Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд хүчирхийллийн төрлүүд ба түүнийг ялгах нь мэдээллийг хүргэж байна. 


Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?

Гэр бүлийн хүчирхийлэл, хамтран амьдрагчийн эсвэл дотно харилцаатай хамтрагчийн хүчирхийлэл гэгдэх хүчирхийллийн энэхүү хэлбэрийг гэр бүлийн гишүүн, дотно харилцаатай хамтрагчаа эрх мэдэл, хяналтандаа оруулах, хяналтаа хадгалах зорилгоор үйлдэж буй харилцааны зан төлвийн хэв маяг гэж тодорхойлж болно. Эдгээр зан төлөвт айлгах, сүрдүүлэх, эрхшээлдээ оруулах, хууран мэхлэх, гэмтээх, өвтгөх, доромжлох, буруутгах болон шархдуулах зэргийг хамааруулна.

Хүйс, шашин шүтлэг, яс үндэс, нас, бэлгийн чиг баримжаа, итгэл үнэмшил, нийгэм эдийн засгийн байр суурь, боловсролын түвшин зэргээс үл хамааран хэн ч гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болж болно. Мөн хамтын харилцааны хувьд гэрлэсэн, хамтран амьдарч байгаа болон болзож буй зэрэг ямар ч төрлийн харилцаанд тохиолдож болно. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нь хүүхэд, хамаатан садан зэрэг гэр бүлийн аль ч гишүүн байж болдог.

Гэр бүлийн хүчирхийлэл нь ихэвчлэн болзооны үеэр эсвэл гэр бүлийн харилцаанд, хүчирхийлэл үйлдэгч этгээд хохирогчид хүч хэрэглэх, хяналтандаа оруулах замаар илэрдэг. Гэр бүлийн хүчирхийлэл нь сэтгэл зүйн, бие махбодийн, эдийн засгийн эсвэл бэлгийн шинжтэй байж болно. Гэр бүлийн хүчирхийллийн давтамж ихэсч, хэлбэр хүндрэх тусам даамжирдаг бөгөөд хохирогчид гэмтэл учруулж, улмаар үхэлд хүргэж болзошгүй.


Та хүчирхийлэлд өртсөн үү?


Дараах асуултанд хариулснаар та өөрийгөө хүчирхийлэлд өртөж байгаа эсэх болон хамтрагч тань танд хэрхэн хандаж байгааг дүгнэж цэгнэх боломжтой болно.

Гэр бүлийн хүчирхийллийг таних шинж тэмдгүүд:

Хамтрагчаас...

  • Таныг гэр бүл, найз нөхдийн тань өмнө эвгүй байдалд оруулж, шоолдог уу?
  • Таны амжилтыг доош нь дарах гэж хичээдэг үү?
  • Таныг бие даан шийдвэр гаргах чадваргүй гэж мэдрүүлдэг үү?
  • Өөрийнхөө саналыг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд айлган сүрдүүлдэг үү?
  • Түүнгүйгээр таныг хэн ч биш гэж итгүүлдэг үү?
  • Тантай ширүүн харьцдаг уу—угзрах, түлхэх, чимхэх, эсвэл цохидог уу?
  • Таны хаана байгааг баталгаажуулахын тулд шөнийн цагаар олон дахин залгах эсвэл хаа байгаа газарт тань гэнэт хүрч ирдэг үү?
  • Хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ архи согтууруулах ундаа эсвэл мансууруулах бодисын хэрэглээгээ буруутгадаг уу?
  • Өөрийн үйлдэл, мэдрэмждээ таныг буруутгадаг уу?
  • Таныг хүсээгүй, бэлэн биш үед бэлгийн дарамт шахалт үзүүлдэг үү?
  • Танд энэ харилцаанаас “зугтах аргагүй” гэсэн мэдрэмж төрүүлдэг үү?
  • Таны хүсэл зоригийг хориглодог уу- жишээ нь гэр бүл, найз нөхөдтэйгээ уулзах гэх мэт?
  • Танд “сургамж өгөх” зорилгоор аливаа маргааны дараа таныг хаяж явах, эсвэл таныг явуулахгүй байх зэрэг үйлдэл гаргадаг уу?

 Та...

  • Заримдаа хамтрагч тань яаж аашлах бол гэдгээс айж эмээдэг үү?
  • Хамтрагчийнхаа гаргасан зан байдлын төлөө бусдаас үргэлж уучлалт гуйх хэрэгтэй болдог уу?
  • Та өөрийн ямар нэг талыг зассанаар хамтрагчаа өөрчлөгдөхөд нь тусална гэж боддог уу?
  • Хамтрагчаа уурлуулах, маргаан үүсгэх ямар нэг зүйл хийхгүй байх гэж хичээдэг үү?
  • Үргэлж өөрийн хүссэн зүйлийнхээ оронд хамтрагчийнхаа хүссэн зүйлийг хийдэг үү?
  • Хамтрагчаасаа салбал түүнийг ямар үйлдэл хийх бол хэмээн айж түүнтэй хамт байдаг уу?

