Залуухан үзэсгэлэнтэй Махса Амини баруун Курдистан мужийн Сагес хэмээх жижиг хотод амьдардаг байжээ. Гэвч ердөө долоо хоногийн өмнө дүүтэйгээ явж байхад нь "хижаб" буюу толгойн гивлүүрээ зохисгүй зүүсэн хэмээн буруутгагдаж баривчлагдсан нь харамсалтайгаар амь насаа алдах шалтгаан болсон юм. 

Бүсгүй баривчлагдсаныхаа дараа ухаан алдаж унасан бөгөөд үүнээс хоёр хоногийн дараа зүрхний шигдээс оношоор эмнэлэгт нас барсан аж. Гэвч түүний үхлийн шалтгааныг олон нийт хүлээн зөвшөөрөхгүйгээр үл барам эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж улмаар хүчээ авсаар байна.

Амь насаа алдсан Иран бүсгүйн гэр бүлийн мэдэгдэж буйгаар Махса Амини ямар нэгэн өвчнөөр өвдөж байгаагүй аж. Энэ талаараа Махса Аминигийн аав “Бид охинтойгоо 22 жил амьдарсан, эрүүл мэндийнх нь тухай мэдэлгүй яах вэ. Тэр минь эрүүл саруул биетэй хүн байсан” хэмээн ярьжээ.

Үндэсний болон олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд дурдагдсанаар, Махса Аминигийн үхлийн дараа иран иргэдийн өрнүүлсэн эсэргүүцлийн жагсаалын үеэр наад зах нь 17 хүн амь үрэгджээ.

Жагсагчдын барьсан зарим уриа нь "Бид эрх чөлөөт Ираныг эргүүлэн авчрах болно" гэсэн утгатай аж.

Норвегид төвтэй Курдын хүний эрхийн байгууллагын мэдээлснээр эсэргүүцлийн жагсаалын үеэр 450 орчим хүн шархдаж, 500 орчим хүн баривчлагдсан юм.

Тегеран хотоос эхэлсэн энэхүү эсэргүүцлийн жагсаал Исфахан, Шираз зэрэг олон хотод болж өргөжсөөр байна.

Махса Амини 9 дүгээр сарын 21-нд 23 нас хүрэх байсан бөгөөд жилийн өмнөх төрсөн өдрийнх нь зураг интернэтэд тархжээ.

Ираны цагдаа нар 1000 орчим хүн цугларсан жагсаал тараахын тулд нулимс асгаруулагч хий ашигласан гэж Ираны төрийн мэдээллийн IRNA агентлаг мэдээлэв. Зарим жагсагчид цагдаагийн машин, мотоциклийг шатаасан талаар ч дурджээ.

Жагсаалын үеэр амь насаа алдсан Махса Аминигийн зургийг барьсан иран эмэгтэйчүүд хижабаа тайлж шатаасан бол зарим нь үсээ тайрч эсэргүүцлээ илэрхийлсэн юм.


Гэрэл зургийн эх сурвалж: news.sky
Энэхүү жагсаалтай холбогдуулан энэ долоо хоногийн лхагва гарагийн оройноос эхлэн Иранд зөвшөөрөгдсөн цорын ганц сошиал медиа платформ Instagram руу нэвтрэх эрхийг хязгаарлаж, зарим гар утасны сүлжээг бүрмөсөн хаажээ.


Гэрэл зургийн эх сурвалж: Reuters

Тегеран дахь хүний эрхийн хуульч Саид Дехган DW-д ярилцлага өгөхдөө "2019 онд тохиолдсоноос ч илүү муу зүйл биднийг хүлээж буй. Нөхцөл байдал маш хурцадмал байна. Иран улс өөрсдийн ард түмэнтэйгээ байнга дайтдаг улс төрийн тогтолцоотой. Интернэтийг хаах нь тодорхой зорилготой. Цагдаа, хүчнийхэн энэ жагсаалын эсрэг бүх хүчээрээ арга хэмжээ авч, үй олноор хөнөөх болно. Дэлхий ертөнц үүнийг харах ёсгүй учраас цахим орчныг хаасан" гэж хэлжээ.

Хилийн чанадад ч мөн хижабаа буруу зүүснээсээ болж амь насаа алдсан Махса Аминигийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж, Ираны хуулийг эсрэг үзэл бодлоо илэрхийлж жагсаал хийсээр байна.

Тухайлбал Нью-Йорк, Берлин, Истанбул зэрэг хотод эсэргүүцлийн жагсаал болсон билээ.

Үүнийг Ираны улс эсэргүүцэж дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон хэрэг хэмээн буруушаажээ.

1979 онд болсон Исламын хувьсгалаас хойш иран эмэгтэйчүүдийн эрх ноцтойгоор зөрчигдсөөр иржээ. Тухайлбал эмэгтэйчүүдийг олон нийтийн газар гивлүүргүй явахыг хориглосон хууль гаргасан билээ. Энэхүү хуулийн заалтыг эсэргүүцсэн иран эмэгтэйчүүд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хэдэн мянган эмэгтэйчүүд жагсаал хийж байжээ.

1979 он. Хижаб өмсөхийг эсэргүүцэж буй иран бүсгүйчүүд

Залбирал үйлдэхэд эмэгтэйчүүдийг эрчүүдтэй нэг өрөөнд оруулахыг зөвшөөрдөггүй, эмэгтэйчүүд усан санд усны хувцастай усанд орохыг хориглодог тэр байтугай эмэгтэйчүүд спортын тэмцээн уралдаан үзэхийг хориглодог гээд эмэгтэйчүүдэд халтай хууль тус улсад олон бий.

Үүнээс үүдсэн цөөнгүй хөдөлгөөн өрнөж ч байсан удаатай.

Тухайлбал 2019 онд Ираны хөлбөмбөгийн багийн хөгжөөн дэмжигч Сахар Ходайяри хэмээх бүсгүй эрэгтэй хувцас өмсөн цэнгэлдэх хүрээлэн рүү нэвтрэх гэж байхдаа баривчлагдаж улмаар шоронд хоригдохоос эмээн шүүхийн гадаа өөрийгөө шатаасан хэрэг явдал гарч байсан юм. Тэрээр их хэмжээний түлэгдэлтийн улмаас долоо хоногийн дараа эмнэлэгт нас барсан нь тухайн үедээ шуугиан дэгдээсэн билээ.

Хөлбөмбөгт дурлагч энэ бүсгүйд тохиолдсон эмгэнэлт үйл явдлын дараа ФИФА-ийн Ерөнхийлөгч Жанни Инфантино Ираны эрх баригчидтай энэ асуудлаар хэлэлцэж, улмаар эмэгтэйчүүд тоглолтуудыг чөлөөтэй үзэх боломжийг бүрдүүлсэн түүхтэй.

Энэ удаа Махса Аминигийн үхэл хижабын эсрэг хилэн жагсаалыг дахин өрнүүлэв. Тэмцэл хэрхэн үргэлжлэх, үр дүн гарах эсэх нь одоохондоо тодорхойгүй. Өөрчлөлт хэрхэн үргэлжлэхийг дэлхий ертөнц анхааралтай ажиглаж байна.

Эх сурвалж: BBC, DW