Цагтаа сүмогийн ертөнцөд хүч үзэн Монгол түмнийхээ хайр хүндэтгэлийг хүртэж булган сүүлтэй Кёкүшюзан Д.Батбаярт гэгдэж явсан үе түүнд бий. Харин  Харумафүжигийн асуудал дээр тараа таниулж эхэллээ. Нэгэнт хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа уг асуудал дээр Кёкүшюзан Д.Батбаяр Японд очиж шар хэвлэлүүдэд Харүмафүжиг буруутгаж Таканоиваг өмөөрсөн нь олон хүний дургүйцлийг төрүүлээд байгаа юм.

Тэрээр Японы сонин телевизэд Харүмафүжиг уухаараа агсам, тавьтаргүй, хоёр ёкозүна дундуур нь орж салгаагүй бол яах ч байсан юм билээ” зэргээр ярьжээ. Хальтирсан дээр нь түлхэх гэгчээр аль эрт сүмогийн хатуу амьдралыг биеэрээ туулсан түүний хувьд ийм эгзэгтэй үед энэ мэтийн явган яриа гал дээр тос болно гэдгийг мэдэхээс их мэдэж байгаа. 

Энэ мэт хов хутгахдаа хүртэл Япончуудад ерөнхийлөгчийн зөвлөх гэсэн хуучин нэрийн хуудсаа хэвлэлийнхэнд тараасныг Асашёорюү Д.Дагвадорж фэйсбүүк хуудастаа “Ийм зүйлд Монгол улсын ерөнхийлөгчийн нэрийг барих ямар шаардлага байна уу. Хувийн ажилдаа ерөнхийлөгчийн зөвлөх гэсэн нэрийн хуудсыг ашиглаад явах хэр зохимжтой вэ” хэмээн бичжээ. 

Өмнө нь Асашёорюү Д.Дагвадоржийг асуудалд орооцолдож зодог тайлах дээрээ хүрэхэд мөн л Япон руу нисч очсон байдаг. Тухайн үед “Монгол бөхчүүд хариуцлагагүй. Би тэдэнд зориулсан хуулийн төсөл боловсруулж байгаа” гэх утгатай үгийг Кёкүшюзан нисэх онгоцны буудалд өөрийг нь тоссон Японы сэтгүүлчдэд хэлсэн хэрнээ Монголд ирээд мэлзсэн удаатай.

Мэргэжлийн сүмогийн дэвжээ бол хүссэн аавын хүү хүрдэг газар биш. Хүрлээ ч гэсэн түүний түлхээд байгаа Асашёорюү Д.Дагвадорж, Харумафүжи Бямбадорж шиг амжилтанд хүрнэ гэдэг амаргүй даваа гэдгийг цагтаа Кёкүшюзан мэдэрч л суугаа. Тэр өөрөө ч тийм өөгүй цагаан хүн биш. Мэргэжлиийн сүмод найраа хийдэг, мөнгө авч унадаг гэж Японы хэвлэлүүдэд бичигдсэн нь одоо ч мартагдах болоогүй.

Өнгөрсөн ням гаригт 40 дахь түрүүгээ авсан Хакухо М.Даваажаргал цомоо гардан авахдаа энэ хоёр бөхийн өмнөөс хоолой зангируулан уучлал хүсч, хоёуланг  нь барилдаасай гэж хүсч байгаагаа илэрхийлсэн билээ. Мөн хэдэн жилийн өмнө Д.Дагвадоржийг зодог тайлах шийдвэр гаргасныг сонсоод нулимс дуслуулан зогссоныг бид мэднэ. Энэ бол монгол хүний мөс чанар, бөх хүний ёс жудаг юм. Мэргэжлийн сүмогийн түүхэнд хэний ч гаргаагүй амжилтыг гаргасан нууц нь ч энэ биз. Энэ үгийг хэлснийхээ төлөө Хакухо Ёкозунагийн зөвлөлийн тэргүүн Масато Китамурагаас аваргын хувьд байж боломгүй үг хэллээ хэмээн хатуу шүүмжлэл хүртээд байна.

Өнөөдөр гэхэд Японы сүмогийн холбооны дэргэдэх Ёкозунагийн зөвлөл хэлэлцэж Харумафүжигийн асуудлыг хэлэлцэж түүнд хатуу шийтгэл оноохоор болжээ. Зарим хүний хүсэл биелээ биз. Харин Монголчуудын тамыг тогооны үлгэр үүгээр дуусаг.