Хэрэв эдгээрийн аль нэг нь таны харилцаанд байдаг бол, та хэн нэгэн хүнтэй ярилцаарай. Ямар ч тусламж авахгүй бол хүчирхийлэл үргэлжилсээр л байх болно. Тусламж авах эхний дуудлагыг хийнэ гэдэг нь маш зоригтой үйлдэл юм шүү!


Эрх мэдэл ба хяналтын тойрог


 

Бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэл, тэдгээрийг үйлдэхээр заналхийлэх нь хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн хамгийн тод хэлбэр бөгөөд бусдын нүдэнд илүү ил тод байдаг. 

Хүчирхийллийн бусад хэлбэрээр байнга хүчирхийлэх, улмаар нэг болон түүнээс дээш удаа бие махбодийн хүчирхийлэл үйлдсэний дараа хүчирхийлэл улам гүнзгийрч, илүү том хүчирхийллийн системийг бий болгодог. Бие махбодийн хүчирхийлэл нь зөвхөн нэг удаа эсвэл хааяа тохиолдож болох боловч ирээдүйд гарах хүчирхийллээс айх айдас бий болгож, хүчирхийлэгч нь хохирогчийн нөхцөл байдлыг хянах боломжийг олгодог байна.

Эрх мэдэл, хяналтын тойрог нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээдийн зан төлөв, хүчирхийллийн хэв маягийг ойлгоход туслах хэрэгсэл юм. Зөвхөн нэг эсвэл түүнээс дээш удаагийн хүчирхийллийн дараа хүчирхийллийн бусад олон тооны хэлбэрүүд илэрнэ. Эдгээрийг танихад амаргүй боловч харилцаанд хяналт тогтоох, сүрдүүлэх шинж тэмдгүүд илт ажиглагддаг. 

(Эх сурвалж: Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох төсөл, https://www.theduluthmodel.org/)

Сэтгэл санааны хүчирхийлэл нь тухайн хүний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг тогтмол шүүмжлэх, ур чадварыг нь дорд үзэх, хэл амаар доромжлох, нэр хочоор дуудах, хохирогчийн хүүхдүүдтэй харилцах харилцааг сэвтээх, эсвэл гэр бүл найз нөхөдтэй нь уулзуулахгүй байх зэргээр илэрдэг. Хэрэв хамтрагч тань дараах үйлдлүүдийг гаргадаг бол та хүчирхийлэлд өртөж байж болзошгүй:

  • Таныг хочилж дууддаг, тогтмол доромжлох эсвэл шүүмжилдэг;
  • Танд итгэдэггүй, хардаж эсвэл өмчлөх байдлаар ханддаг;
  • Таныг найз нөхөд, гэр бүлээс тань тусгаарлах гэж оролддог;
  • Таны хаашаа явах, хэнтэй ярих, хэнтэй уулзахыг хянадаг;
  • Таныг ажил хөдөлмөр эрхлүүлэхийг хүсдэггүй;
  • Санхүүгийн нөхцөл байдлыг хянаж, орлогыг тантай хуваалцдаггүй;
  • Анхаарал халамж тавихгүй байх замаар таныг шийтгэдэг;
  • Аливаа зүйлд өөрөөсөө заавал зөвшөөрөл авах ёстой гэж үздэг;
  • Таныг болон үр хүүхэд, гэр бүл эсвэл тэжээвэр амьтдыг тань гэмтээхээр заналхийлдэг;
  • Ямар нэгэн байдлаар таныг доромжилдог;

Сэтгэл зүйн хүчирхийлэлд:

  • айлган сүрдүүлэх замаар айдас бий болгох;
  • өөрийгөө, хохирогчийг эсвэл үр хүүхдээ гэмтээхээр заналхийлэх;
  • тэжээвэр амьтдыг гэмтээх, эд хөрөнгө сүйтгэх;
  • сэтгэл зүйгээр тоглох;
  • таныг ажил, сургууль, гэр бүл, найз нөхдөөс тань холдуулахаар хүчилдэг зэрэг орно.

Санхүү, эдийн засгийн хүчирхийлэл нь санхүүгийн эх үүсвэрийг бүрэн хянах, мөнгө олох боломж олгохгүй байх, сургуульд явах эсвэл ажил хөдөлмөр эрхлэхийг хориглох замаар хүнийг санхүүгийн хувьд хараат болгох оролдохыг хэлнэ.

Бие махбодийн хүчирхийлэлд хамтрагчаа цохих, өшиглөх, шатаах, шүүрэх, чимхэх, түлхэх, алгадах, үснээс татах, хазах, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс татгалзах, согтууруулах ундаа эсвэл мансууруулах бодис хэрэглэхийг албадах, бусад биеийн хүч хэрэглэх зэргээр хамтрагчаа хохироох, гэмтээхийг оролдох зэрэг орно. 

