А.Гүндмаа: Булаг шандаа бохирдуулж, бууриа цэвэрлэхгүй явбал буян хишиг нь тасардаг юм

Х.Оргил
07 сарын 22, 2026

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) угтан зохион байгуулж буй орон нутгийн зөвлөлдөх уулзалтыг хийсээр байгаа билээ. Энэ үеэр иргэд байгалиа хамгаалахад иргэдийн оролцоо чухал болохыг илэрхийлсээр байв.

Тэдний нэг бол Өмнөговь аймгийн малчин А.Гүндмаа юм. Тэрбээр малчид байгаль, гол усаа хайрлаж хамгаалах Монгол ухаанаа бүү мартаасай хэмээн ийнхүү ярьж байна.



Бид хуулиар бус, ёс уламжлалаараа байгалиа хамгаалж ирсэн ард түмэн

Монголчууд эртнээс булаг шандын эхийг хамгаална, хогоо ангилна гэж байнга ярьдаггүй байлаа. Гэхдээ үүнийг ёс уламжлалдаа, өдөр тутмын үйлдэлдээ шингээж ирсэн ард түмэн.

Нүүхдээ бууриа цэмцийтэл цэвэрлэдэг бичигдээгүй хуультай. Хуучны хөгшчүүд лус савдаг хилэгнэнэ гээд бохир шанагаар ус хутгуулахгүй. Голын эхэд юм угаах, хог хаяна гэсэн ойлголт байсангүй.

Эцэг эх минь ингэж хэлж, ийм л хүмүүжлээр биднийг өсгөжээ.

Харин өнөөдөр энэ бүхэн мартагдаж байгаад маш их харамсдаг.

Таван ундаргатай байсан булаг гэхэд өнөөдөр хоёрхон болж үлджээ.

Уг нь эхийг нь хамгаалж чадвал ширгэсэн ундаргууд нь ч эргээд сэргэх боломжтой. Хамгаална гэдэг нь сүйдтэй том ажил биш. Булгийн эхийг хашаалж, малын хөлөөс чөлөөлөхөд л эхний алхам болно.

Тэгэхгүй бол мал байнга гишгэж, булгийн эх дарагдана. Мал, амьтан ундарга дээр нь унаж үхэх, ус бохирдох гээд ширгэх олон шалтгаан бий.

Булгийн эхийг малын хөлөөс хамгаалчихвал усны гарц нь сэргэж, бүр хол урсах боломжтой. Газрын гадарга дээгүүр урсаж байгаа ус зөвхөн мал, хүнийг ундаалаад зогсохгүй ойр орчмын хөрс, ургамлыг усалж, тэтгэж байдаг шүү дээ.


Булгийн эх дээр үхсэн малынхаа сэг зэмийг холдуулдаг малчид ховор болжээ

Саяхан би ажлаар өөр тийшээ яваад ирсэн юм. Гэтэл булгийн эх дээр тэмээ үхчихсэн байсан. Эзэн нь авахгүй нэлээд хэд хонуулаад, сэг зэм нь үнэр орж, ялаа шавчихсан байхыг хараад нүд хальтирсан. Хэл ам хийж, удаа дараа шаардсаны эцэст сая л холдууллаа.

Үнэнийг хэлэхэд зарим малчдын хандлага ийм л байна.

Хэрэв энэ хэвээрээ малын хөлөөр булгийн эхийг талхлуулж, дарж,  сэг зэм, хог шороогоор бохирдуулаад байвал энэ булаг ширгэх эсэх нь цаг хугацааны л асуудал юм. Тэр цагт бид бүгдээрээ гүний худаг бараадах байх.

Гүний худаг мэдээж хэрэгтэй. Гэхдээ газрын хөрсөн дээр өөрөө ундарч, урсаж, эргэн тойрноо усалж тэтгэдэг булаг шанд шиг сайхан зүйл хаана байх вэ.

Бүхнийг уул уурхай руу чихэхээсээ өмнө өөрсдийгөө харъя

Байгаль орчны асуудал ярихаар бид хамгийн түрүүнд уул уурхайг буруутгадаг. Мэдээж аливаа зүйл хоёр талтай. Уул уурхайн нөлөөллийг үгүйсгэж болохгүй.

Гэхдээ малчид бид өөрсдөөсөө шалтгаалах зүйлээ эхлээд хийх хэрэгтэй байна.

Нүүхдээ бууриа цэвэрлэчихдэг, булаг шандын орчимд хог байвал түүгээд явчихдаг байя. Энэ чинь эх орноо хамгаалж байгаа хамгийн бодит ажил мөн биш гэж үү?

Манайх хаана ч явсан таарсан хогоо машиндаа ачиж, аймгийн төвийн хогийн цэгт хүргэж хаядаг. Энэ талд өчнөөн хог хөглөрч байна. Гадаад, дотоодын жуулчин ч бараг очдоггүй газар шүү дээ.

Тэр хогийг гадны хүн ирж хаяагүй. Бидний л тарьсан хог гэсэн үг.

Бууриа цэвэрлэх нь уриа биш, монгол хүний ёс байсан

Сүүлийн үед “Бууриа сайхан цэвэрлэе” гэсэн хөдөлгөөн өрнөж байгаад олзуурхаж байгаа.

Тэр санаачилгыг татаж аваад малчдынхаа цахим группт хүртэл хуваалцсан. Нэг хүн доор нь “Маш хэрэгтэй санал байна” гэж бичсэн байсан.

Мэдээж хэрэгтэй санал. Гэхдээ зөвхөн хэрэгтэй гэж бичээд өнгөрөх биш, үүнийг үйлдэл болгож, амьдралдаа хэвшүүлдэг баймаар байна.

Аймгийн төв ойрхон байхад буурин дээрх хогоо машиндаа ачаад, замдаа хогийн цэгт хүргэж хаяхад хэцүү зүйл огт байхгүй. Би өөрөө байнга хаядаг учраас маш сайн мэднэ.

“Бууриа цэвэрлэхгүй явбал буян хишиг тасардаг” гэж хууччуул ярьдаг

Хууччуулын ярьдаг нэгэн домог бий. Эрт цагт нэгэн айл нүүхдээ бууриа цэвэрлэлгүй, үнс нурам, хог новшоо тэр чигт нь орхиод явжээ. Төд удалгүй тэр айлын мал үхэж үрэгдэн тогтохоо байж, өөрсдөө ч өвчинд ээрүүлсэн гэдэг. 

Тиймээс “Бууриа цэвэрлэхгүй явбал буян хишиг нь тасардаг” хэмээн хөгшчүүл захидаг байжээ.

Нүүхдээ буурин дээрээ сэтэрхий зүү ч үлдээлгүй сайтар шалгаж, хог шороогоо цэвэрлэнэ. Зарим нутагт буусан буурийнхаа хоймор, үүд, гол хэсэгт аргал асааж, гал нь унтартал хүлээдэг байсан гэдэг.

Бууриа цэвэрлэх ёс, булаг шандаа хамгаалах тухай яриа нь зөвхөн хуучны бидний яриад өнгөрдөг зүйл биш шүү дээ.

Өнөөдрийн цөлжилт, усны хомсдол, хөрсний доройтол гээд байгаль орчны асуудлыг шийдэх шийдлийн эхлэл нь ийм энгийн зүйлээс эхэлнэ гэж хардаг.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.