Монгол эмэгтэйчүүдийн хавдрын өвчлөлийн 2 дахь гол шалтгаан, нас баралтын 4 дахь гол шалтгаан нь умайн хүзүүний хорт хавдар юм. Иймээс умайн хүзүүний эмгэг, оношилгоо эмчилгээний талаар “Интермед” эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн ахлах зэрэгтэй их эмч, анагаах ухааны дэд профессор Хорхе Эрнесте Амаран Валвердетэй ярилцлаа. Тэрбээр мэргэжлээрээ 20 гаруй жил ажиллаж байна.


-Умайн хүзүүний хорт хавдар үүсэх гол шалтгаан нь юу вэ?

-Умайн хүзүүний хорт хавдар үүсэхэд хүний хөхөнцөр вирус /HPV/ хамгийн их нөлөөлдөг. Энэхүү вирус нь. Хүний хөхөнцөр вирус /ХХВ/ нь бэлгийн замаар халдварладаг түгээмэл тохиолддог вирус бөгөөд умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч үндсэн хүчин зүйл юм буюу  хорт хавдартай эмэгтэйчүүдийн 99,9% нь хүний хөхөнцөр вирусын халдвар авсан байдаг. 

Хүний хөхөнцөр вирус /ХХВ/ нь умайн хүзүүний олон давхаргат хавтгай хучуур эдийн суурин давхаргад нэвтрэн, хэвийн эсүүдийг өөрчлөлтөд оруулснаар эсийн гаж хуваагдал явагдаж умайн хүзүүний хорт хавдар үүсгэнэ. Уг вирусийн халдвар авсан бол умайн хүзүүнээс авах эсийн шинжилгээ хөхөнцөр вирусийн шинжилгээгээр илрүүлж болох ба мөн умайн хүзүүн дурангаар харахад хавдрын ба хавдрын өмнөх үеийн хучуур эд, ургацаг эсвэл шарх бий болсон байж болно. Зарим тохиолдолд гадна бэлэг эрхтэн дээр үү, ургацаг гардаг. 

-Хүний биед ямар нэгэн зовуур өгдөггүй гэсэн үү?

-Хүний хөхөнцөр вирусийн халдвар авсан үед тухайн хүнд ямар нэгэн онцгой зовуур өгдөггүй. Тийм учраас хүмүүс хожуу эмнэлгийн байгууллагад хандах гээд байдаг талтай.  

Умайн хүзүүний хортой хавдрыг эрт үед нь илрүүлэх бүрэн боломжтой. Умайн хүзүүн эсийн шинжилгээ нь мазокийн шинжилгээ шиг хялбархан бөгөөд  оношилгооны өндөр үр дүнтэй. Хэрэв охид, эмэгтэйчүүд эрт оношлуулж чадвал шинжилгээндээ тохирсон эмчилгээ хийлгэснээр бүрэн эдгэрнэ. Эмчилгээ нь маш үр дүнд хүрэх боломжтойгоороо давуу талтай. Үү, ургацаг гарсан тохиолдолд түлэх арга, тосон түрхлэгийн, мэс заслын гээд гурван аргыг эмчилгээнд түлхүү хэрэглэдэг. 

-Хүндэрсэн тохиолдолд ямар эрсдэл үүсэх вэ?

-Хүндэрсэн тохиолдолд хэддүгээр үедээ байгаагаас шалтгаалан бүрэн эдгэрэх магадлал нь тодорхой хэмжээгээр буурна. Учир нь хөхөнцөр вирусын халдварыг авсан бол хүний биед 10-30 жил амьдардаг.  Тухайн хүний амьдралын хэв маяг, биеийн дархлааны онцлогоос хамаарч өвчлөл нь хүндрэх эсэх нь өөрчлөгддөг. Хэрэв дархлаа тогтолцоо сайтай бол хөхөнцөр вирусын халдвар авсан ч гэсэн хавдар болтлоо хүндрэхгүй байх боломжтой.                                

