Х.Оргил
06 сарын 18, 2018
Зураг 1. Телстар хиймэл дагуул болон бөмбөг
АНУ-ын сансрын агентлаг НАСА Телстар нэртэй жижигхэн, бөмбөрцөг хэлбэртэй холбооны хиймэл дагуулыг 1962 онд хөөргөжээ. Харин энэ нэр хожмоо хөлбөмбөгийн дэлхийн аваргын бөмбөгний нэр болон үлдсэн байна. Телстар нь дэлхийн анхны харилцаа холбооны болон арилжааны хиймэл дагуул болон мөнхөрчээ. Телевизийн сигнал, утасны дуудлага, факс зураг сансраас дамжуулж байв. Гурван футын урттай, бөмбөгний хэлбэртэй жижиг хиймэл дагуул, дэлхийн нийтэд сансрын уудмыг эзэмших, ашиглах шинэ эринийг эхлүүлсэн байна.
Хар цагаан нь нарны зай хураагуурууд боловч холоос яг бөмбөг мэт харагдах тул "Адидас" компани санаа авч 1970 оны Мексикийн ДАШТ-ний албан ёсны бөмбөгөө ийм загвараар хийжээ. 1974 оны Германы ДАШТ-д ч энэхүү бөмбөгөөр тоглосон байна.
Үүнээс өмнө бөмбөг ихэнхдээ хүрэн бор өнгөтэй учир ТВ-ээр дамжуулахад сайн харагддаггүй байжээ. Харин шинэ Телстар нь цагаан 6, хар 5 өнцөгттэй нийт 32 хэсгээс бүрдсэн алаг бөмбөг хийгдсэнээр илүү сайн харагддаг болсон байна. Анхны бөмбөг нь "Телстар Эласт" нэртэй байсан бол энэ жилийн ДАШТ-ийнх Телстар-18 нэртэй ажээ.
Анхны бөмбөгөө 1968 оны Европын аваргын тэмцээнд туршилтаар тоглуулж эхэлсэн бол энэ жил 50 жилийн ой нь тохиож байгаа тул дахин шинээр хийсэн нь энэ юм. Телстар хиймэл дагуулын үзэл санаа одоо ч энэ бөмбөгөнд оршсоор байгаа учир нь Телстар-18 нь өндөр хөгжсөн технологиор бүтээгдсэн бөгөөд дотор нь Near Field Communication chip гэсэн ухаалаг чип байгаа аж. Энэ чип бөмбөгөнд ойртсон ухаалаг гар утсанд мэдээлэл өгөх чадвартай. Харин одоохондоо нисэлтийн хурд, эргэлт, хүчийг хэмжих болоогүй ажээ. "Адида"с компани miCoach Smart Ball гэсэн төсөл дээр мөн ажиллаж байгаа бөгөөд туршилтын шатанд явж байгаа юм. Энэхүү ухаалаг бөмбөг нь цохилт хийсэн цэг, эргүүлэг, туулсан зам зэргийг хэмжих бөгөөд албан ёсны тэмцээнд огт хэрэглэгдээгүй аж.
Телстарын зохион бүтээгч хэлэхдээ тэд 12 ширхэг бичил камерыг суулгаж зураг авч үзсэн ч бөмбөгний хурд сарниж чанаргүй зургууд гарсан тул уг санаагаа орхисон хэмээсэн байна. Ямартаа ч Телстар бөмбөг тухайн үедээ шинэ сансрын эринийг зөгнөж бол одоо ч спортын ухаалаг технологийн хэрэглээ дараагийн шатанд аваачих эхлэл болсон байна.
Зураг 2. Шөнийн Абу Даби, Саудын Араб.
Мэдээг бэлтгэсэн: А.Мөнх-Эрдэнэ, ШУА-ийн ГГХ, ЗТСОЗ салбар
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.