Хойд Солонгос Хятадад нүүрс экспортолж эхэллээ

Хойд Солонгосоос сүүлийн таван сарын турш нүүрс худалдаж аваагүй БНХАУ импортын хоригоо цуцалжээ. Наймдугаар сарын статистик үзүүлэлтээр урд хөрш 1.64 сая тонн нүүрсийг умардаас импортолсон байна. Энэ онд нийтдээ 4.31 сая тонн нүүрс худалдаж авсан гэсэн мэдээг Хятадын гаалийн байгууллагаас өгчээ. Хоёр улсын нүүрсний худалдаа түрүү жилийн өдийгөөс 71 хувиар буураад байгаа аж. Хятадын Худалдааны яам оны эхээр “Хойд Солонгост тавьсан импортын хориг энэ оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл үргэлжилнэ” хэмээн мэдэгдсэн ч хоригоо хугацаанаас нь өмнө ийнхүү цуцаллаа. Хориг үйлчлэх хугацаанд Монголын нүүрсний экспорт тасралтгүй өсөж байсан юм. Өнгөрсөн зургадугаар сард гэхэд 4.06 сая тонныг экспортолж рекорд тогтоож байв. Харин долдугаар сард энэ үзүүлэлт хоёр дахин буурч, 1.92 сая тонн болсныг Үндэсний Статистикийн хорооноос мэдээлж байв. Өнгөрсөн сард 2.4 сая тоннд хүрч бага хэмжээний сэргэлт мэдрэгдсэн юм.Хятадын тал Гашуунсухуйт-Ганцмодны боомтын хяналт шалгалтаа нэмэгдүүлсний улмаас боомтоор нэвтрэх машины тоо багассан гэх шалтгааныг албаны хүмүүс өгч байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.