Зарим тохиолдолд үтрээнээс үл ялиг цус эсвэл ялгадас гарах, бэлгийн харилцааны дараа үтрээнээс үл ялиг цус гарах шинж тэмдэг бий. Иймээс эмэгтэйчүүд биед ямар нэгэн зовиур, шинж тэмдэг илрээгүй үед ч умайн хүзүүний эсийн шинжилгээ, хөхөнцөр вирусын шинжилгээ өгч, эмэгтэйчүүдийн үзлэгт хамрагдаж байх нь чухал. Мөн бэлгийн харилцаанд эрт орох, бэлгийн олон хавьтагчтай байх, жирэмснээс хамгаалах эм удаан хугацаагаар уух зэрэг нь өвчлөлийн явцыг хурдасгана.

-Умайн хүзүүний хавдартай бол хүүхэд төрүүлэх боломжтой юу?

-Хэрвээ урьдал шатанд эмчлүүлвэл үр хүүхэдтэй болж болно. Харин умайн хүзүүний өмөнгөөр өвчилсөн тохиолдолд асуудал хүндэрнэ. Бэлгийн ариун цэврийг сайн сахиж, үрэвсэлт өвчнөө сайн эмчлүүлж, биеийн эсэргүүцлээ сулруулахгүй байх хэрэгтэй.

-Таны үзлэгээр хэд орчим насны эмэгтэйчүүд илүү өвчилж байна вэ?

-Бэлгийн харьцаанд орсон бүх насны эмэгтэйчүүд вирусын шинжилгээнд хамрагдвал 90-ээс дээш хувь нь эерэг буюу вирус илэрнэ гэж үздэг. Умайн хүзүүний хавдрыг үүсгэгч вирусээр нас боловсрол үл хамааран өвчилдөг гэдгийг Монголд төдийгүй олон улсад төдийлөн сайн мэдэхгүй байна.  Үндсэндээ хөхөнцөр вирусын HPV нь бэлгийн замаар дамжиж халдварладаг гэдгийг мэддэггүй учраас яаж хамгаалах талаар ойлголтгүй нь анзаарагддаг.  Иймд наад зах нь бэлгийн харилцаанд 18 наснаас өмнө орохгүй байх, бэлгийн олон хавьтагчгүй байх, жирэмслэлтээс хамгаалах ерөндөг удаан тавиулахгүй байх зэрэг арга бий. Тиймээс 21-29 насны эмэгтэйчүүдийг 3 жил тутамд умайн хүзүүн эсийн шинжилгээ, 30-65 насныэмэгтэйчүүд умайн хүзүүн эсийн шинжилгээ болон хөхөнцөр вирус эрт илрүүлгийн шинжилгээг 3 жилийн давтамжтайгаар хамрагдахыг зөвлөдөг. 

-Бэлгийн замаар эмэгтэй хүнээс эрэгтэй хүнд халдах уу?

-Хүний хөхөнцөр вирус халдвар бэлгийн замаар халддаг учраас эмэгтэйчүүдээс гадна эрчүүдэд хүртэл хавдар үүсгэдэг гэдгийг хүмүүс сайн мэддэггүй. Тухайлбал, шодойн хавдар, анусын хавдар, залгиур хоолойн хавдрыг хүртэл үүсгэж байдаг. Эрчүүд энэ төрлийн вирусээр халдварласан бол эрт үед нь оношлоход арай хялбар байдаг.

-Урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юу вэ?

-Өмнө нь хэлсэнчлэн хүмүүс хөхөнцөр вирусын HPV нь бэлгийн замаар дамжиж халдварладаг гэдгийг мэддэггүй. Хэдийгээр эмчлэх арга нь сайжирсан ч хүмүүс хөхөнцөр вирусын талаар ойлголтгүй байгаа нь энэ өвчнийг ингэж даамжруулаад байгаа хэрэг. Тийм учраас эрүүл мэндийн боловсрол олгох нь маш чухал. Мөн ямар нэгэн зовуур байхгүй ч гэсэн эмэгтэйчүүд 21-65 насны бүх эмэгтэйчүүд заавал эмэгтэйчүүдийн үзлэгт орон эсийн шинжилгээ өгөхийг зөвлөж байна. Ингэснээр та умайн хүзүүний эмгэг, хорт хавдраас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.  

Эмэгтэй хүн болгон хөхөнцөр вирус умайн хүзүүний хорт хавдар үүсгэх 99,9 хувийн магадлалтай гэдгийг ойлгоосой, хамгаалаасай гэж хүсэж байна.