Австралийн Засгийн газар Хойд Солонгос цөмийн болон пуужин үргэлжлүүлэн хөгжүүлж байгаа тул хөлбөмбөгийн багийг хил нэвтрүүлэхгүй хэмээн мэдэгджээ. Ирэх сард Австралид 19 наснаас өмнөх насны дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолт болох юм. Азийн хөлбөмбөгийн холбоо Австралийн Викторияд ирэх сарын 4-нд аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулна. 

Уг тэмцээнд Хойд Солонгос, Хонконг, Хойд Марианы арлууд болон Австралийн тамирчид хүч үзэх байсан. Тус улсын Гадаад хэргийн сайд Жули Бишоп “Хөлбөмбөгчдийг тэмцээнд оролцуулах нь Хойд Солонгосын хууль бус цөмийн зэвсгийн хөтөлбөрийг хатуу эсэргүүцэж буй Засгийн газрын байр суурьд харшилсан явдал болно” хэмээжээ. 

Түүнчлэн Австрали НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс тавьсан хоригийг мөрдөж, Пхеньянд дипломат болон эдийн засгийн шахалт үзүүлсээр байх аж. Австралийн хөлбөмбөгийн холбооноос урьдчилсан шатны тоглолтыг өөр улсад зохион байгуулж магадгүй гэв.