Хойд Солонгосын хакерын бүлэглэл криптовалютаар 100 сая ам.доллар угаажээ

Л.Дэлгэрмаа
04 сарын 25, 2022

Хойд Солонгосоос хамааралтай гэгддэг Лазарус гэх хакерын бүлэглэл АНУ-ын тавьсан хоригийг үл харгалзан хулгайлсан криптовалютаа ашиглан мөнгө угаасаар байна хэмээн Вашигтон пост сонин онцолжээ.

Тодруулбал, криптовалютыг хянах EtherScan Data сайт болон блокчейн шинжилгээний Elliptic компаниуд хяналт шалгалт хийж Хойд Солонгосын хакерын бүлэглэл хэрэглэгчдийн "Axi Infinity" видео тоглоом тоглохдоо ашигладаг 600 сая ам.доллароор хэмжигдэх криптовалютыг хулгайлж мөнгө угаах хэлбэрээр цахим орчинд шилжүүлж байгааг илрүүлжээ.

Хакерууд хулгайлсан мөнгөө алсаас хяналт тавих боломжгүй Ethereum криптовалют руу хөрвүүлж, АНУ-ын эрх баригчд шууд нэвтрэх боломжгүй газар руу зөөж байгаа гэнэ. Тэд иймэрхүү аргаар нийт 100 сая ам.доллар угаасан хэмээн Elliptic компани мэдэгдээд байгаад юм.

Хамгийн сүүлд гэхэд дөрөвдүгээр сарын 22-нд 4.5 сая долларыг Ethereum валют руу шилжүүлжээ.

Ингэж Ethereum руу мөнгөө шилжүүлснийхээ дараа “Tornado Cache” нэртэй программын тусламжтайгаар эх сурвалжийг нь устгадаг аж.

Үүнээс өмнөхөн буюу өнгөрсөн сарын 23-ны өдөр “Axi Infinity” тоглоомын хэрэглэгчид криптовалютаа байршуулдаг “Ronin” сүлжээнд "Тус хакерын бүлэглэл нэвтэрч 173,600 ширхэг Ethereum болон 25,5 сая ам.долларын USDC хулгайлсан" гэж мэдэгджээ. АНУ зүгээс энэ хэргийг Лазарусын хийсэн хэмээн үзсэн юм.

Уг эрэг гарах үед дээрх криптовалют 540 сая ам.доллараар үнэлэгдэж байсан ч 625 сая ам.доллар болж өсчээ.

Түүнчлэн Лазарусыг 2017 оны арванхоёрдугаар сард АНУ, Австрали, Канад, Шинэ Зеланд, Их Британи зэрэг 150 орны 300 мянга орчим компьютерийг гэмтээсэн WannaCry 2.0 ransomware халдлагад оролцсон гэж сэжиглэдэг юм.

Эх сурвалж: Newsis

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.