Хонконгод сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвар нэмэгдэж буй учир иргэдийг гадуур явахдаа заавал амны хаалт зүүхийг шаардаж, нэг дор хоёроос дээш хүн цугларахыг хоригложээ.

Romania TV

Тус улсын аюулгүй байдлын ахлах Маттью Чэунг өчигдөр хийсэн мэдэгдэлдээ "Лхагва гарагаас эхлэн гудамж талбай болон байгууламж дотор байхаас үл хамааран олон нийтийн газарт хүн бүр амны хаалт зүүх шаардлагатай. Шаардлагыг зөрчиж, амны хаалт зүүгээгүй этгээдийг 5.000 хонконг доллар буюу 645 ам.доллар/хоёр сая орчим төгрөг/-аар торгоно хэмээжээ. Гэсэн хэдий ч тэрээр уг журмын хэрэгжилтэд хэн хяналт тавихыг хэлээгүй юм. Мөн суурь өвчтэй, эрүүл мэндийн шалтгаантай хүмүүс болон 2-оос доош насны хүүхдүүд торгуульд хамаарахгүй аж.

Түүнчлэн Маттью Чэунг Хятадын төв засгийн газрын тусламжтайгаар Хонконгийн нисэх буудлын ойролцоо 2000 ортой Үхань дахь эмнэлэг шиг эмнэлэг барина гэдгийг мэдэгджээ.

Мөн тэрээр "коронавирусийн тархалтын нөхцөл аюултай хэмжээнд байгаа ба ирэх долоо хоногуудад хотын хувьд эрсдэл өндөр байж, нийтийг хамарсан тархалттай нүүр тулж болзошгүй"-г онцолжээ.

Уг журмыг гаргахад хүргэсэн шалтгаан нь тус улс цар тахлын гурав дахь давалгаатай нүүр тулсан бөгөөд олонх халдварын эх сурвалж нь мэдэгдэхгүй байгаа юм. Хонконг улс нэг үе коронавирусийн халдварыг амжилттай хяналтдаа авсан орон хэмээн сайшаагдаж байсан ч өнгөрөгч даваа гарагийн байдлаар нийт 6 өдөр дараалан 100 давсан тохиолдол бүртгэгдсэнээр тус улс нийт 2700 гаруй тохиолдолтой болж байна.

Өнгөрөгч хоёр өдөрт л гэхэд 76 болон 92 настай хоёр эмэгтэй коронавирусийн улмаас нас барснаар нийт 20 хүн тус хотод коронавирусээр өөд болжээ.

Тухайн мэдэгдлээс өмнө өнгөрсөн 14 хоногийн дотор 1163 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба 492 тохиолдлын эх сурвалжийг илрүүлсэн гэж мэдээлж байсан юм.


Эх сурвалж: CNN