Эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аварга том компани болох Johnson & Johnson хүүхдийн нунтаг цацлага Johnson Baby Powder бүтээгдэхүүнийхээ АНУ, Канад дахь борлуулалтаа зогсоолоо.

Нунтаг цацлага бүтээгдэхүүн нь хорт хавдар үүсгэгч шөрмөсөн чулуу буюу asbestos агуулдаг гэсэн 16,000 хэрэглэгчдийн нэхэмжлэл шүүх дээр ирээд буй. Үүнээс болж тус компанийг 4.7 тэрбум доллар нөхөн төлбөрийг хорт хавдраар өвчилсөн 22 эмэгтэйд төлөх шүүхийн шийдвэр гарчээ.

Хэдийгээр Johnson & Johnson компани өөрийн цацлага бүтээгдэхүүний аюулгүй байдлыг байнга хамгаалж ирсэн боловч дээрх хэргүүдийн улмаас Хойд Америк дахь борлуулалт нь буурчээ.

Иймээс уг бүтээгдэхүүний борлуулалтыг ирэх саруудад зогсоохоо мэдэгдсэн байна. Гэхдээ одоо худалдаанд байгаа барааг жижиглэн худалдаанд үргэлжлүүлэн худалдах аж. 

Johnson & Johnson хүүхдийн нунтаг цацлага АНУ-ын эрүүл мэндийн бүтээгдэхүүний зах зээлийн 0,5 хувийг эзэлдэг байна.


Эх сурвалж: BBC