“Victoria’s Secret”-ийн загвар өмсөгч Карли Клосс биеийн жингээ барьж, сайхан биеээ хадгалахын тулд фитнессийн багш Анна Кайзертэй хичээллэдэг ажээ. Нью-Йорк хотод сургалтын төвтэй Анна Кайзер Шакира, Сара Жессика Паркер тэргүүтэй Холливудын нэрт хүмүүсийг дасгалжуулдаг. Тэрбээр йога, бүжиг, плиометрик (үсрэлт) болон хүчний дасгалаар мэргэшсэн нэгэн.

Анна Кайзер “The Cut” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа эрүүл амьдралын хоёр нууцыг дэлгэжээ. Энэ нь хэт их дасгал хөдөлгөөн хийхгүй байх, мөн хангалттай унтаж амрах аж. Олон хүнд энэ их энгийн санагддаг ч ихэнх нь зохицуулж чаддаггүй гэв. Тэрбээр “Дасгал хөдөлгөөн их хийж, хоол бага идэхдээ гол нь биш. Хамгийн гол нь хангалттай унтаж амрах юм” хэмээжээ.

Түүний хэлснээр өдөрт найман цаг унтаж, өдөрт нэг цаг дасгал хийх нь зүйтэй аж. Гэхдээ долоо хоногт дор хаяж нэг өдөр дасгал хийлгүй амрах хэрэгтэй. “Хэрэв та 5-6 цаг унтчихаад дасгал хийх үү, үргэлжлүүлэн унтах уу гэсэн сонголттой тулбал унтахыг нь сонгоорой. Хүний бие цуцахад хавантаж, илүүдэл жинтэй байсаар байна. Бага унтах тусам гормоны тэнцвэр алдагддаг” хэмээв.

Та дасгалаа хэрхэн тохируулдаг вэ?

Дасгалаа хоёр долоо хоног тутамд өөрчилж аль нь илүү таарч байгааг турших нь зүйтэй. Би бүжигчний авьяас, дасгал хөдөлгөөний шинжлэх ухааны туршлагад үндэслэн дасгалаа хольж, сольдог. Бүтээлч байдлаар хүссэн үр дүндээ хүрэх л хамгийн чухал. Амьдралын хэв маяг үргэлж нэг хэвэндээ байхгүй тул түүндээ тааруулж дасгал хөдөлгөөнөө ч сольж байх хэрэгтэй. 

Эмэгтэйчүүдийг эрүүл, хөдөлгөөнтэй амьдралтай болгоход юу танд нөлөөлсөн бэ?

Бүжигчин хүний хувьд биеийн жингээ үргэлж барих арга хайж байдаг. Би дэндүү олон замаар явж хэт их пилати хийж, кардиогоо дутааж, хэтэрхий их дасгал хийж өөрийгөө ядрааж, хэдэн цаг төмөр өргөхөөс залхсан. Тэгээд л хөгжилтэй, хамгийн гол нь үр дүнтэй дасгал хөдөлгөөн хийх арга зам хайж эхэлсэн юм. Хэн л өдөрт бүр хоёр цагийг дасгал хөдөлгөөнд зарцуулах билээ. Хэн л янз бүрийн дасгал хөдөлгөөнд хэрэгтэй хувцас, хэрэгслийг авч чадах билээ. Үүнд л хариу хайж эхэлсэн. 

Хоолны дэглэм хэр чухал вэ?

Эрүүл хооллолт төлөвлөж, амттай, дуртай зүйлээ хэтрүүлэлгүй идэх маш чухал. Би "дэглэм" гэдэг үгнээс татгалздаг. Дэглэм бол хэсэгхэн хугацааны л зүйл. Багахан өөрчлөлт хийгээд түүнийгээ урт хугацаанд барих нь зүйтэй. Фитнесс бол амьдралын хэв маяг, харин зөв хооллох бол тэр хэв маягийн суурь нь. Нүүрээ хөхөртөл дасгал хийгээд ч эрүүл, амттай, сэтгэл ханамжтай хооллохгүй бол хүссэн өөрчлөлтөө олж харахгүй. Мөн хоёр дахин их хичээллэх хэрэг гарна.

Танд огт иддэггүй зүйл гэж бий юу?

Тийм ээ. Окра, амтат мах, малын дотор эрхтэн. Гэхдээ амтанд нь дургүй болохоор иддэггүй. Өөртөө хориг тавих дургүй, тэнцвэрээ л барих нь чухал. Өдөрт 80 хувьд нь эрүүл хооллосон бол 20 хувийг нь өөртөө зориулж болно шүү дээ. Хүн л юм чинь хорвоо дэлхийн сайхан амттай бүхнийг идмээр л санагдана.