ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМНААС УРИАЛЖ БАЙНА.

Дэлхий нийтийг түгшээгээд буй корона вирусийн улмаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хаасантай холбоотойгоор эцэг эхчүүдийн үр хүүхэддээ тавих анхаарал халамжийг сайжруулж, тэднийг эрсдэлт байдалд орохоос урьдчилан сэргийлэх, албан хаагчдынхаа ажил, амьдралын тэнцвэрийг хангахад анхаарч ажиллахыг нийт албан байгууллага, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагад уриалж байна.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгж бүхэн хүүхдийн эрхийг дээдэлж, хүүхдэд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, байгууллагынхаа ажиллагсдынхаа гэр бүлийн өмнө үүрэг хариуцлага хүлээх замаар хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нөлөөллийн ажлыг хийдэг байх, ажилтнуудынхаа ажил, амьдралын тэнцвэрийг хангасан хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх "Хүүхэд хамгааллын чиглэлээр баримтлах бодлого, чиглэл батлах тухай" тогтоолыг 2018 онд Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх баталсан.
Энэ дагуу ХНХЯ-наас Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон нийслэл, аймаг дүүрэгт тогтоолыг хэрэгжүүлэх чиглэл хүргүүлж хэрэгжилтийг өөрсдөөсөө эхлүүлж, бусдад үлгэрлэх зорилгоор бүх яаманд Хүүхэд эрх хамгааллын сургалтыг хийж, 13-т нь "Эцэг эхийн зөвлөл" байгуулан үйл ажиллагааны төлөвлөгөө хийхэд нь арга зүйн дэмжлэг үзүүлж, тайлан мэдээллийг нэгтгэн авч ажилласан.


Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн С.Чинзориг сургууль, цэцэрлэгийг түр хаасантай холбоотойгоор Засгийн газрын 2019 оны 201 дүгээр тогтоолоор батлагдсан “Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж дэмжлэг үзүүлэх журам”-ыг үндэслэн хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймаг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга нар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, тус байгууллагын аймаг, нийслэлийн салбар, бүх шатны төрийн байгууллагад хандан "Хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай" албан даалгаврыг 2020 оны нэгдүгээр сарын 28-нд гаргасан билээ.


Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тогтоол болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан даалгаврын хэрэгжилтийг ханган хаа хаанаа хариуцлагатай хандах нь томчууд бидний үүрэг бөгөөд эцэг эхчүүд та бүхнийг өөр өөрийн байгууллагад “Эцэг эхийн зөвлөл” байгуулан, хүүхдийн эрхийг дээдэлсэн үйл ажиллагаа явуулахыг удирдлагаасаа шаардах, энэ чиглэлд хамтарч ажиллахыг ХНХЯ-наас уриалж байна.