Коронавирусийн халдварын дэгдэлтийг хумих, урьдчилан сэргийлэх зорилгоор Сар шинийн өдрүүдэд нийслэлд хатуу хөл хорио тогтооно.

Тодруулбал, 2021 оны 02 дугаар сарын 11-ний 06:00 цагаас 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цаг хүртэлх 12 хоногт Улаанбаатар хотод Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинэ.

Дээрх хугацаанд тодорхой 14 салбарын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохгүй, халдвар хамгааллын дэглэмийн дагуу ажиллуулах саналыг өчигдөр УОК-оос гаргасан. 

Тэгвэл энэ талаар НОК-ын дарга өнөөдөр "Хөл хорионы хугацаанд ажиллах салбар чиглэлүүд ямар хуваариар ажиллах тухай УОК-ын шийдвэр гараагүй. Маргааш болох Засгийн газрын хуралдааны дараа эцэслэгдэнэ" гэв. 

Мөн түүнээс өмнө ямар нэгэн батлагдаагүй мэдээллийг нийгэмд өгөхгүй байхыг онцоллоо.


Хөл хорионы үед ажиллуулахаар санал болгосон 14 салбар:

1. Эрчим хүч, дулаан, усан хангамж, ариутгал, хог хаягдал, нийтийн аж ахуй, инженер хангамжийн байгууллага

2. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэх үйл ажиллагаа

3. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын үйл ажиллагаа /“Улаанбаатар төмөр зам” ХНН, “Чингис хаан”, ИНЕГ түүний харьяа алба салбар, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал, “МИАТ” ТӨХК, ”Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Уул уурхайн салбарын хангалт, Үндэсний дата төвийн нөөц төв, Дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар түүний ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/

4. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа

5. Хууль тогтоох дээд байгууллага, төрийн захиргааны байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, гааль, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын байгууллага, Сонгуулийн Ерөнхий хорооны үйл ажиллагаа  /ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/

6. Хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж халамжийн төрөлжсөн байгууллага, МУЗН

7. Хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, худалдаа

8. Мал, амьтны өвс, тэжээлийн тээвэрлэлт, түгээлт

9. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа

10. Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, тээвэрлэлт, түгээлт

11. Банкны цахим болон автомат тооцооны машин

12. Хэвлэл мэдээлэл /тооны хязгаартай/, харилцаа холбоо, шуудан, илгээмж

13. Зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага

14. Оршуулгын үйл ажиллагаа