Хэрэв хамтрагч тань дараах үйлдлийг гаргадаг бол та бие махбодийн хүчирхийлэлд өртөж байж болзошгүй:

  • Ууртай үедээ эд хөрөнгө эвдлэн сүйтгэдэг (юм авч шидэх, хана руу цохих, хаалга өшиглөх гэх мэт);
  • Түлхэх, алгадах, хазах, өшиглөх, эсвэл боомилдог;
  • Таныг аюултай, танил бус газарт хаяж явдаг;
  • Машинаа хайхрамжгүй жолоодох замаар таныг айлгадаг;
  • Таныг зэвсэг хэрэглэн гэмтээдэг эсвэл заналхийлдэг;
  • Таныг гэрээсээ хөөдөг;
  • Таныг гэртээ хорьж, гадагш гарахыг хориглодог;
  • Таныг цагдаа дуудах, эмнэлгийн тусламж авахыг хориглодог;
  • Таны хүүхдүүдийг гэмтээдэг;
  • Бэлгийн харилцааны үеэр биеийн хүч ашигладаг;

Бэлгийн хүчирхийлэл нь хамтрагчаа хүсээгүй үед бэлгийн зан үйл үйлдэх, оролцохыг хүчлэхийг хэлнэ. Хамтрагч тань дараах үйлдлүүдийг гаргадаг бол та бэлгийн хүчирхийлэлд өртөж байж болзошгүй:

  • Таныг үнэнч байгаагүй хэмээн хардах, өөрсдийн харилцаанаас гадуурх аливаа харилцааг хардаж сэрддэг;
  • Таныг бэлгийн зан үйлтэй холбоотой байдлаар хувцаслахыг шаарддаг;
  • Таныг бэлгийн талаас доромжилдог, хочилдог;
  • Таныг хууран мэхлэх замаар бэлгийн харилцаанд хүчээр оруулах эсвэл зан үйл үйлдүүлдэг;
  • Таныг бэлгийн харилцааны үеэр өөрийн эрхэнд байлгадаг;
  • Таныг өвчтэй, ядарсан эсвэл зодсоны дараа бэлгийн харилцаанд орохыг шаарддаг;
  • Таныг бэлгийн харилцааны үеэр ямар нэгэн биет, зэвсэг ашиглан гэмтээдэг;
  • Бэлгийн зан үйлийн үеэр өөр хүмүүсийг оролцуулдаг;
  • Бэлгийн харилцааны талаарх таны үзэл бодлыг үл ойшоодог;

Мөшгих гэдэг нь хууль ёсны зорилгогүй, хохирогчийг дарамтлах, залхаах, айлган сүрдүүлэх зорилготой зан үйлийн аливаа хэлбэрийг хэлнэ. Мөрдөн мөшгих жишээнд олон давтан утасдах, хүсээгүй захидал, бэлэг шуудангаар өгөх, ажлын байр, гэр болон хохирогчийн байнга очдог бусад газарт ажиглалт хийх зэрэг орно. Мөрдөн мөшгих зан авир нь ихэвчлэн даамжирдаг.


Хүчирхийллийг сөрөн зогсогчид


Хүчирхийлэлд хэн ч өртөх ёсгүй. Хүчирхийлэл бол таны буруу биш. Та ганцаараа биш. Та хүчирхийлэлд өртсөн эсвэл өртөж буй хэн нэгнийг мэддэг бол цагдаагийн 102, гэр бүлийн хүчирхийллийн 107, хүүхдийн тусламжийн 108 дугааруудад хандаарай. Нэгжгүй байсан ч эдгээр дугааруудад холбогдох боломжтой. Гэр бүлийн дотно харилцааны зөвлөхөөс мэдээлэл авахыг хүсвэл 96490505 дугаарт хандаарай.

Та хүчирхийлэлд өртөж буй, өртөж байж болзошгүй хэн нэгнийг мэддэг үү? Хүчирхийлэлд өртсөн хүнийг итгэн сонсоорой, тэдэнд ганцаараа биш гэдгийг нь хэлээрэй. Тусгай утсаар зөвлөгөө авахад нь дэмжээрэй. Өөрийн санаа зовниж буйгаа илэрхийлж, шаардлагатай мэдээллийн эх сурвалжийг санал болгоорой.

Санамж: Хохирогчид ихэвчлэн хэд хэдэн удаагийн оролдлогын дараа аливаа хүчирхийллийн харилцаанаас амжилттай гардгийг санаарай.

Та хүчирхийлэгч юм биш биз? Та хамтрагчдаа буруу хандаж байгаа гэж бодож байвал таныг энэ зан төлвөө засахад туслах хүмүүс байдгийг санаарай. Та хүчирхийллийн аливаа үйлдэлдээ хуулийн дагуу хариуцлага хүлээнэ гэдгээ ухамсарлаарай.