Халуун орны хумхаа өвчнийг хүний арьсны үнэрээр оношлох аргыг Швейцарийн Цюрих хот Холбооны политехникийн сургуулийн /ETH Zurich/ судлаачид боловсруулжээ.
 
Энэ арга нь хөгжиж буй орнуудад хээрийн нөхцөлд хумхаа өвчинтэй тэмцэхэд ихээхэн тус дөхөм болох бөгөөд учир нь зардал багатай юм.
 
Судлаачид сургуулийн насны өвчтэй болон эрүүл 400 хүүхдийн арьсны үнэрийг шинжлээд, тэдний арьснаас ялгарч буй дэгдэмхий бодисуудыг цуглуулсан байна. Дараа нь, хийн спектрометр болон хроматографын тусламжтайгаар эрүүл ба өвчтэй хүүхдүүдийн биед буй эдгээр бодисуудын онцлог ялгааг тодорхойлжээ.
 
Ийм байдлаар хумхаа өвчнийг таних биомаркеруудыг тодорхойлсон байна. Өвчний эхний шатанд ДНХ-ээр өвчнийг үүсгэгч бичил организмыг илрүүлэх аргыг өмнө нь нээгээд байсан боловч уг арга нь харьцангуй өртөг өндөртэй, онош тавихын тулд заавал лабораторид шинжилгээ хийх шаардлагатай байжээ. Ийм учраас уг аргыг өмнөд хагас бөмбөрцгийн улс орнуудад хэрэглэхэд хүндрэл учирч байсан аж.
 
“Дэгдэмхий биомаркеруудыг илрүүлсэн нь судалгаанд эхний чухал алхам боллоо” хэмээн судалгааг удирдан санаачлагч профессор Марк Месчер ярьж байна. Цаашдаа шавьжаар дамжин халдварладаг бусад өвчнийг оношлоход ийм төрлийн аргыг боловсруулах боломжтой хэмээн эрдэмтэд найдаж байгаа аж.
 
ДЭМБ-ын мэдээллээр, 2016 онд дэлхийн 91 улсад хумхаа өвчнөөр өвчилсөн 216 сая тохиолдол бүртгэгдсэн ба уг өвчний улмаас 445 мянга орчим хүн амиа алджээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг