peak.mn
03 сарын 18, 2019
Нийслэлийн удирдах ажилтны өнөөдрийн шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан зарим асуудалд тодруулга авч, холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өглөө.
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасангаас “нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг үнэлэх ажил ямар байгаа, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэдэн сард танилцуулах” талаар асуув. Ч.Однасан “Бүх байгууллагууд үнэлгээ хийгээд дууссан. Үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх ажлыг Сангийн яамнаас хуваарилсан компаниудаар хийлгэсэн байгаа” гэж хариуллаа.
“Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/1130 дугаар захирамжаар авто замын хөдөлгөөнд гол ачаалал үүсгэдэг ерөнхий боловсролын зарим сургуулийн сурагчдыг гэр сургуулийн хооронд аюулгүй, ая тухтай зорчих боломжийг судлах зорилгоор “Хүүхдийн автобус”-ны шинэ чиглэлийг турших, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулж танилцуулах ажил ямар шатандаа явж байгаа” талаар асуухад Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Хүүхдийн автобусны чиглэл туршиж бий болгох ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдсан. Мөн түгжрэлийг бууруулах ажлын хэсэгтэй хамтарч 2 удаа хуралдсан. Нийтийн тээврийн газраас хүүхдийн автобус гаргахад зардал мөнгийг шийдэх боломжгүй байна. Мөн CNG гааз тасарсантай холбоотой нийтийн тээвэрт гаргах автобус хүндрэлтэй болж байгаа гэсэн тайлбарыг өгөөд байгаа” гэлээ.
Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа олон жил болж байгаа баригддаггүй барилгын суурь цутгасан, караказ босгосон обьект бүхий газруудын эрхийг цуцлах талаар ямар арга хэмжээ авах талаар асуув. Хотын даргын зүгээс эмх цэгцгүй, орчин тойрондоо аюултай, хог шороондоо дарагдсан газруудын судалгааг дүүрэг бүрт гаргаж, танилцуулахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгоод уг асуудлыг нэгдсэн журмаар шийдэх нь зүйтэй гэлээ. Мөн нийслэлээс зам чөлөөлөх, орц гарц нээх, хашаа хайс буулгах ажил хийгдэхэд хамтатган шийдээд явна гэв.
Хотын дарга удахгүй нийслэлийн дүүргүүдэд ажиллана. Энэ үеэр зарим асуудалтай газар дээр нь танилцан шийдвэрлэх болно гэдгээ хэлсэн юм.
Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үүрэг даалгавар өглөө. Худалдан авах ажиллагааны үйл ажиллагааг хууль, дүрэм журмын хүрээнд ил тод нээлтэй, иргэдийн төлөөлөл, хэвлэл мэдээлэл, олон нийтийг оролцуулан зохион байгуулах худалдан авах ажиллагааны журам, төлөвлөгөө холбогдох хууль, журмын хүрээнд боловсруулаад, ямар зарчмаар зохион байгуулах ажлаа танилцуулахыг НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт үүрэг болгов. Барилгын ажлын талбай, хашааны стандартыг шинээр тогтоох, барилгын материал зөөж тээвэрлэх, зорчих зэрэг асуудлуудыг зохицуулсан журмын төслөө танилцуулах, Газрын албаны үйл ажиллагаатай холбоотой иргэдийн өргөдөл, гомдол, саналыг түргэн шуурхай шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг Нийслэлийн Газрын алба болон Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт үүрэг болголоо.
Нийслэлийн Дотоод аудитын газарт нийслэлд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдэд аудит хийх, хийсэн тухай дүгнэлт, гарсан зөрчил дутагдлыг арилгуулсан талаар танилцуулга бэлтгэж танилцуулах даалгавар өгөв. Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа гэрэлтүүлгийн ажлыг чанар, өнгө үзэмжтэй байх тал дээр анхаарч нэг стандартай байлгах талд хяналт тавьж ажиллахыг Захирагчийн ажлын алба болон дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгов.
“Төсвийн тухай хуулийн дагуу 2019 онд төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээг байгуулах бэлтгэх хангах, 2019 оны батлагдсан төсвийн хүрээнд байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж Санхүү, төрийн сангийн хэлтэст 2019 оны 3 дугаар сарын 18-ны дотор хянуулж дуусгах, Төсвийн тухай хуулийн дагуу төсвийг зориулалтын зүйлд зарцуулах, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулахад анхаарч ажиллах, Хаврын хуурайшилтын үед ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.