн таашаалд нийцүүлж амьдарна гэдэг хэний ч ялахгүй тулаан юм. Та бусад хүмүүст таалагдаж, тэднээр хайрлуулах гэж оролдохын оронд өөртөө анхаарч, өөрийгөө хайрлаж чадвал өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж, өөртэйгөө болон бусадтай илүү эрүүл, аз жаргалтай харилцаа үүсгэж чадах юм.


Тэгвэл өөрийгөө хайрлах гэж юу гэсэн үг вэ? Хүмүүс хэрхэн өөрсдийгөө хайрладаг юм бол?

Ихэнх тохиолдолд бид өөрсдийгөө хайрлахаас илүүтэй өөр хүмүүсийг хайрлах амархан гэдгийг олж мэддэг. Бидний зарим нь өөрсдөдөө үнэхээр ширүүн хандах нь бий. Гэсэн ч өөрөө өөрийгөө хэр хайрлах нь бусад хүмүүс таныг хэрхэн хайрлах гол шугам болж байдаг гэдгийг санах хэрэгтэй. Та л өөрийгөө хайрлахгүй бол өөр хэн ч хайрлахгүй байх нөхцөл амьдралд байх шүү. Мөн өөрийнхөө хувьд нэн тэргүүнд байх нь зарим хүний хувьд аминчхан санагдаж болох ч, та л өөртэйгөө амьдралынхаа бүх л цаг үед байх болно гэдгийг ойлгоорой.


Энэхүү нийтлэлээрээ бид өөрийгөө хайрлах энгийн болоод үр дүнтэй 15 аргыг танилцуулъя. Зарим нь хэцүү санагдаж болох ч эдгээрийг та байнга санаж, хэрэгжүүлж чадвал өөрийгөө хайрлах эрдмийг эзэмших болно. 

1. Өөрийгөө таньж мэд

Өөрийнхөө хэн гэдгийг мэдэхгүй байхад өөрийгөө хайрлана гэдэг боломжгүй зүйл. Өөрийн юунд итгэж, юунд үнэмшиж, юунд дуртай гэдгийг таних нь өөрийгөө хайрлах хамгийн эхний алхам.


2. Шаардлагатай үед үгүй гэж хэлэх

Хүн бүрт хил хязгаарыг нь зааж харьцах гэдэг өөрийгөө хайрлаж буйн нэг илрэл. Ингэснээр та бусдаас хүндлэл хүлээх болоод хүртэх эрхтэй гэдгээ мэдэгдэж байгаа хэрэг юм.


3. Өөрийгөө бусадтай жишихгүй байх

Бусад хүмүүс таниас илүү ч биш, дутуу ч биш, сайн эсвэл муу ч биш. Тэд зүгээр л таниас өөр бие хүмүүс. Та өөртөө үнэ цэнтэй байж, өөрийгөө хүлээн зөвшөөрч чадваас бусадтай харьцуулаад байх шаардлагагүй гэдгээ мэдэрнэ.


4. Өнөөдөртөө амьдар

Бидний амьдралд биднийг сатааруулах зүйл тоо томшгүй их. Гэсэн ч яг байгаа мөчдөө амьдрах гэдэг маш чухал зүйл. Хэдий ирээдүйдээ санаа зовж, анхаарал хандуулах нь зүйтэй ч өнөөдөр, энэ л өдөр, энэ мөчид ч бас амьдрал өрнөж байгаа гэдгийг санах хэрэгтэй.


5. Өөрийн хүчийг таньж, ашиглах

Хүн бүр л төрөхдөө өөрсдийн гэсэн хүч, авьяас билэгтэй төрсөн. Гэсэн ч амьдралын эрхээр зарим нь тэдгээр билэг авьяасаа таньж мэдэлгүй өнгөрөх нь элбэг. Тэгвэл та өөртөө цаг гаргаад шинэ зүйлсийг туршиж үздэг байх хэрэгтэй. Чингээд өөрийн юу хийх чадвар, хүч, авьяастай вэ гэдгээ таньж мэдсэн цагт та өөрийгөө илүү эерэгээр харах юм.


6. Өөрийгөө эрхлүүлэх

Өөрийгөө эрхлүүлэхэд заавал ямар нэг тэмдэглэлт баяр, биелсэн зорилго далимдуулах шаардлага үгүй. Хаа нэг дуртай кофе шопдоо суучихдаг, кино театр ороод кино үзчихдэг, дуртай амттанаа аваад идчихдэг байх цагийг өөртөө гаргаж, өөрийгөө шагнаж байх нь бас л чухал шүү. 



7. Өөртөө үнэн бай

Энэ хэлэхэд амархан ч үнэн хэрэгтээ ялимгүй түвэгтэй. Бидний зарим өөрийгөө үнэмшүүлэхдээ хэтэрхий сайн учир өөртөө худлаа хэлж байгаагаа ч ялгахгүй өнгөрөх нь бий. Үнэн байх нь бүх л харилцааны гол түлхүүр бөгөөд таны өөртэйгөө харьцах харилцаанд ч ялгаагүй юм. Мэдээж та өөртөө хүдал хэлж, өөрөө өөртөө худлаа яриад байгаагаа мэдэж байхад өөрийгөө гүйцэд хайрлаж чадахгүй шүү дээ. 


8. Алдаа дутагдлаасаа ангижрах

Хүн бүр өөртөө өндөр шалгуур тавьдаг. Бусад хүмүүсийн шаардлагаас илүү өөрийн тань шаардлага илүү хүндээр тусах нь ч бий. Тиймээс өөрийн алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрч, хүн гэдгээ мэдрэх чухал. Алдаа гаргах нь хэвийн үзэгдэл бөгөөд хэн алдаанаасаа хэрхэн суралцсан бэ гэдэг нь гол. Таны дутагдлууд бол таныг бий болгодог зүйлсийн нэг. Хэрэв бид ямар ч өөгүй, алдаа дутагдалгүй байсан бол бид бүгд л хоорондоо адилхан байх байсан шүү дээ.

via GIPHY


9. Өөрийгөө уучилж сурах

Бид зарим нэг харуусал, зүхлээ үргэлж өөртөө тээж явдаг. Ямар ч алдаа байсан өөрийгөө уучилж, тухайн цаг үед, тэр үеийнхээ мэдлэг, мэдрэмжээр л үлдчихсэн үйлийг эргэн засах боломжгүй гэдгийг ухаарч өнөөдөртөө илүү дээр байхад анхаар. 


10. Зарим хүмүүст та таалагдахгүй гэдгийг хүлэн зөвшөөр

Та ямар ч байлаа гэсэн, өөрийгөө хэчнээн найрсаг, үзэсгэлэнтэй хүн гэж боддог байлаа ч гэсэн танд дургүйлхэх хүмүүс үргэлж байх болно. Энэ нь ч хэвийн үзэгдэл. Тиймээс тэдгээр хүмүүсийн санаа бодлыг өөрчлөх гэж цагаа гарздах хэрэггүй. Өөрөөрөө байх гэдэг бусдад таалагдах гэж хичээлгүй өөрийн жинхэнэ дүр төрхөө бардам гэгч илчлэхийн нэр юм.


11. Хөгжилтэй байхыг урьтал болго

Долоо хоног бүр өөртөө зугаацах завшаан олго. Найз нөхөдтэйгөө уулзаж, өдрийг зугаатай өнгөрүүл. Бид бүгд л сайхан мэдрэмж авахын тулд зугаацаж наргих шаардлага байдаг шүү дээ.


12. Талархаж сур

Өөрөөсөө болоод байгаа амьдралаасаа сайныг нь олж харахад танд талархал тус болно. Өглөө бүр сэрээд өөрийн талархаж байгаа 3 зүйлсийг бодож байх нь маш эерэг арга. Юу ч байж болно шүү дээ. Зүгээр л өглөө сэрсэндээ, амьдарч байгаадаа, унтах ор, амьдрах байшин байгаадаа ч талархаж болно.


13. Өөрийн амжилтыг бичих

Өөртөө юу байгаа болоод өдий хүртэл ямар, ямар амжилт гаргаснаа бичиж өдөр бүр эсхүл долоо хоногтоо нэг бичиж байх нь өөрийгөө үнэлэх үнэлэмжийг тань нэмэгдүүлнэ. Сэтгэл санаа тань тавгүйрхсэн үед тэр л тэмдэглэлээ уншаад сэргэж ч болох шүү дээ.


14. Мэдрэмжээ мэдэр

Ингэж хэлэхээр та гайхаж байж болох юм. Гэсэн ч хүн юу ч мэдэрч болох бөгөөд тэр бүх мэдрэмжээ хааж боолгүй, тухайн мөчид мэдрээд өнгөрүүлж сурах хэрэгтэй. Гуниг харуусал, уур бухимдал зэрэг мэдрэмжээ ч ил гаргаж байх нь чухал. Зөвхөн аз жаргалтай, баяр хөөртэй мэдрэмжээ л ил гаргаад, таагүй мэдрэмжүүдээ хорьж цагдаад байж болохгүй.


15. Өөрийн биеэ арчлах

Эрүүл мэнд бол хамгийн үнэт зүйл. Өөрийн биеийн эрүүл мэндэд анхаарах нь өөрийгөө хайрлах нэг арга. Дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хооллож, ус ууж, 7-8 цагийн нойр авч байх нь таны өөрийгөө эрхлүүлж байгаа нэг хэлбэр юм шүү.


via GIPHY

Холбоотой сэдвүүд

зөвлөгөө өөрийгөө хайрлах

Сэтгэгдэл бичих (6)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.