Малчин айлд зочлохдоо дараах зүйлсийг авч очоорой

Х.Уянга
07 сарын 20, 2025

Та малчин айлд зочлохдоо ихэвчлэн юу авч очдог вэ?

Бидний олонх нь чихэр, шоколад, хийжүүлсэн ундаа зэрэг сахрын агууламж ихтэй бүтээгдэхүүн сонгох нь бий. Сэтгэл шингэсэн бэлэг гэдэг утгаараа энэ нь мэдээж муу сонголт биш. Гэвч малчин айлын өдөр тутмын амьдрал, хэрэгцээ шаардлагад яг тохирох зүйлс мөн үү гэдгийг нэг бодоод үзэхэд илүүдэхгүй.

Бэлэг заавал үнэтэй, том зүйл байх албагүй. Тэнд амьдарч буй хүмүүст хэрэг болох, өдөр тутмын ажилд нь нэмэр болох, сэтгэл шингэсэн бэлэг сонгох нь илүү оновчтой байдаг. 

Хэрэв та хөдөө амьдардаг малчин өрх, хамаатан садныдаа зочлохоор төлөвлөж байгаа бол дараах зүйлсийг авч очиж болох юм. Дараах жагсаалтад аль болох байгальд ээлтэй, хүний эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүнүүдийг санал болгохыг зорилоо. 

Төмөр хувин, шанага, усны сав

Хөдөөний айлд хувин, сав хэзээ ч илүүддэггүй. Сааль саах, цагаан идээ боловсруулах, ус зөөх гээд өдөр тутамд хамгийн их хэрэглэгддэг хэрэгсэл бол сав суулга юм. Тиймээс та төмөр хувин, шанага, усны сав зэргийг авч очвол ихэд хэрэгтэй бэлэг байх болно шүү. Ингэхдээ хөнгөн, зэвэрдэггүй, элдэв амт үнэр шингэхгүй материалтайг сонгоорой. 

  • Хувин- 5-10 литрийн багтаамжтай, хөнгөн, тагтай бол бүр сайн 
  • Усны сав- 10-20 литрийн багтаамжтай, бат бөх, эвдрэхгүй
  • Шанага- Хөнгөн цагаан эсвэл зэвэрдэггүй ган

Аарцны уут хийх таар, марль

Аарцны уут хийх Орос таар болон сүү цагаа шүүх марль гэрийн эзэгтэй нарт хамгийн тохиромжтой байх болно. Ингэхдээ байгальд ээлтэй, амьсгалдаг нимгэн, бөөгнөрөхгүй шүүх чанартайг нь сонгоорой.

Аяга арчих алчуур, гал тогооны салфетка 

Эдэлгээ даах, олон удаа хэрэглэгдэх чанартай, байгальд ээлтэй материалтай байвал тохиромжтой. Нэмэлтээр саван,  порлон, аяга угаагч хөөс авч очиж болох юм. Зарим төвөөс хол сумдад эдгээр зүйлс ховор байх нь бий. 

Хүнсний цаасан уут

Ирсэн, буцсан зочин гийчинд ээзгий, ааруул өгч явуулахад тохиромжтой. Байгальд хурдан шингэх үүднээс гялгар биш бор цаасан уут сонгоорой.

Чихэр, жигнэмэг, жимс 

Айлд зочлохдоо зайлшгүй авч очих ёстой зүйлсийн нэг бол амттан. Ингэхдээ амархан муудахааргүй, аль болох удаан хадгалах боломжтой, эрүүл мэндэд тустай хүнс сонговол маш сайн. Тухайлбал, 

  • Бүхэл үрийн гурилтай жигнэмэг / печень

  • Самартай, үзэмний цуглуулга

  • Хар чавга, хатаасан жимс

  • Цэвэр хар шоколад

  • Хадгалалт даах нарийн боов

Гэр ахуйн хүнс

  • Бор гурил, арвайн гурил 

  • Цайны ханд

  • Гоймон

  • Төрөл бүрийн будаа /бор, шар, цагаан, хөц/

Хүүхдүүдэд зориулсан жижиг бэлэг 

 Өнгийн харандаа, наадаг зураг, үлгэрийн ном, бөмбөг гэх мэт.

Эдгээр зүйлс нь жижиг мэт боловч хөдөөний айл өрхийн амьдралд хэрэгтэй нүдээ олсон бэлэг байх болно.

Холбоотой сэдвүүд

аялал хөдөөний айл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.